С.Мөнхтуяа: Хар тамхи хорт хавдраас хэд дахин хурдан хордуулдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Сүүлийн үед хар тамхи буюу мансуурах бодисонд донтсон, хэрэглэсэн, тээвэрлэсэн гэх зэрэг хар тамхитай холбоотой хэргүүд маш ихээр гарах болсон. Өнгөрсөн 10 дугаар сард л гэхэд энэ төрлийн дөрвөн хэрэг ЦЕГ-т бүртгэгдсэн. Манай сайт энэ хэргүүдийн талаар сонирхохыг оролдсонгүй. Харин энэ хар тамхи гэж юу болох, яагаад хүмүүс үүнд донтдог талаар СЭМҮТ-ийн эмч, Анагаах ухааны доктор С.Мөнхтуяатай ярилцлаа.

Хар тамхи гэж юу вэ? Хүнд яаж нөлөөлөөд байна?

- Хар ярианы хэллэгээр хар тамхи гэж яриад байгаа нь мансууруулах бодис буюу сэтгэц идэвхит бодис. Өөрөөр хэлбэл Олон улсын конвенцед багтсан улс орнуудын нэгээс дөрөв дэх жагсаалтад байдаг эм, бодисууд хамаардаг. Энэ бодисууд эмнэлгийн болон хуулийн, нийгмийн гэсэн гурван талын цензуртэй. Хуулийн талаас авч үзвэл тухайн бодисыг авч явсан, хэрэглсэн, зарсан, бусдад дамжуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Хар тамхинд донтогч гэж ямар хүнийг нэрлээд байгаа вэ гэхээр хүний  бие организмд хараат байдал үүсч, тухайн бодист донтох эмгэгтэй болсон хүнийг хэлж байгаа юм. Жишээ нь хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг химийн аргаар гаргаж авсан өвчин намдаах эмүүд байна. Байгалийнх нь бол нунтаг цагаан буюу хүмүүсийн хэлж яриад байдаг хар тамхи юм. Энэ нь маш хүчтэй хараат байдал үүсгэдэг. Нэг удаагийн хэрэглээний дараа ч шууд хамааралтай болж эмгэг үүсгэх боломжтой байдгаараа маш аюултай зүйл. Хэрэглэсэн хэмжээнээсээ хамаарч нэг удаа хэрэглээд шууд үхэж ч болох аюултай. Ийм төрлийн бодисыг хэрэглэхийг сэтгэцийн болон төрхүүлийн эмгэг гэж хэлдэг. Зарим төрлийн бодисууд нь сэтгэлийг сэргээж байдаг. Үүнийг хүүхэд залуучууд баар цэнгээний газар орохдоо оройн цагаар дуулж, бүжиглэхдээ ядрахгүй байх, сэтгэлээ зохиомлоор хөөргөхийн тулд хэрэглэдэг. Эдгээр нь ихэвчлэн эм хэлбэрээр байдаг. Харин зарим нэг нь бүр тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй. Хүн болгон мэддэг димдрол, фенобарбитал зэрэг эмүүдийг хэрэглэснээс болж бас донтох эмгэг үүсч болдог. Бүр цаашилбал хий үзэгдэл хардаг болгодог бодис ч гэж байдаг. Хий зүйл харах, сонсох, мэдрэхийн тулд зориуд хэрэглэх нь ч бий. Харин дараагийн бүлгийн бодисууд нь дэгдэмтгий, ууршимтгай байх жишээтэй. Хууль бус хэрэглээ яваандаа эрүүгийн хариуцлага хүлээнэ, эсвэл нийгэмд аюултай үйлдлүүд хийнэ, эсвэл эрүүл мэндээр хохирох буюу донтох эмгэгтэй болдог.

- Яагаад хүмүүс нэг хэрэглэсний дараа дахин дахин хэрэглэх гээд байдаг юм бол? Хэрэглэсэн хүн бүр ийм донтох эмгэг тусдаг уу?

- Хэрэглэсэн хүн болгон донтох албагүй л дээ. Зарим хүнд тааламжтай санагдаагүй, өөрөөр хэлбэл нэг удаа сорж үзэхэд тааламжтай мэдрэмж төрөөгүй бол дахиж хэрэглэддэггүй гэсэн үг. Мөн тухайн хүний төрөлхийн зан характер, сэтгэл зүйн байдалаас болоод донтох тохиолдол байдаг. Нөгөө талаасаа бол ямар нэгэн байдлаар архинд хамааралтай хүмүүс бас донтох тохиолдол гардаг. Эдгээрийг хамтад нь хэрэглэсэн хүнийг олон бодист донтох эмгэгтэй хүн гэж нэрлэдэг. Эмгэг гэдэг нь эрүүл биш байдал гэсэн үг. Өөрөө хэлбэл тухайн хүнийг дахин дахин хэрэглээсэй гэсэн дур хүслийг нь өөрөөс нь хамааралгүйгээр өдөөх сэтгэцийн хамаарал гэж ойлгож болно. Яваандаа бие организм, жишээ нь элэг нь гэмтдэг. Элэг бол хүний бие дэх хортой зүйлийг хоргүйжүүлж байдаг эрхтэн учраас өвчилдөг. Мөн тунг нь хэтрүүлснээс амиа алдах тохиолдлууд ч их гардаг. Ямар замаар хэрэглэж байна гэдгээсээ хамаараад янз янз байдаг. Судсаар тарьж хэрэглэдэг тохиолдолд зүү тариураар дамжин халдварлаж болох олон халдварт өвчин байдаг. Эндээс хамгийн аюултай зүйлс гэвэл элэгний С вирус, ХДХВ буюу ДОХ-оор өвчлөх магадлал нь өндөр болдог. ОХУ, Хятад зэрэг манай орны хоёр хөршийн ХДХВ ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн 85 хувь нь судсаар мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хүмүүс байдаг. Энэ мэтчилэн эрсдэлүүдийг дагуулдаг юм. Үүнээс болоод хүний бие организм болоод зан төрх өөрчлөгддөг. Ингэж өөрчлөгдөөд байгаа хүний өвчин эмгэг нь улам даамжраад байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг бие махбодийн болон сэтгэцийн хараат байдал гэж үзэж болно.

- Нэгэнт энэ хар тамхи гэдэг зүйлд донтсон, өөрөөр хэлбэл тэр донтох эмгэг туссан хүмүүст эмчилгээ хэрхэн хийдэг вэ? Бүрэн эдгэрэх тохиолдол байдаг уу?

- Эмчилгээний хувьд юу хэрэглэж байсан гэдгээс нь шалтгаалаад эмчлэх арга замууд нь өөр өөр байдаг. Опиодийн шалтгаант буюу донтох эмгэгтэй хүмүүсийг эмчилэхэд зайлшгүй орлуулах эмчилгээ гэж хийдэг. Өөрөөр хэлбэл хүчийг нь сулруулсан, тухайн хүнд тусламж өгсөн, хүчтэй шарталтыг аажмаар бууруулах эмчилгээг хийдэг гэсэн үг. Мөн сэтгэл заслын эмчилгээ байдаг. Ийм донтох эмгэгтэй хүмүүсийн эдгэрэх явц маш удаан хэрнээ маш бага байдаг. Өндөр хөгжилтэй орнуудын хамгийн их эдгэрсэн тохиолдол нь 5 хувьтай байдаг. Харин архинд донтох эмгэгтэй хүмүүсийн хувьд архины хамаарал нь эхний шатандаа байна уу? Хүнд шатандаа орсон байна уу гэдгээсээ шалтгаалаад 100 хувь хүртэл эдгэрэх боломжтой байдаг. Гэхдээ л аль ч донтох эмгэгтэй хүнийг өнөөдөр эдгэрээд маргааш тухайн зүйлээ хэрэглэхгүй байна гэж ойлгож болохгүй. Энэ өвчин нь архаг өвчин учраас хэрэглэхгүй байвал өвчин нь намжмал байдалд байна гэж үздэг. Хүн хэдэн жил ч хэрэглэхгүй байж болно. 10, 20 жил ч  хэрэглэхгүй байгаад буцаад орох тохиолдол бий. Үүнийг өвчин нь сэдэрч байна гэж  үздэг. Энэ намжмал байдлынх нь үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой эмчилгээ бол сэтгэл заслийн эмчилгээ байдаг л даа.  Ер нь энэ сэтгэл заслын эмчилгээг насан туршид хийх шаардлагатай. Яагаад гэвэл ийм төрлийн эмгэгтэй хүмүүс өөрсдийнхөө энэ байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Би ийм өвчин тусчихлаа гэдгээ ойлгохгүйгээр улам л нөгөө хэрэглэдэг зүйлээ хайгаад, тунг нь нэмэх гээд зүтгээд байдаг. Тиймээс хамгийн түрүүнд энэ сэтгэл заслын эмчилгээгээр хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Ингэснээр дараа дараагийн, оюун санааны, сэтгэл санааны, бие махбодийн, нийгмийн гэсэн эмчилгээнүүдийг хавсарч хийж байж үр дүнгээ өгдөг. Харин нийгмийн эмчилгээний нэг хэлбэр нь “нэр хаяггүй, асуудалтай хүмүүсийн цуглаан”. Үүгээр дамжуулаад нэгнээр нь нөгөөг нь авчируулах, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээг авдаг.

- Ер нь хэрэглэгчдийн насны тоо их залуу байдаг юм шиг. Ихэвчлэн хэдэн насны хүмүүс энэ хэрэгт холбогддог вэ?

- Мансуурал болон сэтгэц идэвхит бодис хэрэглэж байгаа хүмүүсийн насны тоо залуухан байдаг. Нэгэнт оюун санаа нь төлөвшсөн хүмүүсийг хэн ч уруу татаж чаддаггүй. Тухайн хүн юу сонирхох, хэрэглэх вэ гэдгээ мэдэж байдаг учираас тийм төрлийн зүйлийг сонирхохоо больсон байдаг. Яг энэ хэрэгт холбогдож байгаа нь 17-30 насны хүүхэд залуус. Энэ насан дээрээ хүүхэд залуус оюун санаа, бодол, сонирхол нь төлөвшөөгүй байдаг учир хэрэгт уруу татаад байгаа этгээдүүд онилж байдаг.

- Сүүлийн үед хүүхдүүд буюу өсвөр насныхан энэ хэрэгт маш их холбогдох болсон. Яаж хүүхдээ урьдчилан сэргийлэх ёстой вэ?

- Энэ тухай хүмүүс маш буруу ойлголттой байдаг. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагууд. Гарсан гэмт хэргийн араас хөөцөлдөөд, “тэдэн настай хүүхэд, тийм газраас хар тамхи худалдан аваад тэгж тэгж хэрэглэж байжээ” гээд бүгдийг нь заагаад өгчихдөг. Нэг талаасаа энэ нь мэдээлэл мэт боловч нөгөө талаасаа нөгөө хар тамхи гэдэг зүйлийг огт мэддэггүй байсан хүүхдэд маш том мэдлэг болж хүрдэг. Хэрэгт холбогдож байгаа хүмүүс ихэнх нь өсвөр насны, бодол санаа нь тогтворжоогүй, юманд хурдан итгэдэг насан дээрээ яваа хүүхдүүд. Хүүхдийг багаас нь хар тамхи гэдэг муу, муухай зүйл шүү гэдгийг л ойлгуулах хэрэгтэй. Хоёр, гурван насайгаасаа л хүүхдүүд юмыг сонирхож эхэлдэг. Тийм үеэс нь л ууж болох эм, болохгүй эм гэж байдаг. Эмийг зөвхөн аав ээжийн зөвшөөрлөөр хэрэглэх ёстой. Чихэр гэхэд ширээн дээр тавган дээр байдаг бол эм өөр газар байдаг гэх зэргээр хүүхэддээ заавал тэр хүүхэд 16, 17 нас хүрээд хэзээ ч хар тамхи гэдэг зүйлийг сонирхохгүй болж төлөвшинө. Харин эцэг эхчүүд тийм жаахан хүүхдэд хар тамхийг зааж өгөх гэлээ, цагаан цаасан дээр хар толбо үлдээх гэлээ гэдэг. Тэр сэтгэхүйгээ л өөрчлөх хэрэгтэй байна.

- Хар тамхи хэрэглэгчдийн хувьд бие организмийн хувьд, зан төлөвийн хувьд ямар өөрчлөлт гардаг  вэ?

- Бие организмын хувьд өөрчлөлт гартлаа уддаг зүйл биш л дээ. Жишээ нь хорт хавдар туссан хүн өнгө зүс доройтоод л олон сараар өвдөөд, туйлдаад байдаг бол энэ өвчний хувьд тийм өөрчлөлтүүд гарах завдал болдоггүй. Өөрөөр хэлбэл хорт хавдраас хурдан бие организмийг хордуулаад, улмаар үхэлд хүргэдэг тийм хортой зүйл гэсэн үг. Яахав эмчлүүлэх гээд ирсэн хүмүүсийн хувьд жирийн хүнтэй харьцуулахад өөрчлөлт гарсан байдаг л даа. Мэдээж хэрэг хүний бие организмийг хордуулж, үхжүүлж байгаа учираас зүс царай гундах зэрэг өөрчлөлтүүд гардаг. Зан төлөвийн хувьд тухайн хэрэглэгч гэр бүлийнхэнтэйгээ төдийлөн харьцахаа больж, өөртөө тодорхой хэмжээний хүрээлэл үүсгэсэн байдаг. Ойр дотны хүмүүсээ хамт хэрэглэдэг, уруу татсан хүмүүсээрээ сольдог. Хамгийн аюултай зүйл нь гэвэл сэтгэл нь мөс шиг хүйтэн, цэвдэг болсон байдаг. Нэгэнт мансууруулах бодисоос бүрэн хамааралтай болсон учраас олж авахын тулд юу ч хийхэд бэлэн болсон байдаг л даа. Жишээ нь гэхэд нэг хүн “чи тэр хүний амийг бүрэлгэчихээд ир. Тэгвэл чамд энэ бодисийг өгье” гэвэл амархан тэр хүнийг алчихаж чадах хэмжээний сэтгэхүйтэй болсон байдаг.

- Эмчилэхэд хэр хугацаа шаардагддаг вэ?

- Мэдээж эмчилгээ хийлгээд, эдгэрээд ирэхээр мансуурах бодисоосоо холдоод эхэлнэ гэсэн үг шүү дээ. Хэрэглэхээ больсноос хойш маш хурдан, хоёр долоо хоногийн дараагаас өөрчлөгдөөд, гадна зүс царайнаасаа ч мөн гэрэлтээд, өнгө засаад ирдэг.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top