Танин мэдэхүй: “Галзуурсан” өргөст хэмх

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 27

Германы алдарт эрдэмтэн Гумбольдт Америк тивд домогт Амазонкийн сав газраар аялж явжээ. Мэдээж жирийн аялал зугаалга биш, нөгөө л эцэс төгсгөлгүй эрдэм судлалынхаа ажлаар явж байсан болж таарна. Шөнийн нам гүмийг эвдсэн чих дүлийрэм их чимээ гарчээ. Яг л их буугаар буудаж буй мэт энэ чимээг хожим нь ургамал судлаач Спрус гэгч учры нь олж тайлбарлав. Тэр аварга том чимээний шалтгаан нь модны гадна талын давхраа их дулаан, чийглэг нөхцлөөс болоод маш хурдан ургахад бусад хэсэг нь түүний ургалтыг гүйцээгүйгээс болоод модны эд эс тасарснаас гарч байна гэж үзжээ. Мод гэгч дуулдаг, ёолдог, баясаж инээдэг аж. Нэгэн ботаникийн цэцэрлэгт гура крепитаж гэдэг модны жимсийг үзмэр болгож шилэн саван дотор тавьжээ. Хэд хоногийн дараа музейд хүмүүс хамгийн олон байсан тэр үед чих дүлийрэм “буун дуу” гарчээ. Лангууны үзэсгэлэнгийн шил ч хага үсрэв. Ар араасаа хэд дахин “буудах” чимээ гарав. Түгшиж сандарсан хүмүүс хаалга зад дайран гарч, музейд анархистууд орчихож гэж гудамжаар хашхиралдана. Тэр анархист нь нөгөө гурагийн  жимс байж. Хатаж буй үрээрээ сайхь мод буудсан нь тэр юмсанжээ. Жимс нь шил хагартал хүчтэй дэлбэрсэн аж.  Ургамал янз бүрээр үрээ тараадаг. Зарим нь салхиар, бусад нь ан амьтнаар, гурав дахь нь дээрх шиг “их буу”-гаар эргэн тойрондоо цацна. Ургамал бүхэн тэгж том дуугарч сүйд болдоггүй нь мэдээж.

Австрийн ургамал зүйч Л.Кернер: Вена хотын ойролцоох Халзан гэдэг уулын оройд дарикжум хэмээх жижигхэн бутлаг модноос хэдэн мөчир авчирч, бичгийн ширээн дээрээ тавив. Дараа өдөр нь би ширээнээ ном уншиж суутал нөгөөх мөчрөөс нэг үс үсрэн ирж маш хүчтэйгээр намайг цохив. Ар араасаа нэгэн янзын дуу гарган тавиад үс үсэрч гарлаа. Цонхоор тусах нарны гэрлийн улмаас энэ сонин үзэгдэл бий болсон байх гэж тэмдэглэжээ. Иймэрхүү “ногоон их буу” ургамлын аймагт цөөн бус байдаг гэнэ. Нугын тарлан цэцэг гэгч дэлбээ нь хатахын хамт үр нь дотроос нь нисэн гарч, нум маягийн замаар хол үсэрнэ. Бас нэг сонин ургамал байдаг аж. Нэр нь Бүү хүр гэх. Бүү хүрийн жимсэнд хүрэхтэй зэрэг гонзгойвтор жимс нь урт тууз болон задарч, дорхноо эвхрэн эргэн тойрондоо үрээ цацна.

Крымд ургадаг өргөст хэмх бол хамгийн дайнч ургамал. Болц нь гүйцээд ирэхэд “галзуурдаг” аж. Хүн амьтныг тоглоом бишээр айлгаж чадна. Үндэснээсээ өргөст хэмх салж, нүхнээсээ үр бүхий наалдамхай шүүсийг зүг бүртээ 6-8 метр зайд цацдаг аж. Үүний учир нь “галзуу” өргөст хэмхийг боловсорч байх явцад дотор нь хий хуралддаг. Болц гүйцэх үед доторх даралт нь гурван атмосферт хүрнэ. Гэрийн ургамлаас илүүгээр гайхал төрүүлдэг ид шидэт гэмээр ургамлууд халуун бүсийн нутагт элбэг. Мод хөгширсөн бол хяхтнан ёолно, заримдаа мөчир хоорондоо зууралдан дуу алдана. Намрын хуурай салхитай өдөр эргэн тойронд навчис сэрчигнэн шивнэлдэнэ, биесээ “үнсэнэ”. Зөөлөн аядуухан дуулна. Энэ бол ургамлын ертөнцийн авиа чимээ, ая зан болой. Нарийвчлан ажиглавал хүмүүсээс ялгаа юун. Нэг л өвөрмөц сонин ертөнц юм даа. Гонконгийн нэг хүн Хөх мөрнийг өгсөн хулсан ойгоор аялсан тухайгаа ийн ярьжээ. “Би аварга том хулсан ойн дундах зочид буудалд буулаа. Үүрээр тэр ойн зүгээс ёолох, уйлах, хяхтнах муухай дуунаар сэрчихлээ. Айсандаа хамт байсан хүнээ сэрээвэл цаадах нь тоосон ч үгүй, өө энэ бол аварга хулсны мөчир өөртөө зам гаргаж ургаж буй нь тэр ээ, унт унт гэв”. Чийглэг дулаан өглөө хулс маш хурдан ургадаг бөгөөд үрэлт энэхүү янз бүрийн дуу авиа гаргадаг ажгуу.

Э.Хархүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.27) 2016 оны 10 сарын 01

Танин мэдэхүйн гоё сонирхолтой мэдээлэл байна. Бас мэдэж байхад илүүдэхгүй юм байна. Баярлалаа

0  |  0
Top