Сэтгэх биш бодох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 05

“Би боддог учраас би байдаг.” Ренэ Дескарт

Хорвоо ертөнцийн тухай бодох бодол нь хүмүүсийн өдөр дутмын амьдралын заавал үйлдэх үйлдэл. Хэдийгээр хүн бүр адилхан ухаан эзэмшдэг ч гэлээ хүмүүсийн ухаандаа бодох төрлүүд нь мөн бодлуудын арга нь тодорхой биш.

Хүн бодолдоо хэрхэн яаж бодож байна вэ, хэрхэн бодолдоо ойлгож байна вэ мөн цаашлаад бодлоо хэрхэн үгээр илэрхийлж байна вэ гэх мэт асуултууд анхнаасаа л философийн асуултууд байсан. Учир нь хүн хэрхэн бодсоныг мэдсэний эцэст л хүмүүс хоорондоо ойлголцох боломжтой.

Ертөнцийн тухай хүн өөрөө л өөрийнхөөрөө л төсөөлдөг тийм учраас зөрөөтэй байх нь мэдээжийн. Харин хүмүүс бодлуудаа харилцан солилцож ойлголцож байж л төсөөлөлдөө засвар хийх бөгөөд эндүүрлээс мултарч ертөнцийг таньж мэдэхэд тустай.

Би бодсон гэж хэлэхийг мөн хүн бодлоо илэрхийлэхийг зөвшөөрдөггүй нийгмүүд голдуу диктатуртай буюу тоталитаризмтай байдаг. Тийм нийгмүүд хүн өөрийнхөө бодлыг чөлөөтэй хэлэхийг хазаарлаж хорьдог. Ийм нийгэмд хүмүүс би гэж ч хэлэхгүй бас өөрийнхөө бодлын тухай хэзээ ч ярихгүй.

Нийгмийн дотор хамгийн их тархдаг шүлэг ба яруу найрагт би гэж бичигдээгүй бас хүний бодлын тухай өгүүлээгүй нөхцөлд тэдгээр нь зөвхөн абсурд буюу хийсвэр болж хувирдаг. Энэ чиглэлийн урлаг ихэнхидээ амьдралаас хэт хол хөндий болж хувирсан муу талтай.

Театрын дүрүүд ба уран зохиолын дүрүүд нь хүмүүсийн жинхэнэ бодлыг илэрхийлдэг учраас тайзны урлаг нь аль ч нийгэмд шууд бишээр бодлоо илэрхийлэх сайн талтай. Тийм учраас нийгмийн толь болж амьдралыг уран сайхнаар дүрслэх чадвартай.

Сайэнс бол хувийн бодлууд илэрхийлэгдэж чаддаг мөн бодол нь цаашаагаа цэвэр мэдлэг болдог мэдлэгийн байгууллага. Тийм ч учраас мэдлэгийн ажлууд нь бодлыг мэдлэгээр илэрхийлэх эсвэл мэдлэгээ бодлоороо илэрхийлсэн ажлууд байдаг. Мэдлэг бол нийтийн өмч ба нийгмийн баялаг учраас үргэлж ихсэх ёстой бас хамгаалагдах ёстой.

Хүмүүсийн бодлоо хэлэхдээ юунд үндэслэн, ямар шалтгаанаар мөн яаж илэрхийлж байгааг философичид олон зууны турш судлаж ирсэн. Философид бүхий л бодлууд нь хувь хүний бодлууд байдаг ба би бодож байна гэдгээ заавал илтгэж мөн зохиол бүтээлдээ онцлон тэмдэглэдэг. Философ бол тухайн хүний яаж, яагаад мөн хэрхэн бодсон бодлуудын сургаал.

Хүн төрөлхтөний түүхэнд олон том том бодогчид төрсөн. Тэр том бодогчид зөвхөн гүн гүнзгий бодоогүй бас өргөн цэлгэр бодож чадсан. Хамгийн анхны бодогчид философийн салбараас үүсэлтэй.

Зураг 10: Ренэ Дескарт

Хүн хэрхэн боддог тухай гүн бодол хийсэн нэрт философич бол Дескарт. Түүний гол зорилго нь бидэнд “тусах” ертөнц ба “материйн” ертөнц хоёрын жинхэнэ ялгааг бодолдоо бодож олох байсан. Байгалийн хууль гэж хүмүүс юуг нэрлэх тухай бас тэр бодсон.

Францын философич, математикч Ренэ Дескарт 1596 онд төрсөн. Тэр 1650 оны 2 сарын 11 нд нас барсан.

Дескартыг “рационалист” гэж нэрлэдэг. Философид хүний бодох бодлуудыг дараах гурван төрөлд ангилдаг.

  • Эмпирист
  • Рационалист
  • Идеалист

Эмпирист бодол нь хүн өөрийнхөө мэдрэх мэдрэлүүдийг урьтал болгож бодсон бодлын тусламжтайгаар найдвартай мэдлэг олж авна гэсэн теори.

Рационалист бодол нь заавал мэдрэх мэдрэлүүдээрээ мэдрэх шаардлагагүй тэдгээрийг урьдчилан тооцоотой бодож мэдлэгт хүрэх боломжтой гэдэг. Учир нь мэдрэмж бол барагцаагаар мэдэхтэй адил. Тиймээс рационалистууд тооцоолж мэдэхийг чухалд тавьдаг.

Идеалистууд бүхнийг ухаан л бүрэн мэдэх чадвартай гэсэн теориг барьдаг. Эцсийн эцэст хүн ухаанаараа цэвэр бодож чадвал цаашаагаа ухамсарт хүрэх боломжтой. Ухамсар бол мэдлэгийн эх үүсвэр гэж идеалистууд бичдэг.

Хүн ухаандаа бодох бодлоо үргэлж өөрчилж, шинэчилж бас сайжруулж чадсаны үр дүнд л мэдлэг авах боломжтой. Бодохгүйгээр мэдсэн мэдлэг ул суурьгүй учраас зөвхөн л түр зуурын богинохон настай.

Бодол гэж юу вэ. Хүн ухаандаа хэрхэн боддог вэ. Хүмүүс ухаандаа бодохын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Төсөөллүүдээсээ, хандлагуудаасаа мөн реакцуудаасаа хэрхэн ангижирч өөрөө бодож чаддаг болох вэ.

Бодож чаддаг болохын тулд эхлээд дүрсэлж бас зураглаж чаддаг болох хэрэгтэй. Бодох техникуудыг эзэмшиж сурсаны дараа л хүн өөрийн гэсэн бодолтой болох боломжтой. Бодож чаддаг болох нь нас ахихтай адил бас хугацаанаас их хамааралтай.

С.Молор-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top