Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Алтан ураг” бүжгийн жүжгээ дахин тайзнаа тоглох гэж байна. Тус бүтээлийн цомнолыг Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг нь Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав зохиосон байна. Харин Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар дэглэжээ. Энэ сарын 13-14-нд УДЭТ-ийн тайзнаа тоглогдох энэхүү бүтээлийн талаар өнөөдөр тус чуулгын уран бүтээлчид сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Дээрх бүтээл нь 1996 оны долдугаар сарын 6-нд ҮДБЭЧ-ийн тайзнаа нээлтээ хийснээс хойш дахин тоглогдоогүй. Иймд тус чуулгын уран бүтээлчид өвөл цагийн нээлтийн ажиллагаандаа зориулж ийн тоглоход бэлэн болжээ. Жүжгийн санаа нь Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэсэн аж. Тодруулбал жүжигт Тэмүүжин анд Жамуха, эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан Бөртэг буцаан авч улмаар Их Монгол улсаа байгуулсан тухай жүжгийн хэлээр илэрхийлэгдэх юм байна. Түүнчлэн уг бүтээл нь ардын бүжгэнд тулгуурлаж, бүжгэн жүжгийн үндэс хэлбэрээр хийгдсэн хоёр дахь томоохон бүтээл билээ. Ерөнхий зураачаар ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Гунгаасүх, ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, хувцасны зураачаар Д.Ганболд нар ажиллаж байна.
Гол дүрд Тэмүүжин- Х.Хашхүү (бүжиг дэглээч), Жамуха- А.Даваахүү (бүжигчин), Бартэ- Н.Мөрөн (Бүжигчин), Тоорил хаан- Д.Эрхбилгүүн (бүжигчин), Хуагчин хатан- гавьяат жүжигчин Ш.Одонтуяа (бүжигчин), Хасар- Э.Уртнасан (бүжигчин), Билгүүдэй- Э.Ганзориг (бүжигчин), Дармаалаа- А.Батхүү (бүжигчин) нар тоглоно.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )