“Гэрэлт эгшиглэн” ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрч залуу гэр бүлийг дэмжих зорилгоор “Бүтээлч Монгол” аяныг эхлүүлжээ. Иймээс уг аяны талаар тус ТББ-ын захирал Б.Зууннасттай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ТББ-ынхаа талаар товч танилцуулна уу?
-Манай “Гэрэлт эгшиглэн” ТББ анх 2015 онд байгуулагдсан. Хүүхэд, залуучуудын иргэний оролцоог нэмэгдүүлэх тэднийг дэмжин ажиллах мөн тусламж үзүүлэх цаашлаад нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулахыг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Танай ТББ хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүлийн хөдөлмөрийг дэмжих аян эхлүүлж байгаа тухай сонссон. Тус аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Тиймээ. Хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрч гэр бүлийг дэмжих “Бүтээлч Монгол” аяныг эхлүүлж байгаа. Аян маань төрөлхийн хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусад шиг өөрсдийн хүсэл сонирхол болоод тулгарч буй асуудлаа бусадтай хуваалцаж чаддаггүйгээс гадна нийгэмд тэднийг хүлээж авах хандлага нь хүртэл өөр байдаг шүү дээ. Тиймээс манай ТББ нийгэмд тэдний дуу хоолой, гүүр нь болох үүднээс аяныг эхлүүлсэн.
-Аяны хүрээнд танай байгууллагад хүмүүс хэр хандаж байна. Та бүхэн дэмжин ажиллах залуу гэр бүлээ сонгосон уу?
-Маш олон гэр бүл хандсан байгаа. Үүн дундаас бид Х.Өнөрбаяр, Сэлэнгээ гэх хоёр залуу гэр бүлийг сонгосон. Х.Өнөрөө Сэлэнгээ хоёр маань таван охинтой. Ам бүл 7 уулаа амьдардаг. 2002 оноос хулдаасан хэвлэл болон фото хэвлэлийн чиглэлээр ажиллаж нилээд туршлагатай хэвлэгч болсон. Тэгээд 2012 оноос “Өнөр дизайн” компаниа байгуулж өнөөг хүртэл ажиллаж байгаа. Гэвч тэд хөгжлийн бэрхшээлтэй учир албан байгуулага болон хувь хүмүүстэй холбогдоход маш хүндрэл бэрхшээлтэй байдаг учир бидэнд хандсан байгаа юм. Учир нь бусад шиг ойлголцож чаддаггүй, Мөн албан байгууллагуудтай холбогдлоо ч гэлээ хөгжлийн бэрхшээлтэй болохоор тэднийг үл тоож харьцдаг зэрэг бэрхшээлээ мөн бидэнд учирлалаа.
Мөн хэвлэлийн үйлдвэртээ хүн авч ажиллуулахаар захиалгат ажлыг нь ажилчид нь хулгайлах цаашлаад хоорондоо ойлголцож чадахгүй харилцааны бэрхшээл үүсэхээс гадна ажлаа явуулахад ч гэсэн хүндрэлт гардаг байна. Энэ мэт асуудалтай өдөр бүр тулгардаг учир манай ТББ-д хандсан байгаа юм.
-Эрүүл саруул мөртлөө л ажил хөдөлмөр хийхгүй байгаа залуус энэ нийгэмд олон байна. Гэтэл та бүхэнд хандсан Х.Өнөрбаярын гэр бүлийн хувьд өөрсдийн гэсэн хэвлэлийн компани хүртэл ажиллуулдаг юм байна шүү дээ?
-Тийм ээ. Х.Өнөрбаяр хорвоод эрүүл саруул мэндэлсэн ч гэлээ, золгүй байдлаар сонсголын бэрхшээлтэй болсон юм билээ. Хэдий ийм ч гэлээ үүндээ түүртэж, гуньж гутардаггүй, таван охидынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж буй жирийн залуу. Өнөрөө маань бидэнд ярихдаа / эхнэр бид хоёрыг аав ээж, ах эгч, дүү нар маань байнга л дэмжиж тусалдаг. Гэлээ гээд бид гараа хумхиад бусдаас тусламж авч амьдрахыг урьтал болгодоггүй. Бид хоёр цэцэг шиг таван охиныхоо төлөө хөдөлмөрлөж олсон мөнгөө тэднийхээ оюунд хөрөнгө оруулалт хийж, ариун цагаан хөдөлмөрөөрөө босгосон компаниа охиддоо өвлүүлж үлдээх чин хүсэлтэй явдгаа хэлж байсан юм. Тэдний энэ дайчин хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэхгүй байхын аргагүй учир энэхүү аянг эхлүүлж байна.
Ихэнх хүмүүс бусдаас мөнгөн тусламж хүсдэг бол Х.Өнөрбаярын гэр бүлийн хувьд өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлж , үнэлүүлж орлогоо нэмэгдүүлэх хүсэл зорилготой амьдарч байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн гэдгийг онцлон хэлмээр байна.
-“Өнөр дизайн” компанид танай ТББ ямар чиглэлээр тусалж дэмжлэг үзүүлэх вэ?
-“Өнөр дизайн” компани нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй таван хүнийг цалинжуулж ажлын байраар хангадаг. Гэвч олсон бага хэмжээний орлого нь түрээс , цалиндаа л таардаг учир бид тэдний хэвлэлийн компанийг дэмжиж олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор ажиллана. Ингэснээр тэдний маань орлого нь нэмэгдэжтаван хүүхдийн ирээдүйд нь хөрөнгө оруулалт болохоос гадна мөн цусны хорт хавдартай дунд охиныхон эмчилгээний зардалд бага ч гэсэн тус нэмэр болоход аяны маань утга учир оршино. Мөн “Өнөр дизайн” компанид дизайнер,менежер гэсэн хоёр ажлын байрыг нэмж хоёр сарын цалинг бид хүмүүсийн дэмжлэг тусламжтайгаар шийдэж өгөхөөр болсон.
-Албан байгууллага хувь хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна.
-Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч эрхэм захиралууд менежерүүд та бүхнийг хулдаасан хэвлэл,фото хэвлэл, хаяг рекламны ажлаа “Өнөр дизайн” компанид өгч хөдөлмөрч нэгэн гэр бүлийг дэмжин ажиллахыг уриалж байна.
Танд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )