Япончууд санал тавьлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Япончууд манай улсад маш ашигтай санал тавилаа. Уг саналыг монголчууд маш ухаалгаар хүлээн авч, хамтын ажиллагаагаа нэн яаралтай эхлүүлэх нь чухал байна. Тодруулбал, Японы Аояама их сургуулийн профессор Нобуто Ивата манай улсын нүүрсийг тус улсын технологиор солих боломжийг санал болгосон юм. Хоёр жилийн өмнө тохиосон цунамигийн гамшгийн улмаас Японы цөмийн зарим байгууламж сүйрч, ихээхэн хэмжээний хор хөнөөл авчирсан билээ. Иймээс тус улсын ард иргэд цөмийн цахилгаан станцыг хүчтэй эсэргүүцэж, эрчим хүчний өөр эх үүсвэр хайхыг уриалж байгаа аж. Японы эрчим хүчний 13 хувийг цөмийн цахилгаан станцаас үйлдвэрлэж буй. Уг үзүүлэлтээр тус улс дэлхийд АНУ, Хятадын дараа гуравдугаар байрт бичигддэг. Тус улс цунамигийн гамшгийн дараа эрчим хүчний хэрэглээгээ 15 хүртэл хувиар бууруулж байсан бөгөөд одоо ч эрчим хүчний хомсдол байсаар байна. Өнөөгийн байдлаар сэргээгдэх эрчим хүчинд суурилж дотоодын хэрэглээгээ хангах боломж хомс байгаа аж. Иймээс байгалийн хий, газрын тос, нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх замаар цөмийн цахилгаан станцыг ашиглалтыг бууруулах бодлого баримтлахаас өөр арга замгүй байна. Харамсалтай нь эдгээр нөөц баялгаар тус улс тун маруухан. Япон улс дэлхийн хоёр дахь том нүүрс импортлогч орон юм. Өөрийн нүүрсний нөөц нь эрчим хүчний хэрэглээний 15 хувийг л хангах бололцоотой. Тиймээс нүүрс импортлогч орноо нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаа аж. Хятадын хувьд одоогоос 4-5 жилийн өмнө дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч орон байсан хэдий ч дотоодын асар их хэрэглээндээ нүүрсээ нөөцлөхийн тулд эсрэгээр импортоо нэмэгдүүлэх бодлого барьж ирсэн. Энэ тохиолдолд Япон улс Хятадад найдах боломжгүй болж байна. Харин Монголыг хамтран ажиллах томоохон зах зээл хэмээн харж байгаа аж. Нобуто Ивата “Монгол Улс 1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлого дэвшүүлсэн. Манай орны хувьд танай улстай харилцан ашигтай хамтран ажиллах маш өргөн боломж бий хэмээн харж байгаа” хэмээсэн юм.

Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд эрдэс баялгаа түүхийгээр нь гаргаж, өнөөгийн байдлаар нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Хэдийгээр уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн ч дэлхийн санхүү эдийн засгийн хямралд туйлын эмзэг хэвээр байна. Үүнийг Хятадын эрэлт багассанаар манай улсын сүүлийн 2-3 сарын экспортын орлого эрс буурснаас харж болно. Хятад найтаахад монгол ханиадаг хэмээн хэлэх болсон нь зүгээр ч нэг үг биш юм. Иймээс уг эрсдэлийг даван туулах, цаашлаад олон тулгуурт эдийн засгийг цогцлоож, уул уурхайн салбараас хараат бус орон болж хөгжихөд технологийн “акул” Японы дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Тэд саналаа тавьж, технологио тэврээд ирж байхад бид дэмжин угтах нь зөв үйлдэл юм. Зөвхөн уул уурхайн салбарт дэвшилтэт технологийг нь нэвтрүүлэх бус бусад салбарт ч технологийг нь авч, Японы чадварлаг мэргэжилтнүүдээс суралцах нь чухал.

Ер нь уул уурхайн салбарт түшиглэж хөгжсөн улс гүрнүүд хүнд аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсролын салбартаа хөрөнгө оруулалт зэрэг хийж ирсэн байдаг. Үүний сонгодог жишээ нь Австрали юм. Тус улс металлургийн салбараа хөгжүүлэхтэй зэрэгцэж, шинжлэх ухаан, боловсролын салбарт чамлахааргүй хөрөнгө хаясан байдаг. Улмаар цэвэр зэс, ган зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх үед чадварлаг боловсон хүчин, шинжлэх ухааны ололтдоо тулгуурлан зэс, гангаар төрөл бүрийн тоног төхөөрөмж, эд хэрэглэл үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулсан байдаг. Улмаар металлургийн салбарт суурилсан олон том, дунд үйлдвэрүүд хөгжиж, ажлын байр олноор бий болж, санхүүгийн аливаа хямралаас хамгаалагдаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс асар их хэмжээний ашиг олсон байна. Түүнчлэн, уул уурхайн салбарын орлогын хуримтлалаар хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг бусад салбарт хөрөнгө оруулалт хийж олон тулгуурт эдийн засгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадсан юм. Одоо уул уурхайн салбар хүнд байдалд орсон ч эдийн засгийг нь тулах олон тулгуур Австралид бий.

Монгол Улсын хувьд ч мөн энэ замаар явах учиртай. Хэзээ нэгэн цагт эрдэс баялгийн нөөц дундарна. Энэ тохиолдолд манай улс аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, олон тулгуурт эдийн засгийг бий болгосон байх ёстой. Энэ нь хойч үедээ үлдээх хамгийн том хөрөнгө оруулалт билээ. Тэгвэл энэ бүхнийг технологигүйгээр, сайн боловсон хүчингүйгээр хийх бололцоогүй. Харин хамгийн сайн толгойтой, хамгийн өндөр дэвшилтэт технологийг үйлдвэрлэж чаддаг хүмүүс бол япончууд. Иймээс манай улс япончуудтай алсын харсан бодлогоор хамтран ажиллах шаардлагатай юм. Стратегийн томоохон хөрөнгө оруулалтууд дээр ч энэ бүхнийг бодолцож үзэхэд илүүдэхгүй. Япон манай улсад бартерын зарчмаар хамтран ажиллах санал тавьж байгаа ч бид тэдний цор ганц боломж биш гэдгийг санах хэрэгтэй. Учир нь тус улсад Австрали, Индонезоос нүүрс импортлох боломж нь нээлттэй хэвээр байгаа юм.

Япон руу нүүрс экспортлоход тээвэрлэлт хамгийн хүнд байх нь дамжиггүй. Гэхдээ хөрш орнуудтай хэлцлээ амжилттай хийж, шинэ төмөр замаа барьж, нүүрсээ коксжуулж эхэлбэл тээвэрлэлтийн өртөг буурч, далайн боомтод хүрэхэд харьцангуй чөлөөтэй болох бололцоо бий. Тэгээд ч өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр хэмээх мэргэн үг бий. Япон бол маргаашийн уушиг юм. Дашрамд сануулахад, уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia 2012” чуулга уулзалтыг ирэх 11 дүгээр сард зохион байгуулна. Үүнд Японы металлургийн салбарын төлөөллүүдээс хүрэлцэн ирж, Монголын металлургийн салбарын хөгжлийн асуудлаар туршлагаа хуваалцана.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top