“Петрочайна дачин тамсаг”-ийн хэргийг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй “Петрочайна дачин тамсаг” ХХК-д холбогдох иргэний хэргийг өнөөдөр буюу аравдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нийслэлийн шүүх дээрх хэргийг долоодугаар сарын 2-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Харин өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны  шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээлээ.

Нэхэмжлэгч “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” төрийн бус байгууллага хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Дорнод аймгийн Матад сумын газар нутагт үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан болохыг тогтоолгох, тус компанид байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу байгаль хамгаалах ажиллагаа явуулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг даалгах, байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр 1 356 622 460 төгрөг гаргуулан Дорнод аймгийн Матад сумын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан аж.

БЗД-ийн шүүхээс “Петрочайна дачин тамсаг” байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоож, “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас нөхөн төлбөрийг гаргуулан Дорнод аймгийн Матад сумын орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК-д даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top