Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөс 11.1 хувиар нэмэгдэж, 129.3 мянгад хүрсэн байна. Харин урьдын адилаар бүртгэлтэй хоёр компани тутмын нэг нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэвээр байна. Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 52 хувь нь идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд энэ нь хүн амын нягтаршил, эдийн засгийн хүчин чадал аж ахуйн нэгжийн төвлөрөлтэй уялдаж байгаа ажээ. Монгол Улсын эдийн засгийн 63 хувь, нийт хүн амын 59 хувь нь нийслэлд амьдарч байгаа гэдэг утгаараа нийт аж ахуйн нэгжүүдийн 73 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Улаанбаатар хотод 95 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагийн 55 хувь нь үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа аж. Харин хөдөө, орон нутагт бүртгэлтэй компаниуд илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болох нь статистик мэдээллээс харагдаж байна. Үйл ажиллагааны чиглэлээр нь харвал эдийн засгийн 11 хувийг бүрдүүлдэг худалдаа, эдийн засгийн салбарт хамгийн олон бизнесийнхнийг шингээсэн хэвээр байна. Өөрөөр хэлбэл Бизнес регистрийн санд бүртгэлтэй хоёр компани тутмын нэг нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэхдээ энэхүү салбар тийм ч олон ажлын байрыг бий болгож чадахгүй байна. Учир нь ихэнх нь арав хүрэхгүй ажиллагсадтай ажээ. Зөвхөн энэ салбарын хувьд гэлтгүй Бизнес Регистрийн санд бүртгэлтэй компаниудын 83 хувь нь 1-9 ажилтантай буюу жижиг, дунд бизнес эрхлэгч байгаа юм. Хэдий тийм боловч одоо явагдаж байгаа аж ахуйн нэгжийн тооллогын дүн 11 дүгээр сард нэгтгэгдэж дуусах үед илүү нарийн мэдээлэл гарна гэдгийг Улсын Бүртгэл, Статистикийн газраас мэдээллээ.
Bloombergtv.mn
Сэтгэгдэл ( 0 )