Бидэнд үйлдвэр бариад өгчих

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Хүн бүр ажилтай орлогтой бол Монгол айл өрх бүр гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрах нь лав гарцаагүй. Одоогийн залуус ажилгүй, орлоггүй олсон хэдээрээ архи аваад уучихдаг гэж хэлж яригсад улс орноор минь дүүрэн байна.

Алив нэгч удаа гэсэн залуучуудаа өмөөрөөдхий. Монгол залуу хүн бол алсын хараатай, ноён нуруутай, сайхан сэтгэлтэй дээр гэнэн итгэмтгий бага зэрэг туулширамтгай, даврамтгай тийм хүмүүс. Өнөөдөр улсын хэмжээнд ядуурлын түвшин буурлаа гэсэн цаасан дээрх сайхан тоог хэн дуртай нь ярьдаг болж. Ярихаас ч яахав дээ. Бид чинь амны билгээс ашдын билэг хэмээн ерөөдөг ард түмэн.

Гэвч үнэн хэрэгтэй хотын захдуу амьдардаг Доржийнх гэдэг айл таван жилийн өмнө ямар байсан яг л тэр хэвээрээ оршино. Харин ч дайран дээр нь давс гэгчээр хүн амаа халамжилж тэтгэх нэрийдлээр хэсэг хугацаанд сар болгон түмпэн гурилынх нь мөнгийг бэлэн өгсөөр бүр туйлдуулж орхижээ. Гялалзан өнгөрөх цаг хугацааны эргэлтэнд Дорж огтхон ч хөгжөөгүй бөгөөд түүний эргэн тойронд ч хөгжлийн үнэр үнэртэхгүй хэвээр.

Монгол хүн болгоныг ажилтай орлогтой болгоно гэж амлаад нэг дөрвөн жилийг авна. За тэгээд өөр нэгэн шинэ амлалттай дөрвөн жилтэй ахиад золгоно. Мөн ахиад л тойроод буцаад ирнэ. Ингэсээр байтал хэн ч ажилд ордоггүй, орлогждоггүй эвдэрсэн “тээрэм” адил зогсонги байдалтай цаг үеийг аргацаан ёстой нөгөөх “хуучин хүү” адил цаашилбал түүнээс ч долоон дор юм болж хоцорно.

Олон олон, сайхан сайхан аавын хөвгүүд эд насандаа ар гэрээ тэжээхийн тулд улс Монголоо орхин харьд боолчлогдож хоёр нарны хооронд хөлсөөн дуслуулан ажилсаар. Тэд Монгол хүн тулдаа л тэнд тэгж их тэсээд байгаа байх. Эс тэгвээс ар гэр нь ядуугийн зовлонд нэрвэгдэх аюултай. Зарим нэгэн Монголд зөндөө ажил бий гэлцэн дуу дуугаа авалцан бурцгаадаг. Зөндөө нь зөндөө бий л дээ. Гэхдээ цалин хэд билээ. Түүнээс хэдийг нь хаанаа зарцуулах гээд барагдахгүй их зардал гарна. Дээрээс үйлдвэр хоршоо нь юусан билээ. Мөн боловсролтой болгон нь ч ажил хийгээд байдаггүй юм. Яг үнэндээ манайд хаалгачаасаа хаанаа хүртэл авилга хүнд сурталд идэгдсэн.

Бидэнд сайн удирдагч дутагдаад байна. Айл гэрээр бол сайн аав хэрэгтэй. Архи уудаг аавтай, ажил хийдэггүй аавтай тэр гэр бүл хөгжих үү. Энд гэхдээ төрийн тэргүүнийг бус төр засгийг бүхэлд нь ааваар төлөөлүүлж байгаа хэрэг.

 Азийн бар гэгдэх БНСУ эдийн засгийнхаа талаарч эрх баригчидынхаа талаар ч бидэнд хамгийн том сургамж мөн жишээ болно. Мөн манайх шиг байсан улс хэдэн зуун жилийн дотор бус хэдхэн жилийн дотор хөгжлийн шинэ шатандаа ороод нөгөө дуунд гардаг шиг жаргалын зам нь зурайж байгаа түүх бэлэхнээ хажууханд хаяа дэрлээд байж байна. Тэд хөрсөн дороо баялаггүй мөртлөө толгой доторх баялгаа ашиглаад дээр нь төрийн зөв жолоодлог, механизмаар зөв чиглэлээ олоод өнөөдөр бар болчихсон.

Өнөөдөр БНСУ газрын баялаг муутай ч гэсэн бүхий л төрлийн томоохон, дэлхийд алдартай хүнд хөнгөн үйлдвэр хийгээд шинэ брэндийг  гаргаад иржээ. Тэнд дэлхийн үйлдвэрүүд бий. Түүнд нь олон мянган хүн санаа амгалан ажиллаж амьдардаг. Гэтэл өнөөдөр бидэнд бүх л юм байна даанч зөв зохистой ашиглаж чаддаггүй. Туугаад хариулах, муулаад идэх мал байна. Хөрсөн дор минь хүний шунал хөдлөгсөн эрдэнэс дүүрэн. Эхнээс нь гадныханы гар хөл бологсод зарж идээд дууслаа. Гэвч бидэнд наалдсан зүйл нэг ч үгүй.

Монгол маань нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсана. Зэс,нүүрсний гол экспортлогч улс боллоо. Нүүрсний гол гол уурхайнуудын хажуугаар төмрийн хүдэрээс их юм алга. Энэ бүгдийг бас хэнд зарах гээд байлгаад мөн зараад байгааг нь ер ойлгохгүй юм. Тэгсэн мөртлөө Монгол хүн ядуу ажилгүй хэмээн бие биенээ муучлах юм.

Эх орны энэ их баялаг гадагшаа ачигдаад дуусахаас нь өмнө ядаж томоохон үйлдвэрүүд бариад өгөөч. Тэгвэл бид эх орондоо элэг бүтэн элбэг хангалуун амьдармаар байна төр засаг минь. Бүр цаашлаад Монгол орноо азийн бар байтугай арслан болтол нь хөгжүүлмээр байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top