“Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн ажилчид ажил хаяна гэж мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Өнөөдөр Монголын Тээвэрчдийн холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ”Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлах тухай мэдээлэл хийлээ. Тэд “Петрочайна дачин Тамсаг Монгол” ХХК нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай МУ-ын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлолт хийдэг. Одоогийн байдлаар 300 гаруй ажиллагсадтай. Сүүлийн 5 жилийн хугацаанд үндсэн цалин хөлсийг нэмэгдүүлээгүй. Гэтэл дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 2-3 дахин өссөн. Улсын хэмжээний цалин хөлс мөн 2-3 дахин өссөн. Уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлс 1000 доллараас дээш болсон. Салбарын ҮЭХолбоо, тус компанийн ҮЭ-ийн хорооноос нийт ажилчидтай хуралдаж цалин хөлс нэмэгдүүлэх талаар 4 сарын өмнө шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Иймд МУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу хамтын маргаан үүсгэж тус компанийн нийт ажилчдын цалин хөлсийг 50 хувиас дээш хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага тавьж ажил хаялт хийхээ мэдэгдэж байна” хэмээн дурьдсан юм. Мөн ажилчидын ээлжийн амралт, орон байр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар өмнө тавьсан шаардлагуудыг биелүүлэхийг шаардаж байна. Хэрэв ажил хаялт хийсэн тохиолдолд манай улсын хилээр нэг ч литр газрын тос гаргахгүй бөгөөд үүнээс шалтгаалсан хохирлыг тус компани бүрэн хариуцах ёстой гэлээ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top