Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сэлэнгэ аймгийн шүүхэд ажиллаж байна. Орон нутаг дахь энэ удаагийн томилолт Сэлэнгэ аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзсанаар эхэллээ.
Томилолтын ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Ж.Мөнх-Оргил, Э.Золбоо, мэргэжилтэн Б.Цэцэгдэлгэр нар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн шүүхийн үйл ажиллагаагаа танилцууллаа.
БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 15 дугаар хурал, Бага хурлын тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар "Аливаа шүүн таслах газрыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг 1926 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Энэ дүрэм ёсоор 1926 оны сүүлчээр Алтанбулаг хотын шүүн таслах газрыг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байсан түүхтэй. Өдгөө тус шүүх нь 13 шүүгч, шүүхийн захиргааны 27 ажилтантайгаар ажиллаж байгаа юм. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Батзориг, шүүгчээр Г.Давааренчин, Д.Буянжаргал ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Энхтайван, шүүгчээр Д.Мөнхцэцэг, Л.Соёлмаа, Д.Мөнхзул, Сум дундын Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Эрдэнэхишиг, шүүгчээр Д.Нацагдорж, С.Нолхоосүрэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Одбаатар, Ж.Бурмаа, Ц.Байгалмаа нар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 31-ний байдлаар эрүүгийн 40, иргэний 35 хэргийг хянан шийдвэрлэжээ. Эрүүгийн 32 хэргийг шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах гомдлоос татгалзсан дөрөв, үлдэгдэл дөрвөн хэрэг байгаа гэдгийг танилцууллаа.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 126 хэрэг хүлээн авчээ. Үүнээс 38 нь давж заалдах шатны шүүхээр, 8 нь Улсын Дээд шүүхээр хянагджээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх 27 нэхэмжлэлийг шийдвэрлэжээ. Ажиллагаанд зургаан хэрэг байгаа аж.
Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх аравдугаар сарын 31-ний байдлаар 781 хэрэг хүлээн авснаас 615-ыг нь шийдвэрлэжээ. Шүүх хүлээн авахаас татгалзсан 66, түдгэлзүүлсэн 20 хэрэг байгаа гэдгийг танилцуулсан юм. Тоон үзүүлэлтийг харьцуулахад нэг шүүгчид 200 орчим хэрэг ноогдож байгаа аж. Харин тус шүүхэд ажилладаг эвлэрүүлэн зуучлагч 152 өргөдөл хүлээн авснаас 148-ыг нь шийдвэрлэжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга эвлэрүүлэн зуучлагч идэвхитэй ажиллаж, иргэний хэргийн шүүгчдийн ачааллыг бууруулахад анхаарахыг захиж байлаа.
"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж байгааг шүүхийн Тамгын газрын дарга танилцуулсан. Шүүх олон нийтэд нээлттэй ажиллах ёстой. Үүний тулд вэб сайтынхаа үйл ажиллагааг сайжруулж, хандалтыг нэмэгдүүлэхэд анхаарахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга зөвлөсөн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай хийсэн уулзалтандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үр дүнг олон улсын хараат бус шинжээчид үнэлснийг онцоллоо. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэл, шударга байдалд хараат бус үнэлгээ хийгээд "Монгол Улсын шүүхийн шинэтгэл ижил гараатай байсан улсуудаас ихээхэн түрүүлсэн байна. Монголын шүүхийн хууль тогтоомжууд олон улсын стандартад бараг нийцжээ” гэж дүгнэснийг ярилаа. Мөн Монгол Улсын шүүх бүрэн ил тод, нээлттэй болж, шүүхийн хүртээмжтэй байдал бүрэн хангагдсан гэдгийг хараат бус шинжээчид дүгнэлтэндээ онцолсон гэдгийг дурьдсан юм. Шүүхийн шинэтгэлийн үр дүнг олон нийтэд хүргэхэд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын оролцоо чухал гэдгийг анхаарууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн үйл ажиллагаатай танилцахдаа "Шүүхийн шинэтгэлийн хүрсэн үр дүнг олон нийтэд таниулахад анхаарч, нийгмийн мэдрэмжтэй байгаарай” гэж захиж хэлснийг мөн уламжилсан юм.
Дараа нь Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзалт хийж, шүүхийн шинэтгэлийн бодлого хэрэгжилт, ололт, үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийсэн юм. Мөн шүүхийн үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Уулзалт үргэлжилж байна.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )