МУГЖ С.Батсүх: Эх орноо цээжиндээ бүхлээр нь тээсэн эрэлхэг хөвгүүд хил дээр алба хаадаг юм билээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 17

Саяхан нэг нэвтрүүлэг үзэж байтал манай урлаг соёлын мундагууд хэмээгдэх эрхэмүүд хил, хилчдийн талаар ярив. Тэд их сайхан ярьсан. Ихэнх нь хил рүү явж, хилчидтэй урлаг уран бүтээлээрээ уулзаад ирсэн байх юм. Харин тэдний дунд үзэсгэлэнт байгаль, уул усаараа олонд шүтэгдсэн Завхан нутгийн унаган хүү МУГЖ С.Батсүх хил рүү тун цөөхөн явснаа ярьж, “Эх орны хязгаар тийш хүлгийн жолоо залахсан” хэмээж суув. Ингээд түүнийг уншигч хилчидтэйгээ уулзуулахаар шийдэн дуу бичлэгийн студийг нь зорилоо.

-Ярилцлагаа эхлэхээс өмнө миний хүсэлтийг хүлээн авсанд баярласнаа илэрхийлмээр байна. Та сайхан өвөлжиж байна уу?

-Өнтэй сайхан өвөлжиж байна. Энэ сайхан өдрийн мэндийг Монгол Улсаа хамгаалан хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид болон тэдний гэр бүлд хүргэе. Танай сониноор дамжуулан эх орны хөвгүүд болох хилчидтэйгээ уулзаж, уран бүтээлээ хүргэхсэн гэсэн чин хүсэл миний сэтгэлд үргэлж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.

-Би яг энэ үгийг тань телевизээр сонссон. Тэгээд бодлоо л доо. Өөрийнх нь дууг чих тавин сонсдог хангалттай үзэгч, сонсогчтой энэ эрхэм хүний сэтгэлийг миний гэгээн хязгаар, түүнийг сахин хамгаалагч хилчид маань юугаараа тэгж их татах болов?

-Ингэж хэлсэнд тань баярлалаа. Тийм ээ. Надад тодорхой хүрээллийн сонсогч, уран бүтээлийг минь хүндэлж хайрладаг түмэн бий. Тэднийхээ хүндлэлийг алдахгүй явахсан гэж хичээсээр өдийг хүрлээ. Гэхдээ би хилчдэд илүү хайртай. Энэ жил би Бичигтийн боомтын ойн тоглолтонд оролцсон. Тэр тоглолтонд миний гараар дамжин урлагт бэлтгэгдэж байгаа залуу уран бүтээлч, хамтлаг очиж уран бүтээлээ толилуулсан. Миний хувьд өмнө нь хилээр багагүй явж тоглож байлаа. Их гоё байдаг юм шүү дээ. Огт өөр орчин, агаар намайг хүлээж авдаг гэж болно. Яагаад би өөр гэж байгаа юм бэ гэж хүн бодож магадгүй. Эх орноо энэ цээжиндээ бүхлээр нь тээсэн эрэлхэг хөвгүүд манай дархан хил дээр алба хааж байдаг юм билээ. Тэдний дотор хэнд ч байхгүй агуу хүсэл мөрөөдөл, эр зориг бий. Би тэгж хардаг. Гэхдээ нэг талаар залуу хүмүүс хээр зэлүүд буйд газар очих уйтгартай байж мэднэ. Харин тэдний тархинд, зүрхэнд эх орон гэдэг бодол хамгийн ихээр бат суусан байдаг. Би тийм хүмүүсийг хилчид гэж боддог. Заставт очиход залуучууд хөгжим дуу хуурыг үгүйлсэн, урлаг соёлоор цангасан байгаа нь ажиглагддаг. Нэг уран бүтээлч очоод дуулаад хөгжимдөөд эхлэхээр тэд ямар сайхан хүлээж авдаг гэж санана. Уран бүтээлч, үзэгч хоёрын дунд жинхэнэ амьд харилцаа үүсдэг. Тиймээс би тэдэнтэйгээ хамт дуулахдаа дуртай байдаг юм. Энгийн хүний нүдээр харж байхад хил дээр ажиллахаар очиж байгаа залуухан офицерууд надад хамгийн их бахархмаар хүмүүс шиг санагддаг. Залуу нас өөрөө их гэгээн, хөгжим дуу хуураас салгамааргүй тийм сайхан үе шүү дээ. Гэтэл тэд энэ бүхнийг тоолгүйгээр зөвхөн эх орны төлөө, тэр дархан хил хязгаарт залуу насаа зориулахаар шийднэ гэдэг юугаар ч зүйрлэмгүй бахдам үйлс. Би хилчдийг ингэж санаж хайрлаж хүндэлж явдаг. Эх орноо хамгаална гэдэг ариун үүргийг нэр төртэйгээр биелүүлж яваа хүмүүсийг би хилчид гэж нэрлэнэ. Эх орноо хамгаална, хайрлана гэдэгт ямар ч ойлголт явж болно. Харин хилчид өөрт оногдсон энэ үүргээ бахархалтайгаар, итгэлтэйгээр гүйцэтгэж яваа шүү дээ.

-Эх орны талаар манайхан зөндөө бичиж хангалттай л дууллаа. Харин эрхэм гавъяат маань энэ талаар ямар бодолтой явдаг юм бол?

-Би эх орныг эмэгтэй хүн, бүсгүйчүүдтэй адилтгаж боддог. Сүүлийн үед хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө ч ингэж яриад байгаа. Манай бүсгүйчүүдийн энгэр задгайраад байгаад би эмзэглэж явдаг. Бүсгүй хүний энгэр эх орны хил хязгаар хоёр ижил юм. Эмэгтэй хүнд өөрийн тусгаар тогтнол гэж бий. Улс орны аюулгүй байдал ч тэдэнтэй холбоотой. Ер нь бүсгүй хүний далд байх зүйл тийм л байвал зүгээр. Эх орон минь хэзээд үнэ цэнэтэй, ариун дагшнаараа байгаасай гэсэндээ ах нь ингэж яриад байгаа юм шүү дээ. Би эх орондоо хэрэгтэй иргэн нь байх юмсан гэж санадаг. Зүгээр л өөрийнхөө чадлаар энэ нутаг орныхоо төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Хамгийн багаар бодоход залуус эцэг эхийнхээ түрийвчнээс мөнгө татаад байхгүйгээр бие дааж амьдарч сурмаар байгаа юм. Айлын зарим хүүхдийг харахад, “Аав ээж миний үүнийг ингээд зохицуулна биз. Тэд миний хуримыг бэлтгэх ёстой” гэсэн шиг байдаг. Хүүхдүүд ээж аавынхаа ачийг хариулна гэж ярьдаг л даа. Яахав санаа нь зөв юм. Шүүдрийн усыг цуглуулж цай чанаад өгч чадахгүйгээс хойш сэтгэлийг нь түвшин амьдруулах хэрэгтэй. Гэтэл Хилийн цэргийнхэн өөр шүү дээ. Дөнгөж сургууль төгсөөд эцэг эхийнхээ дэргэдээс холдоод огт мэдэхгүй тэр хязгаар руугаа ямар итгэлтэйгээр алхаж байна вэ, тийм ээ. Бахархмаар шүү. Үүнийг би эх оронч гэж үзээд байгаа юм. Ямар гоё гэж санана. Тэр хүмүүсийн сэтгэл, хүсэл зорилгыг би дэндүү ихээр хайрладаг. Миний дуунд эх орны тухай дуу тэр бүр байхгүй л дээ. Харин би анх удаа хүмүүсийн урд гарч дуулахдаа эх орны тухай аялсан байдаг юм шүү. Сонин байгаа биз.

-Энэ тухайгаа ярьж болох уу. Хэзээ хаана анх дуулж байсан юм бэ?

-Би 1975 онд Завхан аймгийн Алдархаан сумаас цэрэгт мордсон хүн. Цэрэгт мордохынхоо өмнө эх орны дайнд явах гэж байгаа юм шиг л догдолж, энэ тухайгаа дуулгахаар нутгийнхаа голыг өгсөж уруудан давхиж, айл бүрээр орж хөөрч баярлаж билээ. Тухайн үед цэрэгт явахын хүслэн энэ оюун санааг тэр чигт эзэмдчихсэн байлаа. Цэргээс халагдаад ирсэн ах нар шиг сайхан хүн ховор санагдана. Миний хувьд цэрэгт явна гэдэг сайн сайхны оройн дээд нь байв. Ингээд 17 насыг арай чүү хүрлээ. Өөрийнхөө саналаар цэрэгт мордох болсон. Комиссоор орохынхоо өмнө хасагдах вий, нуруугаараа гологдох вий гэсэн бага зэргийн айдастай. Гэтэл азаар тэнцлээ. Ингээд Улаанбаатарт ирээд цэргийн ногоон хувцас өмсч үзсэн дээ. Тэгэхэд Эрдэнэтийн 1000 цэргийн карантин гэж байлаа. Эндээсээ шууд тийшээ очсон. Анх очиход нөгөө хөөр баясал яагаад ч юм бага багаар унтарч, энд яах гэж ирэв дээ гэж бодох боллоо. Учир нь тэнд ч нүд нь хөхөрсөн цэрэг, энд ч хацар нь хавдчихсан эрчүүд таарна. Үргэлж хэн нэгний тушаалаар алхаж гишгэдэг, хөл гар нь шалбарсан цэргүүдийг хараад шантарч эхэлсэн л дээ. Гутлаа хөөгөөр тосолсноос болоод өмд хувцас нь тэр чигтээ халтайсан нөхөр ч “тууж” явна. Тэгээд бас,“Байлдагчийн погоон мөрөндөө зүүгээд Баяр цогтой алхаж явна” гэж дуулаад байгаа юм. Үүнийг нь хараад, “Юундаа ч баярладаг байна аа” гэж бодно. Биднийг цэрэгт очиход өнөөх айхтар дэглэлт гэдэг чинь ид байлаа. Оройн тооны үеэр дэглэнэ. Нэг удаагийн оройн тоон дээр, “Байлдагч Батсүх жагсаалаас гар!” гэж байна. Гарлаа. Лоозон унш гэж байна. Уншлаа. Гэтэл дуул гэдэг юм байна. Дотроо бол, “Яана даа. Хэрвээ дуулахгүй бол шөнө унтуулахгүй байх” гэсэн түгшүүртэй. Ингээд бодож байгаад,

“Униар татсан хөндийд чинь

Унаган бие минь өсөн жаргав аа…” гээд “Алдхан бие минь жаргасны учир, Амь насаа таньдаа зориулая аа” гээд дууллаа. Манайхан ч хөөрхөн дууллаа гэж байна. Би үүнээс өмнө олон хүний дэргэд дуулж үзээгүй байсан юм. Хүний өмнөөс хараад анх удаа дуулж байгаа минь энэ. Анх эхэлж миний амнаас эх орны тухай дуу гарсан учраас магадгүй би өдий зэрэгтэй яваа гэж боддог шүү. Тэгэхээр эх орон гэж ийм л агуу юм даа.

-Эр хүний амьдралд цэргийн алба хаасан тэр жилүүдийн үйл явдал хожим нь нэлээд үнэтэй дурсамж болон үлддэг юм шиг ээ. Таны хувьд тэр гурван жилийн хугацаа хэрхэн өнгөрөв. Хожим хүнд ярих дурсамж хэр олон үлдсэн байдаг вэ?

-Би тэр гурван жилээс хүн муу найз нөхөртэй байвал буруудаж болох юм гэдгийг ойлгосон шүү. Олон аавын хөвгүүд нэг дор алба хааж байхад юу эс тохиолдох вэ. Тэдний дунд сайн муу янз янзын л улс байна. Намайг цэрэгт байхад хөөрхөн дуулдаг хүү гээд ах нар их өхөөрддөг байлаа. 1000 цэргээс 21-ийг нь сонгож харуул салааны ангид авсан. Дандаа өндөр сайхан эрчүүдийг сонгож авсан юм. Намайг чухам яаж авсан юм бүү мэд, би сонгогдсон. Салааныхаа хамгийн дор жагсдаг цэрэг байлаа, би. Намайг цэргүүд орой бүр дуулуулна. Тэгээд ах нар их өхөөрдөнө. Тэр үед атмаан хүн “моодонд” орж байлаа. Тийм хүн их гоё харагддаг ч байсан юм шиг. Би атмаануудтай их найзална. Намайг халагдахад манай ротын дарга эгчид маань, “Танай дүүг би гурван жил хадгаллаа. Ер нь бол танай дүү хэрэг хийгээд шоронд явах нь юу юм гэхэд, огт гэмгүй хүн биш шүү” гэж хэлсэн гэнэ билээ. Тэгэхээр нэлээд ширүүн нөхөр байсан шиг билээ. Халагдахаасаа хоёр сарын өмнө халимаг тавьчихсан явж байсан гээд бодохгүй юу. Өөрөө өөрийгөө халчихсан. Ротын дарга маань цэргүүдээ халчихаад над дээр ирээд нэг ногоон дэвтэр өгсөн. Тэгэхдээ, “Би чамд энэ дэвтрээ өгье. Энэ бол миний хар дансны дэвтэр. Чиний нэр мөн ч их бий дээ” гэсэн. Тэр дэвтэртэйгээ хамт надтай авахуулсан зургаа дурсгаж билээ. Одоо ч тэр зураг манайд бий. Үүнийг би одоо бодохдоо хүнд найзалж нөхөрлөж байгаа хүмүүс нь мөн ч их нөлөөлдөг юм байна даа гэж ойлгодог. Би тухайн үед хуучин цэргүүд буюу атмануудын бүрэн хамгаалалтад ороод оодроод ирсэн байхгүй юу. Гэхдээ цэргээс халагдаад эргээд л нөгөө энгийн амьдралдаа орсон л доо. Харин би өнөөдөр төрийн хайр хишигт багтсан, ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн дуучин боллоо. Үүнийг хэрвээ тэр ротын дарга маань уншиж суугаа бол надаар бахархаж суугаа даа гэж санадаг юм шүү.

-Хүний амьдралын хамгийн сайхан мөч гэвэл магадгүй залуу нас биз. Сүүлд таны “Залуу нас” гээд дуу гарсан байна билээ. “…Ай миний залуу нас ардын дуутай хамт явсан юм. Арван хэдтэй залуучууд айраг уугаад найраг уншаад дуулж явсан юм аа” гээд. Ингэхэд таны залуу нас хэр “шуугиантай” өнгөрсөн байдаг бол?

-Цэргээс халагдаж ирээд би 30 гараад амьдрал зохиосон хүн. Завханы театрынхан намайг мэднэ дээ. Ганцаараа нэг жижигхэн байшинд амьдардаг байлаа. Цайгаа чанаж уухдаа хүртэл хөгжим сонсч суудаг залуу байв. Миний цүнхэнд хөгжим үргэлж явдаг. Гэртээ пянз тоглуулагчтай. Барууныхны пянз цуглуулах миний хообий байлаа. Цахилгаан хөгжимд сонирхолтой, өөрөө тоглодог байсан. Миний залуу нас тийм л хэмнэлээр өнгөрсөн. Үдэшлэг, дуу хуур миний залуу насыг тойроогүй. Харин театрт ороод жинхэнэ “ажилласан” даа. Шөнө өдөргүй хөдөлмөрлөсөн гэж болно. Эхний хоёр гурван жилд өөрийгөө олж чадахгүй, хүн хүний дуу дуулаад л явдаг байсан. Сүүлдээ урлагаас гарч өөр ажил хийдэг юм уу гэж бодсон. Гэтэл харин “Үнэн” сониноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу гэж хүний ярилцлагыг уншлаа. Тэр миний амьдралд нэгэн шинэчлэл авчирсан ярилцлага байлаа. Гарчиг нь “Москва Ленин хоёр чинь миний хотонд байж шүү дээ” гэж байгаа юм. Хөдөлмөрийн баатар маань хонио хариулж явахдаа хоньтойгоо болон өөртэйгээ ярьдаг жаал байж л дээ. Бас гадаад руу явах хүсэл мөрөөдөлтэй. Москва орж үзэхсэн гэж тэр их хүсдэг байж. Мөрөөдлөөрөө өөрийгөө тэжээдэг, одоогоор бол их романтик сэтгэлгээтэй хүү юм. Тэгээд тэр хонио сайн хариулж өсгөсөн. Яваандаа хөдөлмөрийн баатар болсон. Ингээд Москвад очиж сэтгүүлчид олноороо ирж ярилцлага авч л дээ. Тэгэхэд Намхайнямбуу гуай, “Москва, Ленинград хот чинь миний хотонд байж. Би холыг хүсч мөрөөддөг байсан. Гэтэл миний мөрөөдөл манай хотонд оршиж байжээ” гэж ярилцлага өгсөн байдаг юм билээ. Үүнийг уншаад миний бодол огт өөр болсон. Ингээд энэ гурван бадаг дуунд миний амьдрал, хайр сэтгэл, нэр хүнд, төрийн хишиг, олон түмний хүндэтгэл гээд бүгд багтаж болохыг ойлгосон. Үүний төлөө өнөөдрийг хүртэл зүтгэсэн. Цаашид ч хөдөлмөрлөнө. Үнэхээр энэ гурван бадаг дуунд миний хүсэл мөрөөдөл багтсан байна. Ер нь залуудаа сайн хөдөлмөрлөсөн шүү. Залуусдаа сайн ажилла, гараа хөдөлгө, толгойгоо ажиллуул гэж хэлье. Чиний хийж буй ажилд хүсч мөрөөдөж байгаа бүхэн чинь бий, тиймээс хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Манай сэтгүүлчид энэ зун танай нутгаар явсан. Үнэхээр дуу алдам үзэсгэлэнт байгаль, уул ус биднийг бишрүүлсэн гэж болно. Тэр сайхан нутгаас ямар ч олон гайхалтай сод хүмүүс төрөн гарсан байдаг юм бэ. Тэдний нэг нь та юм. Хүмүүс МУГЖ С.Батсүх гэхээсээ илүүтэй Завханы гэж дууддаг шүү дээ?

-Би Алдархаан сумын хүн л дээ. Алдархаан Улиастайгаас 20-иодхон километр. Тиймээс хүүхэд байхдаа аймгийн төвд өссөн. Миний аав Украйнд сургууль төгссөн боловсролтой хүн байлаа. Надад нэг зүйлийг их аминчлан захисан юм. “Миний хүү энэ Отгонтэнгэр уулаа шүтэж яв. Өөр ямар нэгэн шашин гээд яахав. Ерөөсөө өөртөө итгэж, уул усаа шүтэж амьдар. 50 гарсан хойноо чи уулынхаа бэлд очоорой. Түүнээс бага залуудаа бол уулынхаа хормой бэлээс адис хүртээд явж байгаарай” гэж надад хэлсэн юм. Би уржнан жил Даянгийн орой дээр гарсан. Харин Бадархундага дээр төрийн тахилга тахилга болох үеэр л очно. Энэ бол аав минь надад захисан, миний одоог хүртэл бодож явдаг л зүйл. Тэр цагаан уулаараа овоглогдож өдийг хүрлээ. “Очирваань уул” нэртэй холбоогоо байгууллаа. Хоёр хүүдээ Б.Очир-Эрдэнэ, Б.Очирхуяг нэр хайрласан. Өөрөө Очирваанийнхаа тухай дууг дуулах дуртай. П.Очирбат ерөнхийлөгчөөс гавъяат тэмдэгээ авсан гээд миний амьдралд маш олон “очир” тохиосон учраас би үүнийг маш их шүтэж явдаг. Улиастайн гол гэж дууг Адарсүрэн гуай өөрөө Завханы хүн учраас нутагшуулаад дуулчихсан юм. Уг нь яг манай Улиастайг хэлсэн дуу биш юм билээ л дээ. Түүнээс манай нутгийн дуу хүмүүст нэг их түгээгүй байх үед би дуулж эхэлсэн учраас надад хүмүүс “Завханы Батсүх” хэмээх нэрийг хайрласан байх аа гэж би боддог. Тухайн үед Д.Цэвээнравдан, Ц.Жамъяан, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, Н.Лутбаяр нар Завханаа их сайхан бичдэг байлаа. Би айлаас эрэхээр авдраа уудал гэж нутгийнхаа хэдэн нөхдийн дууг анх дуулж эхэлсэн. Тэднийхээ уран бүтээлээр би гарч ирсэн. Хүмүүс тэгэхэд хажуудах улсуудаа тоохгүй өнөөх мундагуудад дуу захиалдаг байсан үе шүү дээ. Би харин тэгээгүй. Нутгийнхаа нөхдийн дууг л дуулсан. Миний оносон нь гэвэл тэр байх. Одоо харж байхад нутгийнхаа уул, ус, даваа гүвээ гээд бараг бүгдийг нь дуулсан байна.

-Таны “Завхан гол” дуунд миний хүүхэд насны гэгээн дурсамж ямар нэгэн сэжмээр холбоотой байдаг юм. Хэдийгээр манайх Завханы айл биш ч дүү маань “Элсний нүүдэл шиг чимээгүй урсдаг” тэр алдарт голын тухай хүүхэд ахуйдаа үргэлж шахуу дуулдаг байсан юм л даа. Тиймээс би энэ дууны талаар таниас зориуд онцолж асуумаар байна?

-“Саа мөнгөн Хэрлэн”-г би огт үзээгүй хэрнээ “Санаанд нэг л уянгатай, Саа мөнгөн Хэрлэн минь” гээд дуулдаг байсан. Өргөн Сэлэнгэ гээд бий. Харин намайг “Завхан гол”-ыг анх дуулаад “Морин хуур” наадамд бичүүлэх гээд ирэхэд хүмүүс жалгын дуу гэж хэлж байсан юм шүү. Гэтэл би энэ дууг жалгын дуу болгоогүй. “Завхан гол” дуу бид хоёр анхны хит парадад түрүүлж байлаа шүү дээ. Үнэхээр хүмүүсийн хэлж байсан шиг жалга довны дуу биш байжээ. Намайг урд явж байхад өвөрмонголчууд дуулж байлаа. Тэгэхээр би хүмүүст нэлээд хүрсэн юм байна гэж боддог юм. Америк, Баруун Европоор явж байхад манайхан зөндөө дуулдаг. Монголчууд нутгаа санасан сэтгэлээ унаж өссөн нутаг, уул усныхаа тухай шүлэг, дуугаар илэрхийлдэг юм билээ. Гадаадын дотоодын олон хүн үүнийг дуулах дуртай байдаг учраас би “Завхан гол”-оо нэлээд хол “урсчээ” гэж санадаг юм. Шүлгийг нь бичсэн Н.Лутбаяр өөрөө Сүхбаатар аймгийн хүн. Манай нутагт хүргэн болж очиход нь Завхан гол их гоё харагджээ дээ. Тэгээд тэр сэтгэгдлээ шүлгээр илэрхийлсэн. Манай Жамьян багш үүнд нь таарсан сайхан аялгуу бичиж би түүнийг нь дуулсан.

-Дуучин бүхэнд өөрийн гэсэн онцлог бий байх. Дуугаа хүнд хүргэх барил ч гэх үү?

-Манайхан ярьдаг л даа. Дуу тийм байх ёстой, ингэж хүнд хүргэх хэрэгтэй гээд л. Минийхээр дуу бол сэтгэлийн урлаг. Хүний сэтгэлээс гарсан дуу хүнд үлдээд байх шиг санагддаг юм. Ялангуяа 60, 70-аад оны дуунууд хүний сэтгэлээс зүгээр л аяндаа урсан гарсан мэт байдаг. Одоо бол хэт гоёчлох гээд, шууд “хийгээд” эхэлж байна шүү дээ. Би айхтар мэргэжлийн дуулах гэж бодоогүй. Чин сэтгэлээсээ дуулая л гэж зорьсон. С.Батсүх өөрийнхөө мөн чанар, чин сэтгэл, араншингаа тэр дуундаа л шингээсэн болохоос биш би тийм гайхамшигтай хүн биш ээ. Би байгаа зүйлийг тэр хэвээр л үлдээхийг зорьдог. Би чамтай яг одоо энгийн ярьж хөөрөөд сууж байгаа шигээ амьдрал дээр ч тийм байхыг хүсдэг. Дуугаа ч тэгж дуулдаг. Түүнээс биш өөртөө байхгүй зүйлийг гаргаж ирэх гээд гоёчлоод байсангүй. Би энгийн өөрийнхөөрөө л дуулсан. Азаар тэр маань хүмүүст таалагдсан. Ийм л юм. Ах нь хэзээ ч өөрөөсөө ондоо дүр эсгэж, хиймэл баг зүүчихээд дуулж байсангүй. Бүтээлийнхээ эзэн нь биш боол нь юм шиг хайрлаж, хөдөлмөрлөж ирсэн. Тэр хайртай бүтээлээ туурвихын тулд маш их хөдөлмөрлөсөн. Одоо би дуунуудаа залуучуудад чөлөөтэй өгч байна. Яах юм бэ. Энэ ганцхан миний дуу гээд би дараад хэрэггүй шүү дээ. Залуучуудаараа дуулуулж тэднийг дэмжих хэрэгтэй. Гэтэл манай дуучид өөрийнхөө дууг харамлаад араас нь хэл ам хийгээд байгаа харагддаг. Харин миний дууг залуус дуулаг л дээ. Хожим нь энэ дууг анх С.Батсүх дуулжээ гэж хэлж байвал болох нь тэр.

-Хоёулаа яриагаа эргээд хил рүү хандуулая. Та хилийн багана дээр очиж үзээгүй гэж ярьж байсан?

-Уран бүтээлч бүхэнд хил дээр очиж, тэр жинхэнэ монголоороо оршин байгаа хилчдэд уран бүтээлээ хүргэхсэн гэсэн бодол байдаг. МУГЖ Д.Галсантогтох л байнга хил явлаа гэдэг юм. Гурав бүтэн тойрчихсон гэсэн байх шүү. Би тэгээд Гааяад, “Намайг аваад яваач” гэж хэлдэг л юм. Би тэгж яваагүй учраас хил дээр очиж, хилчидтэйгээ уулзах хүсэл байнга байдаг. Тиймдээ ч би энд хилчдийн талаар худлаа магтаж, үгээ гоёчилсонгүй. Байгаа зүйлээ үнэнээсээ л хэллээ. Хилчид боддог л байх, С.Батсүх гэж хүн сонинд байнга л элдвээр бичүүлж хэлүүлж байх юм. Харин юу бодож санаж явдаг юм бол гэж боддог байж болно. Тиймээс би танай сонинд чин сэтгэлээсээ ярилаа шүү. Бүгдийг худлаа хэлж будаж гоёсонгүй. Дээр хэлсэн шиг хамаг залуу насаа тэнд зориулж байгаа хилчид үнэхээр мундаг санагддаг юм аа. Мундаг гэдэг үгэнд олон утга бий шүү дээ. Тийм биз. Би үнэхээр хилийн багана дээр очиж үзээгүй. Үзэхсэн гэсэн бодол дэндүү их. Харин хилийн заставт очиж, цэргийн хуаранд нь унтаж үзсэн шүү. Гоё л юм билээ. Хилчдийн хоол их сайхан байдаг. Би олон газар очиж байсан. Бидний дунд “гоё үзэгчид” гэсэн нэг яриа бий л дээ. Энэ ойлголтыг сануулсан хамт олон нь мөн хилчид юм. Эх орныхоо хилийг манаж байна гэдэг “аймаар” том “юм” байгаа биздээ, бурхан минь. Бодоод үздээ. Тэр жаахан хөвгүүд эх орон гэж зүйлийг хайртай хүмүүстэйгээ хамт сэтгэл зүрхэндээ тээчихээд түүнийхээ төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байна шүү дээ. Би тэгж хилчдийг хайрладаг. Хүндэлдэг. Би өөрийнхөө гуравхан бадаг дуугаа мундаг томд тооцдог. Гэтэл миний тэр том “зүйл” хилчдийн гүйцэтгэж байгаа үүргийн дэргэд өчүүхэн болоод хувирчихдаг юм.

-Залуучууд нэг хэсэг мартагдах дөхөөд байсан ардын язгуур урлагийг өнөөдөр нэлээд дэлгэрүүлж байна. Энэ төрлөөр таньтай хамтардаг олон залуус байдаг юм билээ?

-Сүүлийн үед манай залуус ардын язгуур урлагаа сэргээж, цаашид өвлүүлж үлдээхээр их зүйлийг байна. Би үүнийг их дэмждэг. Монголчуудын эртнээс нааш өвлүүлж ирсэн энэ сайхан уламжлал бидний үр хойчид үлдэх ёстой юм шүү дээ. Гэхдээ надад энэ ардын урлагийг хөгжүүлье, авч үлдэе гээд явж байгаа залуус нэг талаараа хилчидтэй ажил үйлсээрээ төстэй санагдах нь бий. Намайг ингэж хэлэхээр хүмүүс гайхаж магадгүй л дээ. Эх орны хил хязгаар ийм юм шүү, үүнийг хүнд алдаж болохгүй гэдгийг ухамсарласан хилчид, энэ соёл бол монголынх юм, үүнийг зөвхөн монголчууд хөгжүүлж, өөрсдийнхөө үнэт өвд үлдээх ёстой гэсэн зорилготой залуучууд хоёр ижил байгаа биз. Яахав бусад хүнд энэ ялгаатай мэт санагдаж болно. Надад бол төстэй л санагддаг. Залуус сайхан хөөмийлдөг болж байна. Морин хуурын дугуйлан сургалтад эцэг эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлж байна. Шанз ятга тоглож чаддаг хүмүүс үнэд хүрч байна. Энэ тун сайхан хэрэг.

-Та бид хоёрын ярилцлагыг уншаад аль нэгэн отряд ангиас манайхаар ирж тоглооч, уран бүтээлээ хүргээч гэсэн санал ирвэл…?

-Шууд явна. Үүн шиг сайхан юм гэж юу байхав. Цаг зав маань сайхан таараад өгдөг болоосой. Тэгвэл асуудалгүй хил рүү явна даа. Ингэхэд танай хамт олон ч гэсэн хил рүү томилолт гараад явах болвол надад хэлээрэй. Хамтдаа явж болно биз дээ.

-Бололгүй яахав. Магадгүй хил, хилчдийн тухай дуу бидний аян замын богцноос гарах ч юм билүү?

-Чи яг миний хэлэх гэж байсныг санууллаа. Хилчид надад сайхан шүлэг өгөхгүй юм байх даа. Би өөрөө ч ая хийж болохоор байна. Хүсвэл өөр мундаг чадалтай хөгжмийн зохиолчдоор ая данг нь тааруулаад сайхан дуу бүтээе л дээ. Хил, хилчдийн сэдэв ядуу байх учиргүй. Дэндүү өргөн дэлгэр баян сэдэв шүү дээ. Хилчдийн тухай нэг сайхан дуу хийхсэн гэж ах нь бодож л яваа. Танай сониныг харж байхад хилчдээс зөндөө олон шүлэг ирдэг юм байна шүү дээ. Хөгжим хийлгэх шүлгээ надад хаяглаад сониныхоо редакци руу явуулаарай гэж хилчин залуустаа хэлье. Ингээд хилчидтэй чин сэтгэлийнхээ яриагаар уулзах боломж олгосон “Эх орны манаа” сониныхонд маш их баярлалаа. Хилчидтэйгээ удахгүй уулзахын ерөөл өргөе. Уулзатлаа баяртай.

-Сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗАВХАН(122.254.127.66) 2025 оны 03 сарын 13

ХАЛУУД НӨХРИИГ 3 ЖИЛ ДУУЛУУЛЖ АМЬД РАДИО БОЛГОЖ ЗУГААГАА ГАРГАХГУЙ ЮУ НӨХӨР БОЛОХООР ӨӨРИИГӨӨ АТАМАН ГЭЭД БОДЧИХСОН

1  |  0
Top