Ардын урлагийн их наадам боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

Баянхонгор аймагт Ардын урлагийн их наадам амжилттай зохион байгуулагдлаа

 БСШУЯ-ны сайдан Ардын урлагийн их наадмыг орон даяар зохион явуулах тухай тушаал шийдвэрийн дагуу болсон энэхүү наадам нь тус аймагт 10 жилийн дараа болж буйгаараа онцлог юм. Мөн Ардын урлагийн их наадамтай давхцан “Хонгор н утгийн домог түүхийн наадам”-ыг “Баянхонгор таймс” сониноос санаачлан зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд Галуут сумын уугуул, Монголын үндэсний музейн угсаатан судлаач, докторант Н.Нарангэрэл оролцож үг хэлсний зэрэгцээ өөрийнхөө бүтээл туурвилынхаа дээжээс аймгийн удирдлагуудад гардуулав. Энэ удаагийн Ардын урлагийн их наадамд төв, хөдөөгөөс шалгарсан 300 шахам ардын авьяастан бүртгэгдсэнээс дүрслэх урлагийн төрөлд 31, ардын яруу найргийн төрөлд 89, бусад төрлүүдэд 150 хүн оролцсон байна. Дүрслэх урлагийн төрөлд л гэхэд 31 хүний 200 гаруй бүтээл дэлгэгдэн тавигдсан нь томоохон арга хэмжээ болсныг илтгэж байв. Ардын урлагийн их наадам-2011 нь яруу найраг, билэг урлаг, дүрслэх урлаг, бие биелгээ, уламжлалт сонгодог төрөл, ардын бүжгийн гэсэн үндсэн долоон төрлөөр явагдлаа. Энэ наадмаас шалгарсан 20 ардын авьяастан, 30-50 дүрслэх урлагийн бүтээл энэ сарын сүүлээр Өвөрхангай аймагт зохиогдох бүсийн уралдаанд оролцож, улмаар улсын уралдаанд оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэ наадамд 90 насны сүүдэр зооглож яваа ардын авьяастан ерөөлч, магтаалчаас эхлээд найман настай Жинст сумын Д.Баяртогтох, Буянтогтох нар оролцсон нь олны анхаарлыг татаж байв. Бүх ард түмний ардын урлагийн их наадмаас шалгарсан ардын урлагийн авьяастнуудын тоглолтыг хонгор нутгийн иргэд хөдөлмөрчдөдөө толилуулаад аваргуудаа шалгаруулсан байна. Наадамд ихээхэн ач холбогдол өгч амжилттай сайн бэлтгэж оролцсон Баянговь сумын Соёлын төвийнхөн өргөмжлөл, 300 мянган төгрөг, Богд сумын Соёлын төв БСГ-ын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж ардын урлагийн төрөл төрлийн аваргууд шагналаа гардсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top