Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа энэ үед байгалийн нөөцийг зүй зохистойгоор ашиглах шаардлага гарч ирж байна. Иймд уул уурхайн үйлдвэрлэл болон орон нутгийн иргэдийн усны хэрэгцээг хангахын тулд Орхон голоос газар доогуур 600 гаруй км-ын хоолойгоор ус татан говийн буюу уул уурхай эрчимтэй хөгжиж буй бүс нутагт хүргэх усан байгууламж барихаар зэхэж байгаа талаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийнхөн мэдээлэв. “Орхон-Говь” төсөл болох уг байгууламжид эхний ээлжийн судалгаагаар 840 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Уг усан байгууламжийг Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль, орчин, аялал жуучлалын яам, Усны газар, Усны үндэсний хороо, Ашигт малтмалын газар, Уул уурхайн мэргэшсэн инженерүүдийн ТББ хамтран байгуулах ажээ. Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт Орхон гол дээр усан цогцолбор байгуулж, улмаар Булган, Төв, Архангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ус татах ажлыг хийхээр ажлын хэсэг томилогджээ. Одоогийн байдлаар ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас гаргасан байгаа бөгөөд нэмэлт судалгааг хийх юм. Уул уурхайн компаниуд энэ хэвээрээ 10 жил ажиллавал говийн бүс усны нөөц үгүй болно гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ.
Энэхүү усан байгууламжийн ажлыг эхлүүлэх гол хөшүүрэг нь техник эдийн засаг техник эдийн засгийн үндэслэл юм байна. Үүнийг 2013 он гэхэд эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад 4-5 жилийн дараа усан цахилгаан станц бэлэн болно гэж тооцоолж байгаа аж.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )