Тэмээний боловсруулаагүй ноосыг экспортын гаалийн татвараас чөлөөлөхийг дэмжив

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 26

"Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороо дэмжлээ. Хуулийн төслийн гол агуулга нь малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлөхөд чиглэгдэж байна. 1996 онд баталсан хуулийн дагуу тэмээний боловсруулаагүй ноосонд экспортын татвар ногдуулж байгаа юм. Хуулийн төсөл батлагдвал кг тутмаас нь 100-200 төгрөгийн татвар авч байгааг цуцлахаар байна. Өнгөрсөн дөрвөн жилийн байдлаар малын гаралтай түүхий эдийн экспорт нийт экспортын 6-7 хувийг эзэлж байжээ. Ингэхдээ жилд дунджаар 310 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний малын гаралтай түүхий эд экспортолсон байна. Үүний дийлэнх хэсэг буюу 60 орчим хувийг мал, амьтны самнаагүй үс, хялгас эзэлж байгааг хууль санаачлагч мэдээллээ. Төсөл батлагдвал 2017 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top