-Шинжээч бичиж байна-
("Discover Mongolia" олон улсын хурал дээр хэлсэн үг)
Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар нийтлэл бичиж, нийгмийн үзэл бодолд нөлөөлөхүйц зочидтой телевизийн ярилцлага хийж, олон нийтийн сувгуудаар хүмүүстэй тогтмол харилцах ажил би эрхэлдэг.
Гадаадын хөрөнгө оруулагч та бүхэнтэй хараат бус сэтгүүлч, улс төр эдийн засгийн тоймчийн хувьд өнөөдрийн Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралын бодит байдлын талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах боломж гарсанд баяртай байна. Та бүхэн Монголын бодит байдлын тухай хувь хүний үзэл бодол, дүгнэлтийг сонсож, өөрсдийн ойлголтоо олон талаас нь тунгаан цэгцлэх, улмаар хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахад нэмэр болно гэж найдаж байна.
Ардчилсан хувьсгал ялснаас хойших 20 жилийн турш улс төр, эдийн засгийн давхар шилжилтийг хийж байгаа Монгол Улсын өнөөгийн бодит байдлыг ойлгож, энэхүү давхар шилжилтийн явцад зүй ёсоор урган гарч буй олон асуудлыг зөв шийдэхэд монголчуудтай хамтран ажиллах шаардлага таны өмнө гарна.
Газарзүйн байршлаас нь бусад олон хүчин зүйлд өөрчлөлт гарч, Монгол Улс ардчилал, зах зээлийн замаар тасралтгүй урагшилж байгааг та бүхэн харж байгаа. Харин тодорхой хэдэн хүчин зүйлүүдийн өнөөгийн байдал ямар байна вэ?
Нийгмийн үзэл бодлын бодит байдал гэвэл ардчиллын үнэт зүйл улам бүр бэхжиж, ардчилсан сонгууль ерөнхийдөө хэвийн явагдаж, улс төрийн хүчнүүдийн хооронд төр засгийн эрх мэдэл тайван замаар шилждэг боллоо. Нийтийн засаглал хүнд суртал багатай, бүх харилцаа гагцхүү хуульд тулгуурласан байхыг Монголын нийгэм улам хүчтэй шаардах боллоо. Төрийн аливаа шийдвэр нийт иргэдийн сонирхлыг зөрчинө, үндэсний эрх ашигт нийцэхгүй гэж үзвэл төр засгаа өөрийг нь өөрчлөх эрх сонгогчдын гарт байгааг иргэд ч, мөн төрийн удирдлагууд ч бүрэн ойлгох боллоо.
Улс төрийн хувьд гэвэл Монгол Улсын Засгийн газар ойрын хориод жилдээ үзэл бодлын ялгаатай улс төрийн намуудын байгуулсан эвслээс бүрдэх бололтой. Баялгийн үндэсний үзэлтэн Уул уурхайн сайд болсон ч сонгуулийн үеэр илэрхийлсэн үзэл бодлоо хэрэгжүүлэхээсээ өмнө Засгийн газрынхаа шийдвэрийг мөрдөх шаардлагатай тэр тулгарч байна.
Монголын улс төрд олон ургальч үзэл бодол хэрэгжиж, улстөрчдийн хувьд талцан тэмцэх, бүр нударга зөрүүлэх нь хэвийн үзэгдэл болсныг та бүхэн өчигдөр телевизээр харсан байх. Намуудын хооронд үзэл бодлын ялгаа тодрох тусам улс төрийн систем бэхжиж, яваандаа хүчтэй сөрөг хүчин бүрдэх замаар улс төрийн хяналтын систем боловсронгуй болох юм.
Эдийн засгийн бодит байдал гэвэл гадаадын байтугай өөрийн төрийн оролцоог хязгаарласан хувийн хэвшил тэргүүлэх боллоо. Саяын сонгуулийн өмнөхөн өөрчилсөн Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эдийн засгийн өсөлтийн шаардлагыг илэрхийлж чадсан гэж Монголын нийт иргэд, хувийн хэвшил үзэхгүй байна. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хориглосныг дэмжиж байгаа ч стратегийн салбар нэрээр банк болон харилцаа холбооны салбарт гадаадын компанийн оролцоог 49 хувиар хязгаарласан нь Монголын эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлнэ. Монгол Улсын эдийн засаг ганц хоёрхон түүхий эдийн гадаад үнийн өсөлтөөс хамаарч буй өнөөгийн нөхцөлд эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө, технологи, менежмент урьд
өмнөхөөс илүү хэрэгцээтэй байна.
Эдийн засгийн бүх тоглогчид, түүний дотор гадаад, дотоодын бүх компаниуд Монгол Улсын хууль журмыг нарийн чанд мөрдөх учиртай. Харин тодорхой биш дүрэм журмыг ойлгомжтой, тайлангаа ил, шуурхай болгоход төр засагтай хамтран ажиллах, туслах шаардлагатай байна.
Хууль зүйн хувьд гэвэл Монголын нийгэм бүхлээрээ, ялангуяа түүний дийлэнх болсон залуучууд улс оронд шударга ёс тогтоох, орлогын ялгааг багасгах, нийтийн засаглал дахь авлигыг таслан зогсоохыг маш хүчтэй шаардаж байна.
Төрийн ажилтан гэнэт баяжиж, хамгийн сайн байршилд хамгийн тансаг байшинтай болж, хувийн хэвшлийнхэнтэй унаа тэргээрээ өрсөлдөж, хүүхдүүдээ гадаадын үнэтэй сургуулиудад явуулах болсонд иргэд илт дургүйцэж байна. Тийм төрийн ажилтнууд олон түмний жигшлийг төрүүлж, төр засагт итгэх итгэлийг алдагдуулж байна.
Авлигатай эрчимтэй тэмцэж таслан зогсоохын тулд сүүлийн үед нийтийн хөрөнгө завшсан хэнтэй ч бай, хариуцлага тооцох боллоо. Төр засгийн хамгийн өндөр бүх албан тушаалыг бүгдийг нь хашсан ч хариуцлагаас тойрох шалтгаан болохгүй гэдгийг нийгэм харлаа. Авлигыг үл тэвчих, тэмцэх, хязгаарлан зогсоох талаар Монгол Улсын төр суралцаж, бас хэрэгжүүлж байна.
Төрийн албаны (нийтийн албаны) чадавхийг сайжруулж, нийтийн чанартай сайн үйлчилгээг хурдан хүргэх ажлыг өргөн хүрээтэй хийж эхэллээ. Төрийг нийтийн аюулгүй байдал, хүний эрх, хөрөнгийг хамгаалах үндсэн үүргээ хариуцлагатай, чанартай гүйцэтгэх чадвартай болгоход түлхүү анхаарч байна.
Чөлөөт хэвлэлийг монголчууд ардчилал, шударга ёс, сайн засаглалын баталгаа болохыг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрөх боллоо. Хэвлэл мэдээллийн албан ёсны хэрэгслүүдтэй улам бүр хүчтэй өрсөлдөж буй албан бус, нийтийн сувгууд (twitter, facebook, blog, үнэ төлбөргүй холбогдох бусад хэрэгслүүд) тодорхой, тулгамдсан асуудлуудаар нийгмийн үзэл бодлыг бүрдүүлэн төлөвшүүлэхэд маш хүчтэй нөлөөлөх боллоо.
Эдүгээ Монгол Улсад ашиглаж буй гар утасны тоо хүн амын тооноосоо хол давжээ. Энэ ч гэсэн харилцаа холбооны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож чадсантай шууд холбоотой. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа нь технологи нь маш хурдан солигдож, шинэ хөрөнгө оруулалт үргэлж шаарддаг энэ салбарт сөрөг нөлөөлөх нь дамжиггүй.
Дээр дурдсан бодит байдлуудыг ойлгож, Монгол Улс байгалийн, дахин сэргээгддэггүй баялгаа ухаалаг ашиглан, дахин сэргээгддэг баялаг бүтээх замаар иргэн бүрийнхээ идэвхтэй оролцоог хангаж хөгжих бодлого баримталж буйг хүлээн авахыг та бүхнээс хүсч байна.
Бид уул уурхайн салбараас олж буй орлогоороо бусад салбаруудаа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэх, тодорхой бүтээгдэхүүнүүдээрээ дэлхийн зах зээл дээр гарах түвшинд өрсөлдөх чадвартай болоход ашиглахыг зорьж байна. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд байгалийн арвин баялагтай зарим орнуудын туршиж, амжилтад хүрсэн Үндэсний баялгийн сан (Sovereign Wealth Fund) байгуулах тухай улс даяар ярилцаж байна.
Эцэст нь та бүхэнд дуулгах таатай мэдээ бол тодорхой биш хугацаагаар зогсоод байсан уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг шинэ оноос дахин олгож эхлэх юм байна. Харин энэ удаа олгох, сунгах, хураах дүрэм журам нь ойлгомжтой, тодорхой, ил тод болно гэдэгт найдаж байна.
Та бүхэнд амжилт хүсье.
2012.08.31 Улаанбаатар хот
http://jargaldefacto.com/
Сэтгэгдэл ( 0 )