Хэдийгээр хэлгүй дүлий ч гэлээ “Хүн болж төрсөн болохоор хувь заяандаа эзэн нь болж амьдрахыг хичээдэг” хэмээн ярих энэ хүний уужуу ухаан, холч сэтгэлгээ олон зүйлийг бодогдууллаа. Х.Өнөрбаяр өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй гээд хандив гуйж явсангүй, таван сайхан охиноо, гэр бүлээ тэжээх гэж алдаж, онож, унаж, босч уйгагүй хөдөлмөрлөжээ. Сургуулиа төгсөөд гурван жил нэхмэлчин хийсэн энэ залуу 2003 оноос хойш хэвлэл, рекламны чиглэлээр ажиллаж, үйлдвэр байгуулах хэмжээний хөрөнгө хуримтлуулан 2013 онд “Өнөр Дизайн” ХХК-иа үүсгэн байгуулж чаджээ. Ингээд Х.Өнөрбаяр хэмээх нэгэн гайхамшигт хөдөлмөрч хүмүүний эгэл даруухан ярилцлагыг танд хүргэе.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Х.Өнөрбаяр гэдэг. Эхнэр, таван охиныхоо хамт амьдардаг. Би 1989 онд 29 дүгээр дунд сургуульд элсэн орж 1999 онд төгссөн. Бүрэн дунд боловсролтой. 1999-2002 он хүртэл “Тамир Кашмер” ХХК-д ноолуур сүлжигч, засварчин хийсэн. Дараа нь 2003 оноос оффсет хэвлэгч, хулдаасан хэвлэгч, хаяг, реклам, товгор үсэгний угсрагч, хэвлэлийн машины засварчин, төмөр хийцийн мэргэжилтэн зэрэг чиглэлээр тасралтгүй ажилласан. Ах, дүү, найзынхаа компанид ажилладаг байсан. Энэ хугацаанд байгууллагынхаа шилдэг ажилтнаар гурван удаа шалгарсан. Энэ болгонд би маш их зүйлийг сурч мэдсэн. Ингээд 2013 онд бие дааж “Өнөр Дизайн” ХХК-иа үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байна.
-Уучлаарай, та яагаад хэлгүй болчихсон юм бэ. Танаас энэ асуултыг асуухад их хүнд байна л даа?
-Миний хэлгүй болсон шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Нэг бол өвчний улмаас сонсголын бэрхшээлтэй болсон гэдэг. Би багадаа хатгалгаа авч маш хүнд өвдсөн юм билээ. Тэр үед онош нь зөв тогтоогдохгүй маш их хэмжээний антибиотек хэрэглэснээс хэлгүй, сонсголгүй болсон гэсэн яриа байдаг. Яагаад гэвэл, намайг хоёр настайдаа хэлд орж эхэлж байсан гэж аав ээж хоёр минь ярьдаг. Манайх эхээс тавуулаа. Би айлын яг дунд хүүхэд байгаа юм. Гэтэл хамгийн бага дүү маань бас хэлгүй болчихсон. Тэгэхээр бас удмын ямар нэгэн зүйл байсан юм болов уу гэж ярьдаг. Гэхдээ хэлгүй, сонсголгүй болсон ч гэлээ би хэн нэгэнд гомддоггүй ээ.
Эхнэр маань бас хэл, сонсголын бэрхшээлтэй. Намайг бодвол муухан сонсоно, ярина. Би бол юу ч сонсохгүй, ярьж чадахгүй.
Гэхдээ би үүндээ гутардаггүй. Харин миний таван охин тавуулаа хэлтэй, бүрэн сонсголтой. Бүгдээрээ маш сэргэлэн. Ийм сайхан таван охинтой болоод элэг бүтэн амьдарч байгаадаа бид хоёр баярлаж явдаг даа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн компани байгуулах үед нэлээдгүй л саад бэрхшээлтэй нүүр тулж байсан болов уу. “Өнөр Дизайн” ХХК-ийнхаа тухайд яривал?
-Тийм ээ. Маш их саад бэрхшээлтэй тулгарсан. “Сонсголгүй байж яагаад хэвлэлийн компани ажиллуулах гээд байгаа юм” гэж олон хүн хэлдэг байлаа. Хүний хараа хяналтгүй, тусламж дэмжлэггүй та хоёр чадахгүй гэж олон хүн хэлдэг байсан. Ах дүү, найз нөхөд маань ч итгээгүй. Гэхдээ л би тэр болгонд чадна гэж өөрөө өөрийгөө зоригжуулсан. Эхнэр маань намайг маш их дэмжсэн. Мөн надаас гадна нийгэмд маш олон сонсголын бэрхшээлтэй хүмүүс ажилгүй байна. Тэдэндээ бага ч гэсэн ажлын байр нэмэгдүүлэх, мөн бид жирийн хүмүүсийн адил ажил хийж чаддаг юм гэдгийг харуулахыг зорьсон. Эхний жилд ажилчдыгаа бүрэн цалинжуулж чаддаггүй байсан. Манай компанийн ажилчид 100 хувь хэлгүй, дүлий хүмүүс байсан. Олон ч ажилтантай байсан. Бүгдийг нь цалинжуулж чадахгүй болохоор учраа хэлээд хэдэн найзаа авч үлдээд бусдыг нь хааяа ажил орж ирсэн үед дууддаг болсон. Анх үйлчлүүлэгчид маань орж ирээд шууд л яриад эхэлнэ. Тэгэхээр нь би сонсдоггүй юмаа, цаасан дээр бичээд өгнө үү гэхээр их л ундууцан хүлээж авдаг байсан. Харин захиалгыг нь хийсний дараа нь хараад “Яг л миний бодсон шиг болсон байна. Санаанд нийцлээ. Баярлалаа” гэдэг. Энэ мэт харилцааны бэрхшээлүүд гарна. Гэхдээ л би энэ болгонд шантралгүй өнөөдрийг хүртэл зорьсноосоо буцаагүй. Гурван жилийн хугацаанд үйлчлүүлэгчдээ гомдоохгүйн төлөө бид чин сэтгэлээсээ хичээж ирсэн.
-Та хүмүүс орж ирээд захиалга өгөхдөө хэлгүй дүлийг мэдээд ундууцдаг гэлээ шүү дээ. Та энэ үед тэдэнд гомддог уу?
-Үгүй дээ. Харин ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй, эсвэл худлаа үнэн шалтаг хэлж биднийг доромжилдог хүмүүст гомддог. Бас биднийг хэлгүй дүлий гэдгээр нь дээрэлхэж, монжих гэсэн хүмүүст үнэхээр дургүй. Үнэнийг хэлэхэд манай дээр орж ирсэн хүмүүсийн талаас илүү хувь нь буцаад гараад явчихдаг. Баахан хэлгүй хүн дохиж зангаад зогсож байхад бас хэцүү санагддаг байх л даа. Гэхдээ тэглээ гээд бид тэдгээр хүмүүст юунд нь ч гомдох билээ. Хүн өөрийнхөө хаягийг хаана хийлгэх нь өөрийнх нь дур шүү дээ.
-Та нар олон хаяг хийсэн үү?
-Тэгсээн. Энэ манай хийсэн хаягууд байна. /зураг үзүүлэв/ Бас бид олон боодол хулдаас хэвлэсэн. Том жижиг олон компани манайхаар үйлчлүүлсэн. Одоо манай компанид байнга үйлчлүүлдэг компаниуд байгаа. Ах дүүс шиг болсон хүмүүс байгаа. Бид том компаниудтай харилцаж чаддаггүй. Тэр компаниуд дээр очиж уулзахад бидэнтэй уулздаггүй. Тийм болохоор ажлыг нь авч хийж чадахгүй. Жишээ нь бид хулдаасан хэвлэлийг тэр компаниудын хийлгэдэг үнээс хамаагүй хямд, илүү чанартай хэвлэж чадна. Гэхдээ бидэнд итгэдэггүй. Эсвэл бид өөрсдийгөө тэднд ойлгуулж чадахгүй байгаа байх.
-Та яагаад хэлтэй хүмүүсийг ажилд авдаггүй юм бэ?
-Авдаг байсан. Гэхдээ биднийг эргээд их гомдоодог. Эсвэл би өөрөө хэлтэй ажилчиндаа итгээгүй байж магадгүй. Орж ирсэн захиалгыг өөр компанид өгчих ч юмуу, мөнгө дутаах, материал алга болох, эсвэл биднийг сонсохгүйгээр далимдуулаад хоорондоо доромжлох гээд олон бэрхшээл гардаг. Үүнээс болоод би ажлаа хийж чадахгүй стрестээд, сэтгэл санаа тогтворгүй, тэр хүмүүст итгэлгүй болчихдог. Их бага нь хамаагүй ажил олж хийгээд тэрнийхээ ашгийг шударга хүртээд явж байхыг илүүд үздэг. Бид хулдаасан хэвлэлийн загвар дизайн гаргахдаа бусдаас муу. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд компьютер дээр дизайн хийж, эх бэлтгэж сурсан. Бидний бэлтгэсэн эхийг зарим нь болж байна гэдэг, зарим нь голдог. Харин эх нь батлагдсан бэлэн хулдаасан хэвлэлийн ажлыг бид бусад компаниас хамаагүй хурдан, чанартай, хамгийн гол нь хямдхан хэвлэж чадна. Би нэрийг нь хэлмээргүй байна. Гэхдээ манайхаар хулдаасаа маш хямдхан хэвлүүлээд цааш нь өндөр үнээр том компаниудад зардаг хэд хэдэн жижиг хэвлэлийн компаниуд байгаа. Гэхдээ л бидэнд итгэж ажлаа хийлгэж байгаад нь баярлаад тэр хүмүүсийнхээ ажлыг бид сайн хэвлэж өгдөг.
-Тэдгээр компаниуд өөрсдөө үйлдвэргүй юмуу?
-Үйлдвэртэй, өөрсдөө хэвлэдэг. Олон захиалга аваад ажлаа амжихгүй болохоор бидэнд илүү гарсан ажлаа өгч хийлгэдэг.
-Танай захиалга хэр байна?
-Маш муу байна. Энэ жил бүр эрс муудсан. Сая сонгуулиар овоо ажил хийж, түрээс, бас бус өр ширээ дарсан. Одоо ажил олдох нь улам л багасаад байна. Энэ дашрамд бидэнд захиалга олж өгөхөд үнэн сэтгэлээсээ тусалж байгаа Сэтгэлийн гэгээ төвийн хамт олондоо баярлалаа. Бид та бүхний итгэлийг алдахгүй олж өгсөн ажлыг чанартай хийх болно.
-Ажил амьдралдаа мөрддөг зарчим нь юу вэ?
-Ямар ч зүйлд үнэн сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Ирээдүйд би олон төрлөөр үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн машинуудтай, мөн том талбайтай ажлын байртай болохыг мөрөөддөг. Тэндээ ажилгүй байгаа хэлгүй найзуудаа ажиллуулж, тэдэнд туслахыг мөрөөддөг. Энэ бүхнийг ажиллуулж чадах чадвар надад байгаа. Гэхдээ орлого байхгүй болохоор тоног төхөөрөмж нэмж худалдаж авч чадахгүй байна. Мөрөөдлөө яаж биелүүлэх үү гэж би байнга боддог.
-Таван сайхан охинтой гэлээ. Гэр бүлээ манай уншигчдад танилцуулна уу?
-Манай эхнэрийг Х.Сэлэнгэ гэдэг. 2001 онд эхнэртэйгээ танилцаж бид одоо таван сайхан охины ээж, аав болцгоосон. Эхнэр бид хоёр нэг сургуулийнх.Охид бүгдээрээ хэлтэй төрсөнд үнэхээр их баярладаг. Бид хоёр охидынхоо боловсролд маш их анхаарахыг хичээдэг. Гэхдээ хүүхдүүд өсөөд ирэхээр зардал хэцүү юм. /Инээв/ Одоо манай гурван охин сургуульд, хоёр охин маань цэцэрлэгт явдаг. Намар хичээлийн юмыг нь бэлдэх гэж компанидаа шинэ машин худалдаж авахаас илүү хүнд байдалд эхнэр бид хоёр ордог. Ажилчдын хүүхдүүд бас сургуульд орно. Намар бол бидэнд хамгийн хүнд үе байдаг. Өр зээл тавихаас өөр аргагүй байдалд ордог.
-Ах дүү нар чинь та хоёрт тусалдаг уу?
-Туслалгүй яахав. Байнга л тусалдаг. Гэхдээ дандаа тэднээс мөнгөний тусламж, дэмжлэг авч болохгүй шүү дээ. Тэд маань тусдаа амьдралтай, ажилтай хүмүүс. Миний ах эгч, дүү нар сайхан ажил хийдэг, сайхан амьдралтай хүмүүс байдаг.
Гэхдээ бид хоёр хэлгүй дүлий гээд хүнээс тусламж, гуйлга гуйж болохгүй гэж хатуу боддог. Өөрсдөө хөдөлмөрлөөд амьдралаа авч явах ёстой. Яах аргагүй хэцүү үед эхлээд ах дүү нартаа л ханддаг.
Тэд нар маань бидэнд дандаа л тусалдаг. Гэхдээ би ашиггүй ажиллаад, эсвэл хүүхдүүд өсөөд зардал их болох тусам миний зардлыг ах дүү нар маань өгдөг байж болохгүй. Сая үйлдвэрийнхээ машиныг шинэчлэхэд ах маань 10 сая төгрөг өгч тусалсан. Олон сар орлого муудаад алдагдалтай ажиллахад эгч маань бүтэн жил түрээсийн мөнгө өгч тусалсан. Ер нь тэднээс гуйх үе зөндөө л гарна. Гэхдээ энэ бол буруу. Бид өөрсдөө мөнгө олох ёстой.
-Охидуудтайгаа та хоёр яаж ярьдаг вэ?
-Тэд бүгдээрээ хэлгүй хүний дохиогоор ярьдаг. Бид хоёроос бараг сайн ярина. Бага охин маань хүртэл бяцхан хөөрхөн гараараа дохиод байдаг. Бид хоёр түүнийг ч гэсэн ойлгодог. Манайх оройдоо яг л цэцэрлэг юм шиг бужигналдаж байдаг. Бид хоёр хүүхдүүдийнхээ хичээлд туслахыг хичээдэг. Гэрийн даалгавраа хийхэд нь тусалж тоо, монгол хэлний хичээлийг нь бид хоёр зааж өгнө. Бид хоёр онц сурдаг байсан. Гэхдээ тэдэнд бүрэн дүүрэн тусалж чадахгүй л байгаа байх. Би тэдэндээ “Аав, ээжийнхээ хэвлэлийн компанийг ирээдүйд та нар л үргэлжлүүлэн авч явах учраас хичээл номдоо маш сайн шамдаарай” гэж байнга захьдаг.
-Эхнэр тань ажилд нь тусладаг гэсэн үү?
-Тиймээ. Бид хоёр хамт ажилладаг. Эхнэр маань миний ажилд тусалж хэлмэрч хийдэг. Эхнэрээ эзгүй үед үйлчлүүлэгчидтэй харилцахад их хүндрэлтэй. Миний эхнэр бол миний тал бие. Хэрвээ эхнэр маань муухан ч гэсэн сонсож, ярьж чаддаггүй байсан бол би энэ компаниа байгуулдаг юмаа гэхэд ажиллууж чадахгүй байсан байх.
-Анх аав болсон тэр үеэ эргэн дурсвал?
-Эхнэр бид хоёр анхны хүүхдээ сэтгэл догдлон хүлээсэн. Аав болно гэдэг үнэхээр сайхан мэдрэмж. Гэхдээ бид хоёр анхны хүүхдээ хэлд ортол айдаг байсан. Хэлгүй болчихвол яана аа гэж айдаг байсан. Гэтэл охин маань бусад хүүхдийн адил зүв зүгээр хэлд орсон. Тэгээд таван сайхан охинтой болсон. Амьдрал гэдэг үр хүүхдийнхээ төлөө амьдрахын нэр юм байна гэдгийг анх аав болоод л ойлгосон. Цэцэг шиг таван сайхан охин надад төрүүлж өгсөн эхнэртээ баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Хүүхдүүдээ сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлнэ гэдэг аав хүн бүрийн үүрэг.
-Нийгэмд залуу гэр бүлийн дунд салалт их байна. Эрүүл саруул мөртлөө л үл ойлголцох асуудал тэдэнд их. Гэтэл та хоёрын хувьд олон сайхан хүүхдийн эцэг эх болоод амьдралыг сөрөн зогсож байна шүү дээ. Бахархаж байна?
-Баярлалаа. Тиймээ. Бие биенээ ойлгоно гэдэг хамгийн чухал. Амьдралд үл ойлголцох асуудал гаралгүй л яахав. Энэ бүхэнд тэвчээртэй байх л хэрэгтэй. Бие биенээ хайрлана гэдэг энэ амьдралын хамгийн сайхан нь. Хэлгүй дүлий гээд бид хоёр муудалцахгүй байна гэж байхгүй шүү дээ. /инээв/
-Хайр гэдгийг та юу гэж илэрхийлэх вэ?
-Хайр бол үнэн сэтгэл.
-Эхнэрийгээ хэр баярлуулдаг вэ. Хамгийн сүүлд хэрхэн баярлуулав?
-Аль болох Монголын бүх тэмдэглэлт баяруудаар эхнэрээ баярлуулахыг боддог. Гэхдээ мөнгөгүй боломжгүй үе байдаг. Эхнэртээ хайртай гэдгээ хэлж ярьж илэрхийлж чадахгүй ч гэлээ үйлдлээрээ баярлуулахыг хичээдэг. Хайр заавал материаллаг зүйлээр илэрхийлэгдэхгүй. Хамгийн сүүлд ээмэг, зүүлт эхнэртээ бэлэглэсэн.
-Бизнес эрхлэгчид болон албан байгууллага, хувь хүнээс юу хүсмээр байна?
-Бид ямар нэгэн хандив, мөнгө та бүхнээс хүсэхгүй. Би хүний зүгээр өгсөн юмыг авахгүй. Харин надад хулдаасан хэвлэл, хаяг рекламныхаа захиалгыг зах зээлийн үнээр өгөөч гэж хүсч байна. Хэтэрхий хямдхан ажил авч хийгээд байхаар цалингаа тавиад, түрээсээ төлөөд бид хоёр өөрсдөө мөнгөгүй хоцордог. Манайх бүх төрлийн хулдаас, фото хэвлэлийг маш сайн хэвлэж чадна. Хэлгүй хүмүүс муу хэвлэдэг, хийж чадахгүй гэж боддог хүмүүс ирээд үзээрэй. Та манай компаниар нэг л удаа хулдаасаа хэвлүүлээд үзээрэй. Бид таны итгэлийг алдахгүй ээ. Хэрвээ манай компанийн үнэ өндөр байвал та үнээ хямдруулаад хэвлүүлээрэй.
-Хамгийн их талархаж явдаг хүн гэвэл?
-Өдий зэрэгтэй намайг өсгөж, бас хүүхдүүдийг маань хайрлаж өсгөлцсөн аав ээждээ их баярлалаа. “Миний хүү сонсголгүй ч гэсэн сэргэлэн, гүйлгээ ухаан сайтай” гээд л ээж маань намайг их магтдаг. Бас бид хоёрт тусалдаг эхнэрийнхээ эгчид маш их баярладаг. Миний ажлыг ойлгож дэмжин тусалдаг ах, эгч, дүүдээ бас их баярладаг. Тэр дундаа ахдаа би талархаж явдгаа онцлон хэлэхийг хүсч байна. Ах маань намайг үргэлж дэмжиж тусладаг. Надтай хамт ажилладаг, надад итгэдэг найз нартаа бас баярладаг. Тэгээд надад ажлаа өгч хийлгэдэг бүх хүндээ баярлалаа, итгэлийг нь алдахгүй гэдгээ хэлье.
-Эрүүл саруул мөртлөө л ажил хөдөлмөр хийхгүй байгаа залуус энэ нийгэмд олон болжээ. Гэтэл таны хувьд бусдаас гарахааргүй эр зориг, тэвчээрийг гаргахын зэрэцээ үр хүүхдэдээ үлгэр дуурайл болсон аав хүн юм. Залууст юу гэж зөвлөмөөр байна?
-Тийм ээ. Хүн ажлыг голж шилж болохгүй. Амьдрал санаснаар дандаа сайхан байхгүй. Сайн, муу бүхэн ээлжилдэг. Бид хоёр зөндөө олон удаа өрөнд орж байсан. Олон удаа хүнд хулхидуулж шатаж байсан. Эрээн хотын хятад хүнд 10 гаруй сая төгрөгөө өгөөд алдаж байсан. Байргүй болчихоод охидоо дагуулаад аав ээж дээрээ очиж байсан. Гэхдээ дахиад л бид хоёр боссон. Одоо бид хоёрт алдах эрх байхгүй. Энэ компаниа дампууруулж болохгүй, алдагдалтай ажиллаж болохгүй гэдгээ мэддэг болсон. Гэхдээ л захиалга үнэхээр муу байгаа. Ганц манайх биш олон жижиг үйлдвэр ажилгүй байх шиг байна. Энэ бүхнийг даван туулах тэвчээртэй байх хэрэгтэй. Хэлтэй, хэлгүй ч бай бүгд л ажиллаж, хөдөлмөрлөж сайн сайхан амьдрахын төлөө зүтгээрэй л гэж залуустаа хэлье. Хүн болж төрснийх хүн гэдэг нэрнийхээ эзэн нь болж амьдрах нь энэ хорвоод ирсний гол утга учир. Энэ үгийг аав минь надад хэлж өгсөн.
-Таны хэлэх дуртай үг?
-Сая миний хэлсэн үгийг би найз нартаа хэлэх дуртай. Бас “Ажил хийвэл ам тосдоно” гэж сайхан зүйр цэцэн үг байдаг.
Ийм нэгэн дайчин, хөдөлмөрч залуутай бид уулзлаа. Тууштай хөдөлмөрч хүнийг амьдрал шагнадаг гэдэг. Х.Өнөрбаярыг амьдрал харамгүй шагнана гэдэгт итгэж байна. Сайхан сэтгэлт хүмүүн та Өнөр Дизайн ХХК-д итгэж ажлаа өгөөрэй гэж хүсье. Тэдний ажлыг дэмжиж, үйлдвэрийнх нь захиалгыг нэмэгдүүлэхийн төлөө ямар ч цалингүй, урамшуулалгүй ажиллаж байгаа “Гэрэлт эгшиглэн” ТББ-ын хамт олонд баярласнаа энэ дашрамд илэрхийлье. Та 91480808 утсаар холбогдоорой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл ( 9 )
Ta 2-iig 3 jiliin omno materialiin mongo zeelj uguuch geed uilan duulan guikhad chini olon khuukhedtei, ajil khiikh gej yadaj bhad ni demjiye geed khunees zeeleed ugsun. 3 jiliin khugazaand tolj duusaaguigeer barakhgui nogoo zeeluulsen khunee ergeed zagnaj buruutgaj bgaa shdee. Songuuliar yag mongo olno, Mandakhbayar akhaasaa tolboroo avaad ugnu gesen bas l tag. Iim khun chanargui baij bolokhgui l dee.
Bugdeeree yumaa hevluultsgeegeerei humuusee hayagaa bichtsen bol sain bailaa
Hun iim l baih yostoi. Ajilsag, hodolnorch hun haana ch hezee ch aldahguig ene saihan 2 zaluu batlan haruulj bna
их сайхан гэр бүл байна хүн болгоё гэвэл болохгүй зүйл байхгүй гэдэг л энэ дээ тэгж өгөхгүй байна тэгж нэмэхгүй байна тэгж харж үзэхгүй байна гэж байхаар ингээд зүтгэвэл болдог л юм байна даа эд нартаа аз жаргал хүсье
AZ jargal sain saihang hvsie
Saihan setgeliin vzvvrt tos gedeg..ger bvld n az jargal,ajild n amjilt hvsie!...
Хаана байдаг юм бол? холбогдох утас, ажлыг нь хэлж өгөөч
Мундаг залуу байна.