“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын “Гэр бүлийн нам” дахин амьсгалж эхлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Улс төрийн нам байгуулах нь уурхай нээхээс хамаагүй хялбар бөгөөд илүү ашигтай ажил гэдгийг “ухаантай”  хүмүүс хэдийнээ ойлгож, энэ том “бизнес” рүү хошуурах болсон билээ. 2012 оны сонгууль хаяанд ирж буй энэ үед аль хэдийнээ мартагдах шахсан намууд ч толгой өндийлгөж эхлэв. “Эрэл” компаний нэрээр нь хүмүүс сайн мэддэг болсон Б.Эрдэнэбат “Эх орон МАШСН”-аа 2000 оны сонгуулийн өмнөхөн байгуулж 2004 оны сонгуулиар АН, ИЗН-тай нэг блок болж өрсөлдөөд сайдын суудалд хүрч чадсан сүүхээтэй эр. Гэхдээ улс төрийн хатуу тоглоомд тэр хүүхэлдээн рольд тоглож тухайн үед нөгөө өвөр түрийдээ ороод байсан Ц.Элбэгдоржийн Засгийн Газрыг унагах “өргөдөл”-д гарын үсэг зуралцаж, УИХ дээр хамгийн түрүүнд эсрэг кноп дарж далд захиалагчийнхаа үүргийг “нэр төртэй” биелүүлсэнийг хүмүүс одоо бараг мартаад байгаа байх. Б.Эрдэнэбатын тарьсан гай зөвхөн улс төрд  төдийгүй уул уурхай болон бизнесийн бусад салбарт цөөнгүй бий. Өвөрхангайн Уянга сумын нутагт хэдэн жил алт ухаж байгаль сүйтгэсэн хэрэг нь өнөөдөр ч бүрэн шийдэгдээгүй байна. Батлан хамгаалахын сайд байхдаа шальтай ажил амжуулаагүй хэрнээ хөдөөгийн малчдад нарны зайн гэрэл түгээх төслийн мөнгийг нэгэн найздаа атгуулаад сурагггүй болгосон, “Эрэл”-ийн төсөвт төлөх татвараас бултсан гээд чамгүй их факт баримт яригдаж байлаа. Гэхдээ энэ бүхэн ч бас яахав. Харин улс төрийн намаа гэр бүл, найз нөхдийн хүрээллийн нам болгож, “Эрэл” компанид нь ажиллахаар очсон хүмүүсийг албан хүчээр намдаа элсүүлж байсан нь дэлхийн улс төрийн намуудын түүхэнд гараагүй үзэгдэл гэдэгтэй маргах хүн одоо байхгүй. Үүнээс болоод түүний олон сайхан журмын нөхөд “Эрдэнэбат, нам хоёр минь баяртай” гээд хаяж одсон гэдэг. Иймээс “Эх орон МАШСН” ирэх сонгуульд дангаараа үзэлцээд амжилт олохгүй нь тодорхой. Харин МАН, эсвэл МАХН-ын бөөрөнд наалдан УИХ-д ганц суудал авбал тэнгэрийн умдаг атгасантай адил болно хэмээн үнэлэх ажиглагч, судлаачид олон байна. 

О.Баяр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ош(103.10.23.123) 2017 оны 09 сарын 17

энэ хулгайч л биш шүү

0  |  0
Top