Сангийн яам гадаад өрийг өсгөх “мэргэн” санаа олж, Монголыг дампууруулахаар шийдэв

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05

Монгол Улсын Сангийн яамнаас гадаад өрийн дээд хэмжээг өөрчлөх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлжээ. Засгийн газраас гадны хөрөнгө оруулалт, өрийг дэд бүтцийн хөгжилд илүүтэй тусгах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Гэхдээ Засгийн газар гадаад өрийн нийт хэмжээг ДНБ-ий 70 хувьтай тэнцэхүйц болгож өсгөх сонирхолтой байгаа аж. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт энэ талаар өнгөрсөн сарын 30-нд анх мэдэгдсэн юм.

Монголын гадаад хөрөнгө оруулалт, экспортын орлого буурч, 2014 оны эхний хоёр сард 28 хувиар доошилсон. Тэгэхээр дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх хувилбарыг сонгож болж байгаа гэж яамны мэдэгдэлд онцолжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын намрын чуулганаар гадаад өрийн хэмжээг 60 хувь болгох тухай хуулийг төслийг УИХ цуцалсан. Сангийн яамнаас өрийн хэмжээг өсгөх талаар ажиллаж байгаа нь өөрчлөлтийн нэг хэсэг гэж Х.Ганцогт хэлсэн.

Энэ төлөвлөгөөнд мөн төрийн батлан даалттай 20 хувийн хязгаар ч багтаж байгаа аж. Хамгийн гол нь энэ өөрчлөлт Засгийн газрын зарцуулалтад ихээхэн нөлөөлнө гэж яамны удирдлагууд үзсэн байна.

Монгол Улсын гадаад өр 2012 оны гуравдугаар сараас хойш ойролцоогоор 2.3 тэрбум ам.доллараар өсчээ. “Standard & Poor’s” олон улсын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Монголын эдийн засгийн тулгамдсан асуудлыг нэрлээд, манай зээлжих зэрэглэлийг В+ ангиллаас буулга В- болгосон. Мөн хөрөнгө оруулалтын нөхцөлийг дөрвөн оноогоор доошлуулжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээг 40 хувиар баталсан ба 2010 онд уул уурхайн орлогоос тогтмол хуримтлал үүсгэхээр болсон. Гэтэл 2013 онд энэ хэмжээ ДНБ-ий 49.5 хувийг эзэлж байв. Өнөөдөр монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1786 төгрөг болсон. Үүнийг юуны үр дүн гэх вэ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top