Испанийн цомын аваргын төлөө орчин үеийн хөлбөмбөгийн хамгийн хурц хоёр баг халз тоглож, Криштиано Роналдогийн 103 дахь минутад оруулсан гоол Мадридын “Реал”-ыг ялалтад хүргэлээ. Ийнхүү “Реал” Испанийн цомыг 17 жил хүртээгүй байсны эцэст дахин хүртлээ.
Харин дасгалжуулагч Жозе Моуриньогийн хувьд дөрвөн улсын цомын тэмцээнд түрүүлсэн гайхалтай амжилт тогтоов. Моуриньо энэ тоглолтын үндсэн бүрэлдэхүүнд цэвэр довтлогчдоос нэгийг ч гаргаагүй юм. Довтлогчийн байрлалд ганцхан Криштиано Роналдог гаргаж, Игуаин, Бензема, Адебайор нарыг суулгасан нь нэг талдаа зоригтой алхам мэт хэрнээ нөгөө талдаа хаширласан мэт харагдаж байсан. Мөн “Реал”-ын тоглогчид Иньеста, Чави нарт талбайн гүнээс довтолгооныг эхлүүлж, оновчтой дамжуулалт өгөх боломж олгохгүйн тулд өрсөлдөгчийнхөө талбайд прессинг тавьж тоглосон юм. Гэхдээ Пепе, Хедира нар өрсөлдөгчийнхөө талбайд яг л довтлогч шиг нэвтрэн прессинг тавьсан нь ихэд содон харагдаж байлаа. Тоглолтын эхний үед “Барселона” бүх багийг аагладаг ганц хүрэлтээр богино дамжуулалт өгч тоглодог үндсэн барилаа олж чадахгүй байсаар өндөрлөсөн. Үргэлж довтолгоонд нээгдэж өгдөг Мессиг ч эхний үед тун сайн “барьсан” тул “Барселона”-гийн довтолгоог бүрэн түгжиж чадсан гэж хэлж болно. Харин “Реал” сөрөг довтолгоонд тун эвгүй орж, Пепегийн мөргөсөн бөмбөг шонд ойсон юм.
Тоглолтын хоёрдугаар үед “Барселона” хурдаа нэмж, үндсэн тоглолтоо үзүүлж эхэлсэн. Гэвч тэд довтолгооноо гоол болгож чадсангүй. Хоёрдугаар үед Месут Озилийг “суулгаж”, Адебайорыг гаргасан нь тоглолтын анхны сэлгээ байв.
Хоёр багийн тоглогчдоос үндсэн цаг дуустал талбайгаас хөөгдөөгүй нь тэнцүү тоглолт, ширүүн тэмцэл үзэхийг хүссэн үзэгчдийн сэтгэлд нийцсэн биз. Пепег Моуриньо “Барселона”-тай хийх хоёр ч тоглолтод талбайн төвд тавьж, бөмбөг таслах үүргийг голчлон оноолоо.
Тоглолтын үндсэн цагт хоёр баг гоол хийгээгүй тул нэмэлт цаг сунгасан. Нэмэлт цаг сунгахын өмнө Пеп Гвардиола, Жозе Моуриньо нар талбайд гарч, багийнх нь тоглогчид тус бүртээ хүрээ үүсгэн зогсож, дасгалжуулагчдынхаа зааврыг сонссон нь содон харагдаж байв. “Реал”-ын тоглогчид дасгалжуулагчийнхаа зааврыг сайн сонсож чадахгүй байсан тул цэнгэлдэхэд цугласан олныг дуугаа намсгахыг хүсч, гараа зангасан ч нэмэр болоогүй. Гэлээ ч “Реал”-ынхан энэ орой санасандаа хүрч чадлаа. Марсело Анхель Ди Мариад дамжуулалт өгөхөд Аргентиний шигшээгийн залуу хагас хамгаалагч хөөргөсөн дамжуулалт Криштиано Роналдо руу өглөө. Криштиано Роналдо Адрианогоос хамаагүй өндөр үсрэн мөргөснөөр Пинтогийн хаалгыг “мялаав”. Энэ гоол хожлын гоол байлаа. Тоглолтын төгсгөлд Анхель Ди Мариа Мессиг дэгээдсэнийхээ төлөө хоёр дахь шар хуудсаа хүртэн талбайгаас хөөгдсөн. Гэлээ ч нэгэнт цаг дуусч байсан тул “Барселона”-гийнхан хүний илүү болсноо ашиглах ч завдал болсонгүй. Ийнхүү 18 хоногийн дотор дөрвөн удаа болох “Эль-Класико”-гийн хоёр дахь тоглолт “Реал”-ын хожлоор өндөрлөлөө. Хоёр баг долоо хоногийн дараа Аваргуудын лигийн хагас шигшээд дахин учраа тааран тоглоно.
Испанийн цомын шигшээ тоглолт
Барселона — Реал 0:1
Барселона: Пинто, Алвес, Пике, Маскерано, Адриано (Максвелл 118), Бускетс (Кейта 108), Чави, Иньеста, Педро, Вилья (Афеллай 105), Месси
Реал: Касильяс, Марсело, Рикардо Карвальо (Гарай, 120), Рамос, Арбелоа, Пепе, Хаби Алонсо, Хедира (Гранеро 104), Озил (Адебайор 70), Криштиано Роналдо, Ди Мариа
Гоол: Криштиано Роналдо 103
Шар хуудас: Педро 34, Месси 64, Адриано 118 – Пепе 26, Хаби Алонсо 60, Адебайор 74, Ди Мариа 86
Улаан хуудас: Ди Мариа120
Шүүгч: Ундиано Мальенко (Памплон). Валенси. "Месталье"
HIIMORI.mn Р.Гэгээ
Сэтгэгдэл ( 0 )