Анодын хэрэг “томчууд”-ын булхайг илчлэх нь

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Анод банкны 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан тус банкны захирал Л.Уламбаяр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын хэргийг өнгөрсөн долоо хоногт хяналтын шатнаас мөрдөн байцаалтад буцаагаад буй. Уг хэрэгт Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Санхүүгийн зохицуулах хорооны дар Д.Баярсайхан нар ч холбогдсон юм. Эх сурвалжийн мэдээллээр тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай хамтран ажилласан тус хорооны гишүүд болох Б.Шаравсамбуу, Д.Дүгэржав нарыг нэмж шалгах шаардлагатай гэж хяналтын прокурор үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэнэ. Анод банкны удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3 буюу банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх зүйлчлэлээр хэрэгт татсан билээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар Анод банкнаас хуурамч IPO гаргахад хяналт тавиагүй, тус банкны удирдлагуудтай хуйвалдан бусдад их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн болохыг нь мөрдөн байцаагчид хөдөлшгүй баримтаар тогтоожээ. Мөн сүүлийн үеийн мэдээллээр Анод банкны Хохирогчдын түр хорооноос шуурхай хуралдаан зарлаж тодорхой асуудлаар хэлэлцжээ. Тодруулбал, тус хорооноос эл хэргийг эцэслэн шийдэхгүй байгаа тул хохирлоо төрөөс бүрэн гаргуулах үүднээс өмгөөллийн томоохон компани хөлслөхөөр тохиролцоонд  хүрчээ. Учир нь яллагдагчаар татагдаад буй төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг хоёр жил шахам сунжран эцэслэн шийдэгдэхгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил бий гэх хардлага төрүүлээд буй гэнэ. Дээрх уулзалтаар хувьцаа эзэмшигчид хохирлоо Харилцаа, хадгаламж гаргасан мөнгийг төр даах тухай хуулийн дагуу хүү бодож төрөөс гаргуулах ёстой гэж үзсэн байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2008 оны 100, 122, 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгох талаар хуралдаж шийдвэр гаргахыг хүссэн албан тоотыг УМБГ-аас хүргүүлжээ. Гэтэл “Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул тогтоолыг хүчингүй болгох боломжгүй” гэж мэдэгджээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байна гэж үзсэн байна. Үүнтэй холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбатыг Анод банкны Хохирогчдын түр хорооноос цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтээ ч уламжилсан байна. Түүнийг Анод банкны удирдлагуудаас хахууль авсан байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн сард Авлигатай тэмцэх газарт гомдол мэдүүлж, шалгуулах хүсэлтээ СЗХ-нд илэрхийлжээ. Гэвч тэдний гомдолтой АТГ-ын холбогдох ажилтнууд танилцаж үзээд харьяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгах шаардлагатай гэж мэдэгджээ. Дуулиан дагуулсан Анод банктай холбогдох хэрэгт ийнхүү Сангийн яамны төрийн өндөр албан тушаалтан холбогдон шалгуулж магадгүй гэнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга асан Х.Бум-Эрдэнийг сэжигтнээр татаж шалгах тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Учир нь түүнийг Анод банкны Хохирогчдын түр хорооноос IPO-ийн төсөлтэй танилцаж зөрчлийг арилгуулалгүй, Санхүүгийн зохицуулах хорооны удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсэн нь хууль бус үйлдэл гэж үзсэн бололтой.

Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top