Дэлхийн хоёр дахь томоохон уул уурхайн компани болох “Рио Тинто”-гийн энэ оны эхний хагас жилийн орлого 22 хувиар буурчээ. Ийнхүү орлого буурсныг тус компанийнхан түүхий эдийн үнэ сул байгаатай холбон тайлбарлаж байгаа аж. Он гарсаар ихэнх түүхий эдийн үнэ унажээ. Харин алт, эрчим хүчний нүүрсний үнэ өөдрөг хэвээр байна. Тус компани нь энэ оны эхний хагаст 5.9 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 1.7 тэрбум ам.доллараар бага үзүүлэлт юм. Энэ талаар “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Том Албанез “Үүгээр дэлхийн зах зээл хэврэг хэвээр байгаа гэсэн дохиог бидэнд өглөө. Гэхдээ бүх зүйл тийм ч муу биш байна. Европ, АНУ-ын эрэлт сул байгаа ч манай группын захиалга ирж байгаа. Оны сүүлч гэхэд Хятадын эдийн засаг ч эргэн сэргэж, эрэлт илүү ихээр нэмэгдэх төлөвтэй байна” гэсэн юм.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )