Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч Шадар сайд Д.Тэрбишдагвыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөөр Ерөнхий сайдыг нас барсан, хүнд өвчин туссан тохиолдолд Шадар сайдыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилох ёстой. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд яаран Шадар сайдыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Засгийн газрын тухай хэсгийн заалтыг зөрчсөн хэмээн мэдээллэх болсон. Өнгөрсөн Бямба гаригт Засгийн газар хуралдах ёстой байсан ч дээрх шалтгаанаар хурал цуцлагдсан юм. Д.Тэрбишдагва хуралдаан зарлах, даргалах эрхгүй гэдгийг холбогдох албан тушаалтнууд сануулж, уг хурлыг хойшлуулсан юм.
Үндсэн хуулийн Засгийн газрын тухайн хуулийн 21.2-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна. 21.3-т Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөхчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ гэж заасан байна. Тодруулбал, хуульд хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар Ерөнхий сайд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Шадар сайд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашна гэж заасан байгаа юм.
Бид нэр бүхий хуульчдаас хүндэтгэн үзэх бусад шалтгаан гэдэгт ямар зүйлүүд орох талаар тодруулахад "Хуульд заасан Ерөнхий сайд болон Засгийн газар огцорч болох бүх шалтгаан хүндэтгэн үзэх бусад шалтгаанд орно. Тухайлбал, танхимийн гишүүдийн гуравны нэг нь санал гаргаж УИХ-аар хэлэлцэн Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Шадар сайд үүргийг нь гүйцэтгэх нь зүйтэй. Хууль зөрчсөн зүйл байхгүй" хэмээсэн юм.
Үүнээс харахад УИХ-ын дарга З.Энхболд хууль зөрчиж Ерөнхий сайдын үүргийг Шадар сайдад өгөөгүй гэсэн үг. Гэтэл Н.Алтанхуяг УИХ-ын даргыг хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд өгсөн гэх "бор шувуу" нисэх болсон. Эндээс нэгэнт УИХ-аар санал хураан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Н.Алтанхуяг ямар шалтгаанаар хуулийн ганц үгэн дээр тоглолт хийх болов гэдэг асуулт гарч байна. Дараагийн Ерөнхий сайд томилогдоход цөөхөн хоног бий. Гэтэл Н.Алтанхуяг З.Энхболдыг хууль зөрчсөн хэмээн үзэж, нэг талыг барьсан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан нь түүнийг Ерөнхий сайдын сэнтийдээ тун ч хайртайг харуулж байна. Хэрвээ дараагийн Ерөнхий сайд томилогдтол Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана гэсэн бол түүний эсрэг кноп дарсан нөхөд Засгийн газрын хуралдааныг даргалах ёсгүй хэмээн эсэргүүцэх байсан биз. Түүний ийнхүү хэдхэн хоногийн настай үүрэг гүйцэтгэгчийн суудалд шунах нь үүний цаана ямар нэгэн чухал асуудал байна уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйдлээ олохгүй гэдэгчилэн тэднийг ийнхүү зөөлөн суудал, томхон "бялуу"-ны төлөө бие биеэ эсэргүүцэн тэмцэж байх хооронд ард иргэдийн амьдрал доройтсоор.
Ямар ч байсан УИХ-ын дарга З.Энхболд хуулийн дагуу шийдвэр гаргаж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Д.Тэрбишдагвыг томилсон байх нь. Тиймээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний нөхөд зөөлөн суудалтайгаа зууралдан, хэдхэн үгэн дээр тоглолт хийж, төрийн ажлыг хойш татахгүй байвал Ерөнхий сайд байсан хүний хувьд ард түмнийхээ төлөө хийх ёстой алхам биш үү. Монгол Улс Засгийн газаргүй долоо хонох гэж байна. Цаашид хэр удахыг бүү мэд.
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 5 )
Нийтийн эрх зүйн хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Мөн хуулийг л баримтлах ёстой болохоос биш өмнөх буруу жишгийг баримталж асуудлыг шийдвэрлэх нь эрх зүйн соёлгүй бас боловсролгүй хэрэг.
Үүнийг 2001 онд УИХ-аас Засгийн газрын аль нэг гишүүнд хариуцуулж байхаар өөрчилж, улмаар 2005 оны 1 дүгээр сарын 27-нд дахин өөрчлөхдөө нэг тохиолдлыг нь буюу огцорсон тохиолдолд түүний үүргийг хэнээр гүйцэтгүүлэхийг зохицуулалгүй орхигдуулсан байна. Иймд УИХ-ын Тамгын газар хуулийг төсөөтэй байдлаар иш татаж, өмнөх жишгийг баримталж, тогтоолын төслөө боловсруулсан.
УИХ-ын 68 дугаар тогтоолоор Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь биш Ерөнхий сайдыг огцруулсан учраас энэ хуулийн 6 дугаар зүйлийг биш, 21 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь зөв. Ингэхдээ 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг төсөөтэй байдлаар хэрэглэснийг шууд буруутгах аргагүй юм. Учир нь 1993 оны Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох огцрох, чөлөөлөгдөх, нас барах энэ 3 тохиолдолд гурвууланд нь түүний үүргийг Шадар сайд, эсхүл аль нэгэн сайдаар гүйцэтгүүлдэг байсан.
Ийнхүү хууль зүйн маш энгийн бөгөөд ялгаатай ойлголтыг ижилтгэн ойлгож хэрэглэсэн тул УИХ-ын даргыг ”хууль зөрчөөгүй” гэж үзэх үндэслэл алга. Хэрэв эдгээр ойлголтыг ижил гэж үзэхэд хүрвэл Хууль тогтоогч яагаад ийнхүү ялгаатай нэр томъёогоор томъёолсныг ухаж ойлгох нь зүйтэй юм даа.
Хуулийг маш зөв ойлгож тайлбарлах хэрэгтэй. ”Чөлөөлгдөх”, ”Огцрох” гэдэг бол хууль зүйн хувьд огт өөр ойлголт юм. УИХ-аас Ерөнхий сайдыг ”огцруулсан” тул Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн заалт үйлчилнэ. Харин ”хүндэтгэсэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдөх”-ийг ”огцруулах” гэх хууль зүйн үр дагавраараа ялгаатай ойлголттой дүйцүүлж хэрэглэх боломж байхгүйн зэрэгцээ Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан ”хүндэтгэн үзэх шалтгаан” гэхийг Ерөнхий сайд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг ойлгоно.