Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!
Эрхэм хүндэт төлөөлөгчдөө!
“Дисковери Монголиа-12” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын 10 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зочид, төлөөлөгч, зохион байгуулагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын 10 дахь удаагийн чуулга уулзалт “Дисковери Монголиа-2012” нь Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Мөн УИХ-ын сонгуулийн үр дүнд Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан ба Засгийн газрын бүтцийг шинэчлэн батлахдаа уул уурхайн салбарыг Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын хэмжээнд авч үзэн бие даасан Уул уурхайн яам байгуулан ажлаа эхэлж байгаа үед энэхүү чуулга уулзалт болж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал ихээр төвлөрч Монгол улсад хайгуул хийж томоохон орд олж илрүүлэх, хөрөнгө оруулалт хийж уурхайг ашиглалтад оруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэр байгуулах, ордууд орчмын дэд бүтцийг бүрдүүлэхэд оролцох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол улам бүр нэмэгдсээр байна.
Манай улсын уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 69,9 %, экспортын 89,2 %-ийг эзэлж байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 81.8 тэрбум төгрөг буюу 8.7 хувиар өссөн дүнтэй байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарын алт, нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, газрын тос зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-63.8 хувь өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өнөөгийн байдлаар энэ салбарын 400 гаруй уурхайд 50 000 хүн ажиллаж байна. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй орнуудад учирч буй гол саад бэрхшээлүүд ижил төстэй байна. Эдгээр асуудлуудыг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачлага, ОҮИТБС-ын боломжит шийдлүүлдийг хэрэглэн шийдвэрлэх болно. ОҮИТБС бол ил тод байдлын дэлхийн стандарт мөн. Эдгээр санаачлагуудын механизмуудыг ашиглан энэ салбарын харилцаанд оролцогчид, тодруулбал хууль тогтоогч, Засгийн газар, яам, агентлаг, орон нутгийн засаг захиргаа, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн байгууллага, нутгийн иргэд, энэ салбарт ажиллагсад нүүр тулан уулзаж үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголцолд хүрэхийн тулд, тийм механизмыг бүрдүүлэн ажиллах шаардлага байгаа гэж үзэж байна. Түүнээс эдгээр оролцогчид хоорондоо зайнаас болон медиагаар дамжуулж харьцах нь тийм ч зохимжтой бус байж магадгүй байна.
Хариуцлагатай уул уурхайг үйл ажиллагааны ил, тод байдлыг хангах, хуулийг дээдлэх гэж ойлгож байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхдээ хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай байх зарчмуудыг баримталж ажиллах нь зүйтэй юм.
Монголчууд бид олон зуун жил амь биеэрээ эх орон, газар нутаг, газрын хэвлийн баялагаа хамгаалж ирсэн ахмад үе, өвөг дээдсээрээ бахархаж тэдэндээ байнга талархаж явдаг. Тиймээс та бүхэндээ байгалийн баялагийн орлогоос өнөөгийн Монголын ард түмэн, түүнчлэн хойч үе маань арай илүү хүртэх ёстой гэж бодож явдагаа илэрхийлэхэд таатай байна.
Мөн уул уурхайн үйлдвэрүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг ашиглалтад оруулахыг зорьж ажиллах болно.
Түүнчлэн уул уурхайн боломжит түүхий эдийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой өсөлтийг хангах үйл ажиллагааг Уул уурхайн яам тал бүрээр дэмжиж ажиллах болно.
Монголчууд, Засгийн газар, яам, яамны харъяа байгууллага та бүхэнд ямагт нээлттэй байж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.
Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )