Монгол хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2012.09.03/ ноён Тони Виндсор тэргүүтэй Австрали Улсын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Австралийн Парламентын төлөөлөгчидтэй танилцаж, хоёр талын харилцааны талаар санал солилцох боломж гарсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг онцлов. Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөсөн түншлэлийн зарчмаар худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ.


Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн босгон дээр Австралийн Парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчлан ирсэнд сэтгэл хангалуун буйгаа УИХ-ын дарга илэрхийлээд энэ жил Австралийн тал Ерөнхий консулын газраа нээсэн бол ойрын ирээдүйд Монгол Улсад ЭСЯ-аа нээж ажиллуулна гэдэгт итгэж байгаагаа онцоллоо.

Төлөөлөгчдийн тэргүүн ноён Тони Виндсор хоёр орны Парламент хоорондын харилцаа гүнзгийрч байгаад сэтгэл ханамжтай байна гээд энэхүү харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа. Тэрээр Монгол Улсад ажиллах хөтөлбөрт нь Оюутолгой төслийн бүтээн байгуулалттай танилцах арга хэмжээ багтсан тухайг дурдаад Австралийн тал уур уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа хэмээн хэллээ. Австралийн Парламентын төлөөлөгчид байгалийн баялгийн олборлолт, нөхөн сэргээлт, гар аргаар алт олборлогчдын талаар сонирхон лавлаж байв.

УИХ-ын дарга З.Энхболд "Манай улс уул уурхай руу дэндүү их орчихоод байна. Үүнээс үүдэж газар нутгаа сүйтгэх, нөхөн сэргээлт хийлгүй орхих зэрэг сөрөг үр дагавар их байгаа" гэдгийг дурдаад эрдэс баялгийн талаархи Австрали Улсын арвин туршлагаас суралцах,  хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө байгаа, түүнчлэн хоёр орны парламентын найрамдлын бүлгүүд хамтын ажиллагааны  өөрийн гэсэн арга чиглэлтэй болж хоёр орны харилцаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top