Таван толгойн хувьцааны албан ёсны цогц мэдээллийг яаж авах вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Монгол хүн бүр байгалийн баялгаасаа хувь хүртэх бодит боломж нээгдсэн. Энэ бол иргэн бүрт олгосон “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа гэдгийг эрхэм уншигч та мэдэж байгаа. Янз бүрийн шүүмжлэл дагуулж байгаа ч энэхүү 536 ширхэг хувьцаа нэгэнт иргэдийн өмч болсон тул энэ талаарх албан ёсны цогц мэдээлэл авах шаардлага, хэрэгцээ урган гарч байна.Гэвч өнөөдрийг хүртэл Төрийн зүгээс иргэдээ албан ёсоор цогц мэдээллээр хангах ажил зохион байгуулаагүй байна. Юм болгонд төрийн царай харж суух биш иргэн бүр, байгууллага бүр өөрийн хийж чадах зүйлээр улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж гэмээнэ Монгол улсын хөгжил алхам, алхмаар урагшлах учиртай.

Тиймээс, Zindaa.mn сайтын хамт олон бид “Таван толгойн хувьцааны албан ёсны цогц мэдээлэл” төслийг улс даяар анх удаа санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 4-р сарын 18-ний шинийн арван тавны билэгт сайн өдөр  төсөл хэрэгжих албан ёсны онлайн талбар болох “Уул уурхай – Зиндаа” дэд сайтаа ашиглалтанд орууллаа.

Төслийн хүрээнд: Zindaa.mn сайтын “Уул уурхай – Зиндаа” дэд сайтанд дараах цогц мэдээллүүд тавигдах болно.

1.Таван толгойн орд газрын талаарх цогц мэдээлэл,

2.Засгийн газраас гаргасан тушаал шийдвэрүүд,

3.Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, хувьцааг эргүүлэн худалдах, худалдаж авах тухай цогц мэдээлэл,

4.Төрийн өмчийн хорооны үйл ажиллагааны цогц мэдээлэл,

5.Монголын болон гадаадын хөрөнгийн биржүүдийн талаарх цогц мэдээлэл,

6.”Эрдэнэс Таван Толгой” ХК-тай холбоотой цогц мэдээлэл, тушаал, шийдвэрүүд,

7.Санхүүгийн зохицуулах хороо, брокер дилерийн компаниудын цогц мэдээлэл,

8.Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гэж ямар байгууллага болох талаар,

9.Zindaa.mn сайтаар дамжин хувьцаа эзэмшиж буй эсэхээ шалгах болон хувьцааны талаарх бусад цогц мэдээлэл бүхий мэдээллийн нэгдсэн санг бүрдүүллээ.

Үүнээс гадна Монгол улсын нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн шалтгаан болоод байгаа уул уурхайн салбарын талаарх цогц мэдээлэл “Уул уурхай -Зиндаа” дэд сайтад маань агуулагдаж байна.

Иргэн бүр хувьцааныхаа талаар болон уул уурхайн салбарын талаар зохих хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага, үүрэг үүсч байгаа учраас бид “Уул уурхайн мэдээллийн алба”-ыг сайтынхаа дэргэд тусад нь байгуулж иргэдээ энэ талын мэдээ мэдээллээр цаг алдалгүй хангах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

1990 оны эхээр тараагдсан ягаан, цэнхэр тасалбар буюу хувьцаа яагаад үнэгүйдсэнийг бид бүгд мэдэж байгаа. Иргэд мэдээлэлгүй, хувьцааны талаар ойлголтгүй, хэрхэн ашиглах, захиран зарцуулах талаар мэдлэг хуримтлуулж чадаагүйгээс ягаан, цэнхэр тасалбарын үнэ цэнэ, утга учир алдагдаж, цөөн хэдэн хүнд Монголын хөрөнгө хүримтлагдах, дийлэнх иргэд ядуурах нөхцөл үүссэн билээ.

Тэгвэл мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед интернэтийн сүлжээг ашиглан дэлхийн хаанаас ч Таван толгойн хувьцааныхаа талаар болон Монголын уул уурхайн хөгжил, өгөөжийн талаар үнэ төлбөргүй мэдээллийг хүссэн үед авах боломж манай иргэдэд нээлттэй боллоо.

Бид “Таван толгойн хувьцааны албан ёсны цогц мэдээлэл” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаадаа туйлын баяртай байна. Бидний санаачилсан энэхүү төслийн үр шимийг нийт иргэд маань үнэ төлбөргүй хүртэж, ирээдүйн сайн сайхан амьдралынхаа чухал баталгаа болсон “Хувьцаа” хэмээх энэхүү өмчөө зөв зүйтэй, мэдлэг боловсролтой захиран зарцуулаасай хэмээн манай хамт олон чин сэтгэлээсээ хүсч байна.

Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж буй Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ, “Эрдэнэс Таван Толгой” ХК, Санхүүгийн Зохицуулах Хороо зэрэг төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтан, хамт олон, удирдлагуудадталархал илэрхийлэхийн зэрэгцээ цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх эрхэм үүргээ улам өндөр түвшинд хэрэгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа Монгол улсын 2.8 сая иргэний эрх ашгийн тусын тулд айлтгая.

Эцэст нь Монгол хүн бүр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 хувьцааг эзэмшиж, энэ компанийн эзэн болсон шиг Монгол улсын нутаг дэвсгэр дээр эцэг дээдсээс маань үе улиран өвлөгдөж ирсэн стратегийн 15 орд газар, түүний үр шим бидэнд нэгэн адил хүртэх учиртайг иргэн бүрт сануулахыг хүсч байна. Үүний тулд Zindaa.mn сайтын “Уул уурхай – Зиндаа” дэд сайтад иргэн та тогтмол зочилж, холбогдох мэдээллээ авч байхыг сэтгэл харамгүй урья.

Монгол улсын хөгжил цэцэглэлт, Монголын их баялаг иргэн бүрт, айл өрх бүрт гэрэл гэгээ нэмж, аз жаргал хүртээх болтугай.

Zindaa.mn сайтын Төлөөлөн Удирдах Зөвлөл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top