Саяхан даа, хэд хоногийн өмнө Монгол, Орос, Хятадын төлөөлөгчид хуралдаж, Ази-Европыг холбосон төмөр замын цаашдын хөгжлийг хэлэлцжээ. Тэндээс сонсох нь шинэ төмөр зам Бичигтийн боомтоор дамжуулан зүүн хойт Азийг ОХУ, Европ тивтэй холбох хамгийн дөт төмөр зам, авто болон агаарын зам нээх боломжийг бүрдүүлэн олон улсын тээврийн урсгал бий болгож үндэстэн дамнасан худалдаа арилжаа хийх боомт хот байгуулахаар болж байх шиг.
БНХАУ-ын Зүүн хатавч боомт хүртэл Хятадын талаас авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам тавигдсан бөгөөд ирэх жил гэхэд төмөр замд холбогдох юм байна. Ингэснээр Монгол Улсын хувьд Бичигт-Зүүн хатавчийн боомтоор дамжин БНХАУ-ын Жинжоу боомтоор далайд гарах хамгийн дөт зам, харилцааны шинэ нөхцөл боломж бүрдэх учраас Сүхбаатар аймгийн нутагт төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажил зүй ёсоор шаардагдаж байна.
Ингэж зүүн бүс нутгийг хамруулан аж үйлдвэрийн парк байгуулж, хил орчмын аялал жуулчлал, авто болон төмөр замыг хөгжүүлж шинэ цогц бодлого, шийдвэр, боломжууд гарч гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж буй тул БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд консулын газар нээх асуудлыг шийдэж өгөхийг Монгол Улсын Засгийн газарт тавьсан.
Их сайхан асуудал гаргаж ирж. Хэрэгжих аваас манайд чухам хэрэгтэй энэ ажлыг харин хэзээ эхлүүлэх нь маш том асуудал. Яагаад гэвэл хоёр хөршийн хувьд Монгол Улс ямагт том бялуу байсаар ирсэн. Тэгвэл яг манайхтай адил хувь тавиланг амссан Киргиз улс төмөр замын зангилаанаас болж хэрхэн хэцүүдсэнийг жишээ болгон авъя.
Монгол Улсад “Шинэ төмөр зам” төсөл шиг ирээдүйг заагч гэрэл үгүй. Харин олон жилийн өмнө киргизүүдийн мөрөөдөл байсан төмөр зам өдгөө “Тэнгэр уулын мухардал” гэдэг нэртэй болжээ. Гэтэл Ази-Европыг холбосон энэ зангилаанд нөлөөгөө тогтоох гэсэн хоёр том гүрний зөрчил киргизүүдийг Тэнгэр уулын мухарт эргэдэг ганц төмөр замтай болгочихоод байгаа нь үнэн.
Тэд 268 километр урт төмөр зам тавихаар 16 жилийн турш зүтгэж байгаа, мэдээж хоёр хөршийнхөө тусламжтайгаар. Уг нь Зүүн Европ-Хятадыг холбосон маш дөт чиглэл, Транс Сибирийн замаас 900 километрээр товч зам юм билээ. Гэтэл Транс Сибирийн төмөр замтай өрсөлдөх шинэ маршрут бий болгохыг Оросын тал хүсэхгүй нь мэдээж. Тиймээ л Оросуудаас эмээж энэ замыг эхлүүлж ч чадахгүй байгаа ажээ.
Төслийг санхүүжүүлэх хоёр гарц тэдэнд байгаа. Нийт санхүүжилтийг Хятадын талаас гаргуулж төмөр зам барьсны дараа эргүүлэн төлөх боломж байна. Ойролцоогоор 10 жилийн хугацаанд зээлээ эргэн төлөх тооцоо гарчээ. Эсвэл Төрийн өмчит компани байгуулж 51 хувийг Киргиз, 49 хувийг хятадуудад эзэмшүүлж болно гэж тэд үзэж байгаа юм.
Киргизэд төмөр зам тавих сонирхол хятадуудад их байна. Тэд одоо жилд дунджаар 50 сая тонн буюу 200 мянган чингэлэг ачааг дэлхийн хамгийн урт төмөр замаар зөөдөг байна. Энэ нь хэчнээн үр ашиггүй зардал гаргадгийг хятадууд тооцож үзсэн нь лав. Тийм дээ ч шинэ гарц хайж байгаа юм. Тэд Транс Сибирийн төмөр замаар биш, харин Киргизийн мөрөөдлийн шинэ төмөр замыг байгуулснаар Европын зах зээлд нийлүүлдэг тээврийн зардлаа багасгах ажээ.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ онд 21 сая тонн ачаа тээвэрлэсэн. Рекорд гэсэн үг. Тэгэхээр ачаалал ч тэр хэрээр нэмэгдэнэ. Гол нь манайд ачих юм байдаг ч төмөр замын хүчин чадал 21 сая тонноос давж чадаагүй хэрэг. Хэлэлцээр ширээний араас хөдөлж чадахгүй л бол энэ байдал давтагдсаар байх ба бүр удах аваас Киргизийн түүх ч манайх болох вий.

Сэтгэгдэл ( 0 )