Хар төмөрлөгийн үйлдвэр барина

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Дархан, Сэлэнгийн бүс нутагт Металлургийн цогцолбор буюу хар төмөрлөгийн үйлдвэр барихаар болжээ. Уг үйлдвэрийг Эрдэс баялаг, Эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Сангийн яам, Уул уурхайн дэд бүтийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Германы IBO компани зэрэг гадаад, дотоодын яам, агентлаг компаниуд хамтран байгуулахаар болсон гэнэ.

Металлургийн цогцолборыг Дэлхийн банкны санхүүжилтээр барих ба жилдээ 0.5-1 сая тонн ган гаргаж авах хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Цаашдаа улс орны хэрэгцээ өсөхийн хэрээр хүчин чадлаа нэмэгдүүлж, дотодын зах зээлээ хангаад зогсохгүй гадаадад гаргах боломжтой аж. Урьдчилсан тооцоогоор Металлургийн цогцолбор, түүнд шаардлагатай кокс-химийн үйлдвэрийг байгуулахын тулд 500-800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Цогцолборыг байгуулж, боловсруулсан төмөр гаргаж авахын тулд төмрийн хүдэр, коксжих нүүрсний нөөцийг ашиглана. Ингэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Тавантолгой, Нарийн сухайт, Төмертэйн ордыг ч ашиглахаар болжээ. Бүс нутгаар нь үзвэл түүхий эдийн нөөцийн 24 хувийг баруун, 29 хувийг зүүн, 54 хувийг тевийн аймгуудын нүүрсний орд, нөөцөд түшиглэх юм байна.

Энэхүү цогцолборыг Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөр болон 2009 оны Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийн тухай 229 дүгээр тогтоол, Засгийн газраас эхний ээлжинд үйлдвэржүүлэх хөтөлбөрийн тухай 229 дүгээр тогтоол, Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалтыг батлах тухай 320 дугаар тогтоолын хүрээнд байгуулах аж. Өнөөдрийн байдлаар төсөл судалгааны ажил хийгдэж буй бөгөөд жилээс жил хагасын дараа үйлдвэрээ босгох бололтой.

Монгол Улсын төмрийг гадаадад экспортлоод эргүүлээд сайн чанарын бэлэн бүтээгдэхүүн авдаг бол металлургийн цогцолборыг байгуулснаар энэ урсгалыг Монголдоо бий болгох том ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хүдрээс ган гарган авах технологи нэвтрүүлж, ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, эдийн засгийн өсөлтийг хангах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top