Бидний амьдралын хэмнэл ямар байгаа билээ? Олон хүмүүс нэлээд шахуу хэмнэлээр амьдардаг. Мэдээллийн зуун, өндөр хурдны зуунд амьдарч байгаа бидэнд тайван уужуу амьдрах бололцоо ч алга. Бүх юмыг амжуулах гэж зүтгэн гүйсээр орой л нэг юм гэртээ ядарч үхэх гэж байгаа амьтад орж ирдэг. Тэгээд хурдхан шиг нэг хоолшуу юм хутгаад телевизорынхоо өмнө идэнгээ амрах аядна. Ихэнх хүмүүсийн амьдрал нэг иймэрхүү байдлаар л үргэлжилдэг билээ.
Орчин үеийн сэтгэл зүйн ухаан бидэнд амьдралаа эмх цэгцтэй, хяналттай болгохыг зөвлөдөг боловч өдөр тутам үргэлжлэн эргэлдэх ажил, зовнилын мөнхийн цагирагийг зад татах боломж байхгүй мэт санагдана. Хамаг юмаа хаяад сайхан гэгч нь амрах юмсан гэж мөрөөдсөөр. Архи болон зурагт харж хэвтэх бол амарч байгаа сэтгэгдэл л төрүүлэхээс бус бие организмыг амраадаггүй. Гэтэл амралт бидэнд амин чухал хэрэгтэй. Ядаргаа юунд хүргэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр, ажил амралтыг зэрэгцүүлж сурах л хэрэгтэй. Ингэж сурваас, амьдралын нугачааг ядарч туйлдалгүй давах бололцоо бий. Алжаал тайлах олон арга байдаг. Хэн ч хэрэглэх боломжтой амархан долоон аргыг дурьдъя.
1.Гүнзгий амьсгалах арга
Сандал дээр тав тухтай суугаад, нуруугаа цэхлэнэ, чангалж хэрэггүй. Хоёр гараа өвдгөн дээрээ чөлөөтэй сул тавина. Амьсгаагаа тайвшруулна. Одоо, маш гүнзгий амьсгаа ав. Агаар уушигны бүх булан тохойд очиж цээж хэрхэн тэнийж байгааг мэдэр. Амьсгаа авахдаа “Би аз жаргалыг авч байна” эсвэл “Би эрүүл мэндийг авч байна” гэж бодоорой. Амьсгаагаа гаргахдаа “Би хайр энэрэлийг гаргаж байна”. Ийм маягаар 5 – 10 минут амьсгална.
2.Цэвэр агаарт алхах
Бидний эргэн тойрон дахь байгаль амьдралд маань тайвширал болон зохицолыг авчирдаг. Өдөрт ядаж 15 – 20 минут алхаж байгаарай. Ялангуяа цэцэрлэг дотор алхах сайн. Мод бут хүний биенээс хуримтлагдсан сөрөг энергийг зайлуулан өөртөө татдаг. Тиймээс амралтын өдрүүдээ хотоос гарч, байгаль дэлхийдээ ойр байхыг хичээж байгаарай.
3.Сэтгэл бодлоо төвлөрүүлэх арга
Энэ арга бол хамгийн шалгарсан арга бөгөөд алжаалыг 100% тайлдаг. Сандал дээр нуруугаа цэхлэн сууна. Эсвэл шалан дээр завилж сууна. Хоёр гараа чөлөөтэй, сул, өвдгөн дээрээ, алгаа дээш харуулан тавина. Нүдээ анина. Амьсгалаа тайвшруулаад, элдэв бодлыг сэтгэлээсээ хөөнө. Тайван, зөөлөн, гүнзгий бусаар амьсгална. Хамаг анхаарлаа амьсгалалтандаа хандуулна. Анхаарал сарниад байвал дотроо тоо тоол. Эсвэл, энэтхэг “ом” гэдэг үгийг шивнэн давтана. Өдөрт 5 – 10 минутаас эхлээд, аажмаар хугацааг уртасгаж 20 – 30 минут болгоно.
4.Хөдөлгөөнт төвлөрүүлэлт
Намуухан хөгжим тавиад суух, эсвэл зогсоно. Нүдээ аниад хөгжимд шингэхийг хичээнэ. Хөгжмийн хэмнэлээр өөрийн эрхгүй хөдөлгөөн хиймээр санагдана, биеийнхээ “хэлж өгч” байгаа хөдөлгөөнийг хий. Хугацаа дээрхтэй ижил.
5.Сэтгэлдээ өнгө дүрслэх арга
Тав тухтай байдлаар суугаад, бүх булчингаа суллаад, нүдээ анина. Өөрийгөө ямар нэгэн тааламжтай орчинд байгаагаар төсөөлнө. Тэр орчныхоо өнгүүдийг сэтгэлдээ харна. Жишээ нь, гүн цэнхэр устай нуурын эрэг дээр, эсвэл цэцэг алагласан ойн цоорхойд сууж байна гэх мэтээр. Алгуур болон гүнээр нуурын цэнхэр өнгийг амьсгал. Амьсгаагаа гаргахдаа өөр өнгийг төсөөлнө. Эсвэл ойн цоорхойн ногоон өнгөөр амьсгаа аваад, цэцэгний улбар шар өнгийг гаргах гэх мэтээр сэтгэлдээ дүрслэн амьсгална. Нэг өнгийг оруулаад нөгөө өнгийг гаргана гэсэн үг.
6.Ургамлаар алжаал тайлах арга
Орой ажлаасаа ирээд алтан товч буюу хамба шарилж( ромашка), гаа зэрэг ургамлын цай найруулж ууна. 2 цайны халбагыг нэг стакан буцламгай усанд хандална. Хэсэг байлгаад шүүгээд уудаг. Эмийн санд ийм бэлэн цайнууд ч байдаг.
7.Алжаал тайлах ванн
Ваннадаа биеийн температураас арай илүү бүлээн ус хийнэ. Халуун ус хэрэггүй. Усандаа хөөс, эфирийн тос зэрэг тайвшруулах үйлчилгээтэй бодис хийвэл сайн. Усан дотроо хэвтээд биеэ сул тавь. Элдэв юм бодож болохгүй. Яг одоо ямар сайхан тааламжтай байгаагаа л мэдрэн таашаал авах ёстой. 20 – 30 минут хэвтээд уснаас гарч зөөлөн алчуураар биеээ үрж арчина. Дараа нь бүх биендээ анхилуун үнэртэй биеийн тос түрхэн бас нэгэн таашаал авна.
Энэ энгийн, хэн бүхэн хэрэглэхэд хялбар аргаас өөртөө тохиромжтойг нь сонгоод хэрэглэж байхыг зөвлөж байна. Тэгвэл таны алжаал ард үлдэж, та байнга эрч хүчтэй байх болно.
Сэтгэгдэл ( 0 )