Жилд 210 мянган тн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг “ДЦС-2” ХК-ийг түшиглэн барьж буй. Уг үйлдвэрийн гүйцэтгэгчээр “Аморе интернэшнл” компани 2010 онд салбарын яамнаас зарласан тендерт шалгаран ажиллаж байгаа юм. Харин дээрх үйлдвэрийг барих үйл ажиллагаатай Эрчим хүчний сайд М.Сономпил танилцлаа. Уг нь 18 тэрбум бүхий өртөгтэй шахмал түлш үйлдвэрлэх цогцолбор байгуулах ажлын хүрээнд тус станцын хоёр зуухыг кокс, уур хосолсон байдлаар ажиллуулах, хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэхээр техник, технологийн хувьд төлөвлөөд байсан. Гэвч газар дээрээ энэ ажил удаашралтай байгаа төдийгүй гэрээнд заасан хугацаандаа шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангаж амжихгүйд хүрээд байгаа аж. Үүний шалтгааныг гүйцэтгэгч компанийн захирал Н.Баатарсүрэн тайлбарлахдаа ” түлшийг барьцалдуулах шингэн шилний үйлдвэр байгуулахад нэлээд хугацаа, хөрөнгө орсон. Мөн шинэ технологийг хэрэгжүүлэхэд нүүрсний чийглэг болон хэмжээ тохирохгүй байгаагаас гадна үйлдвэрт туршилт тохируулгын ажил хийж байгаа” гэсэн юм. Харин Эрчим хүчний сайд М.Сономпил, өндөр хүчин чадалтай үйлдвэр гэрээний дагуу хэрэглэгчдэд шахмал түлш нийлүүлж байх ёстой атал туршилтын цех байгаа мэтээр хариуцлагагүй ажиллаж байна гээд үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очихдоо эдийн засгийн хувьд хямд байж чадах эсэхийг анхаарах шаардлагатайг онцоллоо.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )