Микро автобуснуудыг хотын тээвэрт явуулахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Авто тээврийн үндэсний төвөөс энэ өвлийн бэлтгэлээ хангаж олон ажлыг төлөвлөж байгаагийн нэг нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний үнийг хямдруулах асуудал. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэлтсийн дарга Ж.Энхбаттай уулзлаа.

Энэ өвлийн бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ?

- 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс маш олон ажил хийж байна. Нэгдүгээрт, хот хоорондын нийтийн тээврийн бүх автобуст байршил тогтоох GPS төхөөрөмжийг суурилуулсан. Хоёрдугаарт, нийт 918 тээврийн хэрэгслийг техникийн бүрэн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Гуравдугаарт, хот хоорондийн зорчигч тээврийн үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилах, мэдээлэл түгээх үүднээс зарим нэг чиглэлдээ үнээ хямдруулсан. Улаанбаатар-Бор-Өндөр, Бор-Өндөр– Улаанбаатар, Улаанбаатар–Чойр, Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд 9100 төгрөгийн тасалбараар зорчидог байсан бол 6500 төгрөг болгон хямдруулсан байгаа.

- Хямдруулах болсон шалтгаан нь юу вэ? Ингэж хямдруулсанаар алдагдал хүлээх үү?

- Зорчигчидынхоо тоог нэмэгдүүлхийн тулд мөн зорчигчидоо аюулгүй, амар тайван зорчуулахыг зорилго болгон ажиллаж байна. Өнгөрсөн зургаадугаар сараас эхэлж бүх тээврийн хэрэгсэлдээ GPS суулгаж, нэгдсэн хяналт тавьж, нийтийн тээврийн хэрэгслийг 70 км/цагаас дээш хурдтайгаар хөдөлгөөнд оролцохыг нь хориглосон. Энэ ажил хэрэгжиж эхэлсэнээс хойш зорчигчдоос маш их гомдол, санал ирэх болсон. “Танай тээврийн хэрэгсэл их удаан явж байна” гэдэг санал, гомдол ирсэн.  Гэхдээ тэглээ гээд бид урьдын байдлаар хамаагүй хурдтай явуулахгүй. Яагаад гэвэл үүний цаана дандаа хүний амь нас байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Удаан явж байна гээд зөвшөөрөлгүй, шаардлага хангаагүй нийтийн тээврээр үйлчлүүлэхийг л зогсоох зорилготой ажиллаж байна.

- Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр гэхээр “хулгайн” таксинуудыг хэлж байна уу?

- Тийм ээ. Энд тэндгүй зөндөө байдаг. Өнөөдөр л гэхэд интернетээр “Дархан руу 1 цаг 30 минут явна” гэсэн зар явж байна. Энэ чинь бараг 150,160 км/цагийн хурдтай явна гэсэн үг шүү дээ. “Монголчууд бид сайн явж ирэв үү?” гэж асуудаг болхоос “Хурдан явж ирэв үү?” гэж асуудаггүй гэдгийг л зорчигчид сайн ойлгох хэрэгтэй.

- Бага оврын автобус буюу микро автобуснууд бас танайд хамаардаг. Танайхаас ямар хяналт тавьдаг вэ?

- Одоогийн байдлаар том оврын нийтийн тээврийн автобуснуудад хяналтын төхөөрөмж суурилуулсан байгаа. Микро автобуснуудын хувьд 2015 оны сүүлээр гэхэд хот хоорондын нийтийн тээврээс бүрэн хасна. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний дүрэм журмын хувьд 10,12 жилийн насжилт зааж өгсөн байдаг. Гэтэл Монголд байгаа стана, микро автобуснууд бүгд 2002, 2003, 2004 онд үйлдвэрлэгдсэн, түүнээс хойш үйлдвэрлэхээ больсон тээврийн хэрэгслүүд байдаг. Тийм учраас дүрмийнхээ дагуу дараа жилийн сүүлч гэхэд нийтийн тээвэрт микро, стана маркийн автобуснууд явахгүй.

- Жолооч нарыг ямар шалгуураар ажиллуулдаг вэ?

- Хот хоорондын зорчигч тээврийн ажилд хамгийн түрүүнд мэргэшсэн, ур чадвартай жолооч байх шаардлагатай. Тиймээс бид тухайн ангиллаа 2008 оноос өмнө даруулсан байх шаардлагыг тавьдаг. Мөн мэргэшсэн жолооны үнэмлэхтэй жолооч нарыг авдаг. Өмнө хэлсэнчлэн нэгдсэн хянах төв ажиллуулсанаар 24 цагаар жолооч нарыг харж, хянаж байдаг. Манайх 20 аймаг, алслагдсан 2 дүүрэг гээд нийт 68 чиглэл, 98 сум суурин руу нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Эндээс хяналт тавьж эхэлснээс хойш 14 жолооч хурд хэтрүүлсэн гэх үндэслэлээр эрхээ хасуулсан. Тухайн газрын цагдаагийн байгууллагатай 24 цаг холбоотой ажиллаж байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(202.70.34.214) 2014 оны 11 сарын 07

зөв том оврын автобусыг ч гэсэн сайжруулах хэрэгтэй 2010 оноос хойш үйлдвэрлэсэн автобусанд тендер өгөх, мөн үйлчилгээний соёлыг сайжруулмаар байна. энэ талаар стандарт гаргах цаг нь болсон

0  |  0
хариулах(108.66.135.20) 2014 оны 11 сарын 05

Хот хоорондын хүн тээвэрт микро автобуснуудыг явуулахгүй гэдэгтэй санал нэг байна Бүр дэмжиж байна Микро автобуснууд байнга үнээ нэмнэ худлаа тендерийн автобус гэсэн нэртэнй ч луйварчид л байдаг Өвлийн оюутнуудын харих буцах намар оюутнуудын буцах үед албатай юм шиг үнээ нэмнэ мах ачсан юм шиг чихнэ давхарлаж суулгана Хүнд өвчтэй хүмүүсээс авах зардал адилхан ч ямарч анхаарал халамж байхгүй ингэж цэгцлэх цаг болсон Баярлалаа

0  |  0
Top