Газрын тосонд шунасан Хятадуудын балгаар дорнодын тал нутаг талхлагдаж, мал амьтан дайжиж, малчид нутаг заагдан хөөгддөг болоод олон жилийн нүүрийг ардаа орхижээ. Өмнөд хөршийнхний бусармаг явдлыг эсэргүүцэж төрөлх нутгаа хамгаалах зорилго бүхий, олон төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд гарсан боловч тэдний хэлсэн үг, хийсэн бүтээснийг нь төр засгийн түшээд сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрдөг хачин тогтолцоо Монголд бүрэлдээд удлаа. Тогтвортой байдлын гэрээ болон бүтээгдэхүүн хуваах гэрээгээ зөрчиж хууль бусаар ямар ч татваргүйгээр хэдэн мянган тонн түүхий нефть урагшаа зөөж асар их ашиг олсон Петро Чайна Дачин компанийн хэргийг Монголын шүүх хэрэгсэхгүй болгож, өмгөөлж хамгаалан толгойг нь илж өнгөрөөсөнд олон түмний дургүйцэл намжаагүй байна.
Даварсаар даварсаар давгийн оронд гэгчийн үлгэрээр толгойгоо илүүлж дураараа тонгочсон Петро Чайна Дачин компанийнхан газрын доорх баялгийг минь бүү хэл дээрх баялагтай нь хуу хамж эхэлсэн нь харуусмаар. Учир нь энэ компанийн дэргэд нөөц хангамжийн алба гэгч байгуулагдаж Монголын үнэт эдлэл, уран зураг гэхчлэн эртний эдлэлүүдийг худалдан авч их хэмжээгээр нөөцөлдөг бололтой. Энэ компанийн менежерүүд Дорнод аймгийн Чойбалсан хотоор тэнэцгээн хөгшид хөвөөд, хүүхэд залуучуудаас уран зураг, гуулин данх, домбо, гаанс, хөөрөг, эмээлийн мөнгөн хазаар, алтны орц ихтэй бөгж, ээмэг, лам нарын цан, бүрээ зэрэг үнэт эдлэлүүдийг үнэ цохин худалдан авч нөөцөлж байгааг тэндхийн оршин суугчид ярьж байна. Учир мэдэх зарим хүмүүс тэдгээр хятадуудын гар хөл болсон хүмүүсээс учрыг асуувал “Бид Монголд нийгмийн хариуцлагаа ухамсарлан томоохон хэмжээний музей байгуулах гэж байгаа” хэмээн эвтэйхэн аргалаад өнгөрдөг гэнэ.
Эртний үнэт эдлэлүүдийг ачааны машинаар зөөвөрлөн Петро Чайна Дачин компанийн нефть олборлох талбайд аваачиж тусгай агуулахад хийн хадгалдаг бөгөөд хамгаалагч нар нь ялаа ч ойртуулахгүй өдөр шөнөгүй сахидаг болсоор уджээ. Тэр бүү хэл Монголын нэртэй зураачдаар байгалийн болон аж амьдралын тухай зураг зуруулан шан хөлсийг нь хайр гамгүй өгдөг болж үүнд ч амташсан манай зураачид хятадуудын захиалгаар, тэдний эрх ашгийн төлөө будаг бийрээ нийлүүлдэг ажилд улайрч байна. Энэ компани хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “эртний эдлэлүүд худалдан авна” гэх зар явуулдаггүй ч далдуур маш нарийн арга сүвэгчлэн эртний эдлэлийн ченжүүдийг элсүүлэн энэ ажлаа амжуулж байгаа бөгөөд олон түмэнд огт мэдэгдэхгүй өдийг хүрсэн нь ямар нэгэн сэжиглэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Ингэж эх орны хамаг баялгийг хятадууд өдөр шөнөгүй, ил далд хумслан зөөж байгаад уурсаж боссон Монголчуудыг тэдний зоос нүхэндээ багтааж байгаа нь даанч харамсалтай.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )