Оюу толгой хэдхэн хоногийн дараа баяжмалаа гаргаж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Монголд шинэ Засгийн газар бүрэлдэн тогтоод удаагүй байна. Энэ цаг үед  Оюу толгой шинэ эрх баригчидтай хэрхэн хамтран ажиллах бол гэсэн асуулт хариултгүй байгаа. Мөн Засгийн газар, Оюу толгойд эзэмших хувиа нэмэгдүүлнэ гэсэн яриа ч гарсан.  Харин эдгээр асуудлын талаар “Оюу толгой" компанийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Камерон Макрейгээс тодруулахад  “ Бид өмнө нь энэ төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн шигээ цаашид ч амжилттай үргэжлүүлнэ гэж найдаж байна. Асуудал хаашаа эргэхийг хэлэхэд эрт байна. Засгийн газар дөнгөж л байгуулагдлаа шүү дээ. Оюу толгойн хувь эзэмших гэрээний тухайд Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшиж буй. Одоогоор Засгийн газраас эзэмшиж буй хувиа нэмэгдүүлнэ гэсэн албан ёсны мэдэгдэл гараагүй. Ер нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд маш ашигтайгаар хийгдсэн.  Энэ гэрээний үндсэн  дээр төслийг цаашид явуулах тогтвортой байдал бий болсон. Энэ тогтвортой байдлын үр дүнд бид өнөөдрийн амжилтад хүрч, төслийнхөө эхний шатыг дуусгахад ойрхон ирээд байна” гэсэн юм.  Мөн Оюу толгой төсөл барилгын ажлаа дуусгах хугацаанаасаа дөрвөн сарын өмнө явж байгаа аж. Тиймээс 2013 оны эхний хагас жил гэхэд дэлхийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнээ гаргаж эхлэнэ гэж төлөвлөжээ. Өнгөрсөн долдугаар сарын 26-нд анхны хүдрээ гаргасан бөгөөд төслийн талбай дээр анхны бутлагчаа ажиллуулж байгаа гэнэ. Харин баяжмалаа хэдхэн долоо хоногийн дараа гаргаж эхлэх юм байна.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top