УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж Тусгаар тогтнолын өдрийн ач холбогдлыг бууруулсан шийдвэр УИХ гаргасан. Та энэ шийдвэртэй санал нийлсэн хэрэг үү?
-Энэ асуудлыг одоогоос 22 жилийн өмнө буюу 1990 онд бүтэн хоёр өдөр хэлэлцэж байгаад Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт өдрийг баяр болгох нь зүйтэй гэж тогтсон. Гэтэл 22 жилийн дараа өмнөх шийдвэрээ цуцалж байгаатай би санал нийлээгүй ээ. Учир нь, 1924 онд Монгол Улс анх удаа Үндсэн хуультай болсон. Хаант засгаас Бүгд найрамдах засагт шилжсэн. Ингээд анхныхаа Үндсэн хуульд Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхтэй ард улс гэдгийг тунхаглан зарласан. Түүхэн үе нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, бидний асуудлыг өөр газар хуйвалдан шийддэг хүнд цаг байсан. Монгол Улс тусгаар тогтносон улс байна гэдгийг “De Facto” буюу Үндсэн хуулиараа зарлан тунхаглаж байгаа юм. “Монгол бол тусгаар улс биш. Орос, эсвэл Хятадын нэг хэсэг” гэж гаднах ертөнц үзэж байсан тэр хүнд үе буюу 1921 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулаад, 1924 онд Үндсэн хуультай болж, Бүгд найрамдах улсаа байгуулан, хамжлагат ёсыг халсан нь Монголын шинэ түүхийн асар том үйл явдал.
Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо сэргээсэн ч эргээд алдчихсан шүү дээ. Азид анх удаа Монгол Улс л эмэгтэйчүүд эрчүүдтэй тэгш эрхтэй байхыг хангаж өгсөн. Арваннэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуулиа баталж, улсаа тунхаглан зарласан Монголын нэн шинэ түүхийн хамгийн том үйл явдал. Бүх юмыг үгүйсгэх үзлээр их хандах юм бол ирээдүй биднийг их буугаар буудна.
-1924 онд анхны Үндсэн хууль баталсан цагаас хойш Монголын олон мянган сэхээтэн хэлмэгдэж, амиа алдсан гэдгээр асуудалд хандахыг Ардчилсан намын бүлгийн ахлагч тайлбарлаж байсан?
-Тэр хэлмэгдүүлэлт бол энэ хуулиас болсон юм биш. Ер нь Монгол Улс биеэ даасан тусгаар орон байх уу гэдэг асуудал асар их үнээр олдсон гэдэг нь өөрөө том асуудал. Бүр хэмжээлшгүй их үнээр хамгаалж байсан. Түүний золиосонд олон мянган хүн хэлмэгдсэн нь үнэн.
Энэ дээр дүгнэлт хийж манай нам МАН гэдэг уугуул нэрээ яг нэг жилийн өмнө сэргээж авсан гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
-Чингис хааны төрсөн өдрийг тогтоож, хуульчиллаа. Гэхдээ энэ өдрийг жил бүр өөр өдөр тэмдэглэх болж байна?
-Чингис хааны төрсөн өдөр 1162 оны арваннэгдүгээр сарын 14-нд яг мөн үү гэж би Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр асуусан юм. Гэтэл надад “тийм ээ” гэсэн. Тэгж тогтсон бол будилаан байхгүй. Харин өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд гэж тэмдэглэхээр байнга өөрчлөлт ороод зовлонтой юм. Яагаад гэвэл, тэр өдөр бүх нийтийн амралт байх учраас. Тиймээс 1162 оны арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн бол үүнд будилаан алга гэж би хэлсэн.
Гэтэл тийм ээ гээд дэмжээд явсан байтал харамсалтай нь надад худлаа хариулт өгч. Нөгөө төрсөн өдөр нь арваннэгдүгээр сарын 8-нд болж таарсан. Тухайн үедээ “таны ярьж байгаа яг зөв” гээд байсан юм л даа. Уг нь тухайн үедээ миний үгийг сонсоод яг тэр өдрөө тогтчихсон бол будлиангүй л байх байлаа.
Одоо бол жаахан маргаантай л байна. Эзэн Чингисийнхээ төрсөн өдрийг үндэсний бахархлын өдөр болгож байгааг би дэмжинэ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл ( 0 )