Энэ оны есдүгээр сарын унци алтны дундаж үнэ 1701.6 ам.доллар байгаа бөгөөд 2011 оны мөн үетэй харьцуулахад 12.34 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Алтны үнэ энэ оны нэгдүгээр сараас нэмэгдсэн бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр унци 1781 ам.доллар болсон нь 2011 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үнэ байсан билээ. Алтны үнийн өсөлтийн талаар АНУ-ын Холбооны нөөцийн газраас хийсэн судалгаагаар 2014 оны сүүлч хүртэл алтны ханш тогтвортой байна гэж мэдээлсэн байна. Учир нь 2014 оны сүүлч хүртэл ам.долларын ханш бууралттай байна гэж мэдээлсэн нь хөрөнгө оруулагчдын алтанд итгэх итгэлийг сэргээсэн аж. Гэвч Евро бүсийн хямрал, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал мөн Зүүн өмнөд Азийн Энэтхэг, Индонез тэргүүтэй улсын алт, мөнгөний худалдан авалт буурсан нь сүүлийн саруудад алтны ханш унах нөхцлийг бүрдүүлсэн байна. Улмаар өнгөрөгч долдугаар сард унци шар металлын дундаж үнэ 1593 ам.доллар болтол буурсан. Хэдийгээр энэ сарын байдлаар алтны дундаж үнэ 1700 гаруй ам.доллар байгаа ч дэлхийн зах зээл дээрх нийт алтны борлуулалт жирийн борлуулалтын хэмжээнээсээ тал хувиар буурсан байна. Тиймээс алтны ханш цаашдаа унаж магадгүй аж.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn
Сэтгэгдэл ( 0 )