“Харанга Ресорсез” төмөр зам тавина

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресорсез” компани (ASX:HAR) жилдээ 5 сая тонн ачаа тээвэрлэх даацтай төмөр зам тавих санамж бичиг байгуулснаа мэдээллээ. Сэлэнгэ төмрийн хүдрийн төслийн ордыг төв сүлжээтэй холбох төмөр зам байгуулах уг санамж бичгийг тус компани Зам тээврийн яам болон Төмөр замын газартай хийсэн. Уг санамж бичигт заасны дагуу 5 сая тонн ачаа тээвэрлэх чадамжтай төмөр замын бүтээн байгуулалтын 2 сая тоннд нь харгалзах ажлын зардлыг салбарын яам болон Төмөр зам газар хамтран гаргахаар тохиролцжээ. “Харанга Ресорсез” төмөр зам тавих төлөвлөгөөгөө тодорхой мэдээлээгүй ч төмөр замыг 2015 онд ашиглалтад оруулах урьдчилсан төлөвлөгөө гарчээ.

Сэлэнгэ аймагт орших Сэлэнгэ төсөл нь 304 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Ерөө гол ордын дэргэд орших бөгөөд тус компани 160-320 гаруй сая тонн төмрийн хүдэр хайгуулаар илрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар “Харанга Ресорсез” 32.8 сая тонн, 24.4 хувийн агуулгатай төмрийн хүдэр илрүүлээд байгаа аж. Тус компани ирэх арванхоёрдугаар сар хүртэл хайгуулын ажлаа эрчимтэй үргэлжлүүлэх юм байна.

Одоогийн байдлаар төмрийн хүдрийн үнэ Хятадын зах зээлд нэлээд буурч, 100-110/ам.доллар/ тонн болоод байгаа ч “Харанга Ресорсез” компани төмрийн хүдрийн үлэмж хэрэглээ бүхий Хятадын зах зээлд огтхон ч эргэлзэхгүй байгаа бололтой.

Тус компани Сэлэнгэ төдийгүй Шавдал, Хөндлөн, Төмөртэй худаг, Сүмбэр зэрэг төмрийн хүдрийн хэд хэдэн төслийг хэрэгжүүлж буй юм. 

Статистикийн газрын мэдээлж буйгаар энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол улсын хэмжээнд нийтдээ 3.65 сая тонн төмрийн хүдэр экспортлоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар өндөр үзүүлэлт ажээ. Түүнчлэн энэ оны байдлаар Монголын экспортын төмрийн хүдрийн дундаж үнэлгээ 80 ам.доллар/тонн/ гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top