“Эрнст энд Янг” компани нь дэлхийн хөрөнгийн биржүүдийн улирал тутмын судалгааг гаргадаг бөгөөд энэ оны хоёрдугаар улирлын тайланг танилцуулж байна. Хоёрдугаар улиралд олон улсын хөрөнгийн биржүүд дээр нийт 41,8 тэрбум ам.долларын хөрөнгө босгож, энэ үзүүлэлт нь өнгөрсөн улиралтай харьцуулбал гурав дахин нэмэгджээ. Нийт хөрөнгө босголтын 60 хувь нь АНУ болон Латин Америкийн орнуудад ноогдож байгаа аж. Азийн орнууд дахь хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн улиралтай харьцуулбал 87 хувиар огцом өссөн байна.
Харин евро бүсийн орнуудын өрийн хямралын улмаас хөрөнгө оруулалт багасч өнгөрсөн улирлаас 68 хувиар буурчээ. Хоёрдугаар улиралд дэлхийн хэмжээнд нийт 206 IPO гаргаснаас 41,8 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон байна. Энэхүү нийт хөрөнгийн 38 хувь буюу 16 тэрбум ам.долларыг “Facebook Inc” компанийн IPO босгосон аж. Нийт хөрөнгө босголтын 42 хувь хийгдсэн NASDAQ бирж дээр 12 IPO гаргаснаас 17,5 тэрбум ам.долларыг босгосон байна. Мөн Нью Йоркийн бирж дээр 15 IPO гаргаснаас 4,6 тэрбум ам.доллар, Малайзын хөрөнгийн бирж дээр дөрвөн IPO гаргаснаас 3,4 тэрбум ам.долларыг тус тус босгожээ. Олон улсын хөрөнгийн биржүүд дээр IPO гаргаж буй компаниудаас өндөр технологийн салбарынхан тэргүүлсэн хэвээр байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )