2012-2015 оны санхүүгийн үр дүнгийн судалгаагаар Хөрөнгийн биржид бүртгэлтэй хүнсний салбарын компаниуд хамгийн өндөр буюу 1.19 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Харин ашигт ажиллагааны үзүүлэлтээр уул уурхайн салбарын компаниуд 87.92 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар тэргүүлсэн байна. Хөрөнгийн зах зээлийн судалгааны marketinfo.mn цахим хуудаст онцолсноор зах зээлийн судалгаагаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тэргүүлэх 100 хувьцаат компанийн олсон орлого 3 их наяд 35.1 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Борлуулалтын дүнгээс харахад компаниуд 2013 онд хамгийн их борлуулалт хийжээ. Үүнээс ашигтай ажилласан компаниудын тоо 2012-2013 онд хамгийн их, 2014 онд хамгийн бага байна. Харин 2015 онд судалгаанд хамрагдсан 100 компанийн 56 нь ашигтай ажиллаж, 44 нь алдагдал хүлээжээ. Санхүүгийн үр дүнгийн судалгаагаар дөрвөн жилийн хугацаанд АПУ, “Багануур”, “Таван Толгой”, “Говь” зэрэг компаниуд борлуулалтаараа тэргүүлж, ашгийн үзүүлэлт нь ч сайн байжээ. Харин энэ хугацаанд хамгийн их алдагдалтай байгаа компаниудын тэргүүнд “Багануур”, АПУ ХК багтсан ч нийт тэнцлээр дөрвөн жилийн хугацаанд алдагдлаа нөхөж чадсан бол “Шивээ Овоо”, “Нийслэл өргөө”, “Шарын гол”, “Хөх ган” зэрэг компаниуд алдагдлаар удаалсан байна. Хөрөнгийн бирж дэх хувьцаануудыг бүлгээр нь ангилж үзвэл Тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн компаниуд 2012-2015 онд хамгийн их алдагдалтай байжээ. Харин сүүлийн санхүүгийн жилд “Зоос гоёл” компани нэгж хувьцаандаа хамгийн өндөр ашиг хийсэн бөгөөд 19405.3 төгрөгтэй тэнцэж байна. “Зоос гоёл” компанийн нэгж хувьцааны ханшийг нэгтгэх ажиллагаа хийгдсэний дараа зах зээлд ханш нь 265 мянган төгрөг байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )