Ш.Сайхансамбуу гишүүн С.Баярт 300 саяын авлига өгсөн гэв үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19


Сүүлийн үед чөтгөрийг моодонд оруулж, чоныг махнаас татгалзсан мэтээр цуурдаг хүмүүс олширч байна. Цаг цөвүүн болсны шинж юм болов уу даа. Ш.Сайхансамбуу гишүүн уг нь авлигын сэдвээр хамаагүй ам халж бурж боломгүй хүмүүсийн нэг юмсан. Түүнийг “Нарантуул” худалдааны төвийг анх хотын захиргааныхантай яаж хуйвалдаж, ямар хуурамч баримт бүрдүүлээд, хэнд хэдэн төгрөгийн хахууль өгч, Японы хөрөнгө оруулалттай замын тендерээс багагүй мөнгө тоншин байж хөлжсөнийг мэдэх хүн одоо амьд сэрүүн байгаа гэнэ лээ. МАН-д олон удаа хандив нэртэй авлигын мөнгө цацсан гэгддэг энэ эр өнөөдөр гэв гэнэт төрөл арилжиж шударга царайлан “УИХ-ын танхимд авлига өгч байсан хүнтэйгээ зэрэгцээд сууж байгаадаа их ичдэг болсон” гэж хэнэг ч үгүй яриад явж байх юм. Хэрвээ тэр жил МАН-ын удирдлагад, ялангуяа Ерөнхий нарийн бичгийн дарга асан С.Баярт нэлээд их хэмжээний мөнгө атгуулаагүй бол Завхан аймагт намаасаа нэр дэвшин өрсөлдөх боломжгүй байсан гэдэг. Харин одоо мань эрийн дахин өрсөлдөх шаансыг МАН-ын тодорхой албан тушаалтнууд хазаарлаж эхэлсэнтэй холбоотойгоор зүгээр л “Хахуулийн хэргээр” намаа рекетлэж байна гэх яриа улс төрчдийн дунд ил болж байна. Тэр өнгөрсөн сонгуульд хахуулиар, харин энэ сонгуульд рекетээр гарах уу. Зарим эх сурвалжууд 2008 онд нэр дэвшихийн тулд түүнийг С.Баярт 300 сая төгрөг өгсөн гэх яриа одоо ч амь бөхтэй явсаар л байна. Тэр мөнгө намын дансанд орсон уу, өөр тийшээ гүйгдсэн үү гэдэг нь лав МАН-ын дарга нарт тодорхойгүй байгаа гэх. Ирэх сонгуульд өрсөлдөх гэхээр дахиад намынхаа удирдлагад юм атгуулахаас зайлсхийхдээ “Авлигын эздийг би мэддэг” хэмээн яриад яваа хэрэг үүү. Түүний ийм “зоримог” мэдээлэлд зарим хүмүүс гайхаж, бас эргэлзэж байна. Хүн хэт баяжихаараа хоттой хониноосоо алж идэх хонь хайгаад олохоо больчихдог гэсэн. Бас ихээхэн харамч, бэрдийн нүдээр бусдын халаас руу ширтэхээс өөр хийх юмгүй болдог бололтой. Зарим нь  сүүлдээ хэнд хэдэн төгрөг өгснөө ч санахаа больдог. Эдгээр нийтлэг шинжийн аль аль нь түүнд шүглээд байгаа бололтой. Түүнээс биш жинхэнэ шударга улс төрч бол өөрөөс нь авлига авсан, авахыг хүссэн, завдсан хэнийг ч ялгалгүй цөмийг нь улаан нүүрэн дээр нь олны өмнө улалзтал хэлж орхихсон. Тэгж чадахгүй байгааг харахад үнэндээ Ш.Сайхансамбуу гэдэг энэ эрхэм дэндүү жул амьтан юм гэх дүгнэлтэнд өөрийн эрхгүй хүргэж байна. С.Баяр болон түүний нөхдөд дээрхээс гадна нижгээд юм атгуулсан гэх мэдээлэл ч бий. “Нарантуул” захын наймаачид нь хөхөө өвлийн хүйтэнд гадаа задгай талбайд наймаагаа хийсээр цөмөөрөө бөөр, нуруу, давсаг, үе мөчний өвчтэй болоод байгаа. Хүн чанар гэдэг нандин зүйлээс өчүүхэн хэлтэрхий түүнд үлдсэн бол авлигад өгдөг мөнгөө тэдний эрүүл мэндэд зориулан, ядаж дулаан байранд худалдаа хийх боломжийг нь хангаад өгвөл яасан юм бэ гэх хүн захаасаа л тааралдана. Ямар ч бизнес өнөөдөр хүний сайн сайхан руу чиглэж, хөлс шавхах дээр үеийн харгис систем үндсэндээ үгүй болоод байна. Гэтэл саяхан мань эр бас дахиад  “халуурч” байна аа. Нэгэн сонинд “С.Баярцогт, Л.Гансүх нарыг авлигач гээд л байгаа шүү дээ” гэсэн утгатай ярилцлага өгчээ. Бие биенээ илчилж буй нь сайн хэрэг. Гэхдээ Ш.Сайхансамбуу үнэнээ хэлэхэд хэцүү, тун боломжгүй байгаа бол нөгөө маршал Х.Чойбалсангийн “Өөрийгөө илчлэх” тушаал гэдэг шиг УИХ-аас түүнд зориулан авлигыг өөрөөсөө эхлэн илчлэх тогтоол гаргасан ч яадаг юм. Юу нь болохгүй байхав. Авлигад хамгийн их өртөөд байгаа газрын нэг нь УИХ болоод байна шүү дээ. АТГ-аас гаргасан сүүлийн судалгаагаар тэргүүн эгнээд нь УИХ бичигдсэн байсан. Тиймээс Ш.Сайхансамбуу мэтийн хүмүүс сүрхий эх оронч болох гээд байгаа бол үнэнийг хэлж сурах хэрэгтэй. Эс тэгвээс авлигын чөтгөрүүд хэвээр үлдэнэ. Хэрээг яаж ч будаад нэмэргүй хар хэвээрээ хоцордог биз дээ. Тэрбээр дүү Ш.Батсамбуугийнхаа хамтаар Төв аймгийн Баян сумын нутаг буюу Мааньтын хорих ангийн эдэлбэр газрыг оролцуулан нүүрсний орд ашиглах лиценз авсан байна. Мааньтын хорих ангийн газар бол Засгийн газрын 2000 оны 113 дугаар тогтоолоор олгогдсон тусгай хэрэгцээний газар юм. Хэрвээ ийм газрыг лицензээр ашиглах хэрэгцээтэй бол Засгийн газраас тэрхүү Мааньтын хорих ангийн тусгай хэрэгцээг цуцлах ёстой. Гэвч Засгийн газар одоо болтол цуцлаагүй байна. Тэгэхээр Ш.Сайхансамбуутангуудын авсан лиценз Засгийн газрын тогтоолын эсрэг болжээ. Нөгөө талаар тэрхүү лицензээ авахдаа нэг ч төгрөг төлөөгүй гэсэн мэдээлэл бас байгаа. Үүнийг авлига гэх үү, аль эсвэл байдаг л зүйл гээд зүгээр орхих уу? Лав чоно махнаас гараагүй, авлигын чөтгөрүүд соёлт хүмүүн дүрд хувираагүй л юм байна.   
  Б.Отгонбаяр.    Zindaa.mn                                                                          
                                                                         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top