Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас 418 тэрбум төгрөг авч эргэлтийн мөнгөгүй болгосон гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

 “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ тус компани болон ажилчдын өмнө тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “Эрдэнэс Таван Толгой" ХК нь төрийн өмчит компани тул өнгөрсөн 2008-2012 онд МАН болон АН хамтран засгийн эрх барьж Монгол иргэн бүрт нэг сая төгрөгийн хувьцааг тараан өгсөн. Тус төрийн өмчит компаниас Засгийн газар 2011 онд 339 тэрбум, 2012 онд 89 тэрбум нийт 418 тэрбум төгрөгийг шахалтаар авч Хүний хөгжил сан руу хийж эргэлтийн хөрөнгөгүй болгосон гэв. Түүнчлэн, БНХАУ-д ашиглахаа больсон хуучин пуужин тээвэрлэгч “ТАС” гэх 40 тоннын даацтай машины зориулалтыг өөрчлөн тус бүр 165 сая төгрөгийн үнэтэй 10 ширхэг нүүрс тээвэрлэгч, тус бүр нь 20 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 98 ширхэг хүнд даацын дугуйг шахсан. Гэтэл нүүрс тээвэрлэгч машинууд нь гурван сар яваад зогслоо. Мөн дугуйнуудын тав нь хагарч буудсанаас болж хоёр залуу инженер хүнд бэртээд зогсоогүй Монголд эмчилгээгүй болж Солонгост эмчлүүлэхээр визээ хүлээж байна. Одоо ч үлдсэн жолооч нар дугуйнууд нь хэзээ буудах бол гэсэн айдастай явж байгаа. Уг 98 ширхэг хүнд даацын дугуйг "Оюутолгой" компанийн ханган нийлүүлэгч "Максан" компаниас авсан байдаг. Мөн орон нутгийн иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажилд авч байгаа юм. Үүгээр зогсохгүй 450 мянган төгрөгийн цалинтай ачигч гар дээрээ бэлэн 200 мянган төгрөгний цалин авдаг. Манай компанид нийгмийн хөгжлийн ямар ч бодлого алга. Ядаж ажилчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, залуусын нийгмийн наад захын хэрэгцээг хангах цэцэрлэг ч байхгүй тул үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэлээ.

Иймд АТГ, Мэргэжлийн хяналт, шинэ Засгийн газар анхаарал хандуулж арга хэмжээ авахыг хүсч буйгаа илэрхийллээ. Учир нь ажиллах таатай орчин, өндөр техник технологитой болсноор өндөр бүтээмжтэй, ашигтай, Монгол орны хөгжилд бодитой хувь нэмэр болж, жинхэнэ утгаараа иргэдэд хувьцааныхаа ашгийг хуваарилж чадна гэсэн юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top