Оюутолгойн алт уурхайн гүнээс аврагын энгэрт гялалзана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

2012 оны Лондоны олимп, паралимпийн медалийг урлах албан ёсны нийлүүлэгчээр “Рио Тинто” компани ажилласан талаар өчигдөр мэдээллээ. Олимп, паралимпийн медальд Кеннекотын Юта Копперын уурхайгаас найман тонн алт, мөнгө, зэс болон “Оюу Толгой” төслийн эрдэнэсийн дээжээс нийлүүлсэн байна. Тус компани нийт 4700 ширхэг алт, мөнгө, хүрэл медалийг Лондоны олимп зохион байгуулах  хороонд энэ сарын 2-нд гардуулан өгчээ. Монгол Улсын эрдэс баялгийн дээжсээс орсон Олимпийн түүхэн дэх хамгийн хүнд жинтэйд тооцогдох тус медаль нь тус бүр 375-400 грамм жинтэй, долоон мм-ийн голчтой юм байна. Эдгээр медалиуд нь 600 гаруй жилийн туршид Британийн хатан хааны гэр бүлийн үнэт эрдэнэсийг хадгалж ирсэн Лондон цамхагт нэгэн шинэ эрдэнэс болон хадгалагдаад байна. Мөн “Рио Тинто” компани нь “Рио Тинто”-гийн баатарууд төслийн хүрээнд 40 орны 77 мянган ажилчдынхаа дунд нээлттэй өрсөлдөөн явуулж, Рио Тинтогийн үнэт зүйлсийг чанд сахин ажилласан нийт 80 ажилчныг Лондоны олимпийг үзэх эрхээр шагнаж урамшуулсан байна. Энэ дунд Монголын “Оюу Толгой” төслийн багаас Баяжуулах үйлдвэрлэлийн хэлтсийн баяжуулалтын ахлах мэргэжилтэн М.Ганболд, Байгаль орчны хэлтсийн ажилтан О.Цээсүрэн, Геологийн хэлтсийн ажилтан Т.Отгонбаяр гэсэн ажилчид шагнагдсан нь бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт гэж албаны хүмүүс үзэж байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top