Бүсчлэлийн кодыг нарийвчлалтай болгожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 05

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо бүсчлэлийн кодыг шинэчлэн илүү нарийвчлалтай болголоо. Өмнө нь бүс, дүүрэг, тухайн хаягийн блок доторх хүргэлтийн хэсэг нийлсэн таван оронтой тооноос бүрддэг байсан бол нэмж дөрвөн оронтой тоо бүхий объектын дугаарыг орууллаа. Иргэд www.zipcode.mn цахим хуудсаар дамжуулан өөрийн байршлын кодыг мэдэх бололцоотой юм. Монгол Улсын хэмжээнд тавдугаар сарын байдлаар 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт нийт 538 бүсчлэлийн кодыг шинээр олгосон талаар Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдээллээ. Ийнхүү нарийвчлалтайгаар кодын системийг боловсруулснаар шуудангийн хаягийн хүргэлт, логистик үйлчилгээ, цахим худалдааны үйлчилгээ, онцгой байдал түргэн тусламж гэх мэт үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох юм. Үүнээс гадна шуудангийн байгууллагаас өгсөн илгээмжийн дугаарыг ашиглан илгээсэн илгээмжийнхээ байршлыг тодорхойлох бололцоотой болж байна. Бүсчлэлийн кодоос гадна Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас "Хаягийн мэдээллийн нэгдсэн сан" байгуулахаар ажиллаж байгаа аж. Орон нутгийн хаягийн мэдээллийг наймдугаар сард, Улаанбаатар хотынхыг 12 дугаар сард эцэслэн бүртгэж ирэх оноос барилгуудын гаднах хаягийг шинэчлэн байршуулахаар төлөвлөжээ. Хаягжилтыг илүү тодорхой болгох, үүнтэй холбоотой зардлыг бууруулах өөр нэг алхам нь “Монгол шуудан” компани болон Их Британийн стартап “What3words”-ийн хамтын ажиллагаа юм. “What3words” компани дэлхийн бүх гадаргын талбайг нэг бүрчлэн гурван метрийг харьцах нь гурван метр бүхий дөрвөлжин хэсэгт хувааж, өөр хоорондоо давхцахааргүй гурван үгийн нийлэмжээр хаягжуулж байгаа аж. Ийнхүү хаягийг нарийвчлан гаргаж, улмаар үүнийгээ хэрэглээнд хэвшүүлж чадвал шуудан хүргэлтийн зардлыг ихээр хэмнэнэ гэж “Монгол шуудан” компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top