“Тэн Ху” ХХК Монгол улсын хөдөлмөрийн хуулиас давсан дотоод журамтай гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 13

“Монгол ньюс” мэдээллийн төвд Төв аймгийн Жаргалант сумын нутагт оршдог Наран толгой алтны уурхайн “Тэн Хун” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Энхцэцэг, Үйлдвэрчний хорооны тэргүүлэгч н.Лхагважав нар мэдээлэл хийлээ.

Тус уурхай ажилчдынхаа эрүүл мэнд болон байгаль орчныг үнэлж, хайрлахгүй байгаа тухай мэдээллээ. Тэдний хэлж буйгаар хоёр хоногийн өмнө компанийн нэг ажилтан нас баржээ. Учир нь толгой нь өвдсөн хэмээн уурхайн эмнэлэгтээ хандахад сумын эмнэлэгтээ үзүүлэхийг зөвлөсөн боловч хятад удирдлагууд чөлөө өгөөгүй тул компанийн хашаанаасаа гарч чадаагүй байна. Тус компанид 200 гаруй Монгол, 30 гаруй Хятад ажилчин ажилладаг. Гэтэл Монгол ажилтнууд 396 мянган төгрөгийн цалин авдаг бол Хятад ажилчид 1-1,6 сая төгрөгийн цалин авдаг гэсэн юм. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн удаа дараа компанидаа болоод сумын удирдлагууддаа хандсан боловч хариу нь хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа гэлээ. Энэ тухайгаа сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн даргад хандахад “Би та нарыг ажилд оруулсан. Та нар чадахгүй бол цаана чинь дахиад 200 хүн байна” гэсэн бол Засаг даргадаа хандахад “Бид танай компанийн дотоод асуудалд оролцох эрхгүй” гэжээ. Түүнчлэн тэдний хэлж буйгаар компанийн дотоод журам гэхэд Монгол улсын хөдөлмөрийн хуулиас давсан чанга байдаг гэлээ. Шаардлага тавихад “хална” гэж айлгадаг байна. Иймд компанийн ажилчдын төлөөлөл ирж чадаагүй. Харин Үйлдвэрчний хорооны дарга, тэргүүлэгч нар нь ажлаасаа халагдсан тул Улаанбаатарт ирж энэ тухай мэдээлэл хийх боломжтой болжээ.

Тэд компанидаа дараах гурван шаардлагыг тавьж байгаа юм. Нэгдүгээрт хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байраар хангах. Хоёрдугаарт, санхүүгийн байдал, Гуравдугаарт байгаль орчинд аюулгүй ажиллахыг шаардаж байгаа ажээ. Мөн Монгол дахь захирал н.Ганлантуугаас ажилчдынхаа төлөө сэтгэлтэй байгаач хэмээн хүсч байлаа. Мөн мэдээлэл хийх үеэрээ Монгол дахь захиралдаа хандан УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид болон зохих хүмүүст хандсан гэдгээ хэлж байлаа.


Компанийн үйлдвэрчний эвлэл “Бид эх орондоо амьдарч ажиллаж байж ийм байдалд хүрч байна. Тодорхой хэмжээний цалин аваад, эрүүл ахуйн шаардлага хангасан хөдөлмөрийн нөхцлөөр хангагдах ёстой. Байгаль орчны хувьд эрүүл орчинд амьдрах эрх бий. Хэрэв асуудлыг шийдэж өгөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авч тууштай тэмцэнэ” гэдгээ илэрхийллээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top