Далай ламд Монголын оюутны дээд шагнал ”Соён гэгээрүүлэгч” одонг гардууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай ламын Монгол дахь айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр Монголын их, дээд сургуулийн оюутан, багш нарын төлөөлөлтэй СТӨ-нд уулзаж, “XXI зууны ёсзүй ба бурханы шашин” лекцийг тавьсан юм.

Энэхүү лекцийг “Гандантэгчилэн” хийд, Монголын Оюутны холбоо, “Жавзандамба хутагт” төв хамтран зохион байгуулсан бөгөөд лекцийн үйл явц асуулт, хариулт маягаар үргэлжилсэн юм. Оюутнууд Далай багшаас асуух асуултуудаа өмнө нь МОХ-д хүргүүлсэн бөгөөд тэдгээрээс цөөн хэдийг нь сонгож Далай ламд тавилаа. 

-Та фэйсбүүкийн талаар ямар бодолтой явдаг вэ. Орчин үед сошиал хэрэглээ хэтэрхий их болсноос хүмүүсийн харилцааны амьд хэсэг орхигдоод байх шиг. Танд фэйсбүүк, твиттэр хаяг байдаг уу?

-Би өөрөө нээж, хэрэглэдэг зүйл байхгүй ээ. Гэхдээ фэйсбүүк хаяг маш хэрэгтэй гэж боддог. Хол байдаг хүмүүс бие биетэйгээ фэйсбүүкээр дамжуулан холбоо тогтоож, харилцаж байна. Энэ бол сайн зүйл.

-Бурханы шашны ёс зүй, Иргэний ёс зүй хоёрын ялгаа юу вэ. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

-Нэгдүгээрт, миний үүрэг хариуцлага дэлхий дахинд энх тайванг тогтооход байдаг. Энхтайван эрүүл оюун ухаан, амар амгалан сэтгэлээс гардаг. Эрүүл оюун ухаантай байхад зайлшгүй шашин шүтэх эсэх нь хамаагүй. Би 30 жил шинжлэх ухааныг үзлээ. Ингэхдээ энэхүү шинжлэх ухаан, бурханы шинжлэх ухаантай ижил юм байна гэдгийг ойлгож авсан. 

Шашин шүтдэггүй хүмүүсийг энэрэн хайрлана гэдэг иргэний ёс зүй юм. Энэ ертөнц дээр 7 тэрбум хүн бий. Тэдний тэрбум гаруй нь шашин шүтдэггүй. Тэгвэл энэ хүмүүст дотоод сэтгэлийн амар амгалан ойлгуулах гэдэг маань өөрөө иргэний ёс зүй шүү дээ. Баруунд "Иргэний" гэдгийг шашныг шүтэхгүй байх гэж тайлбарладаг. 

-Залуу хүмүүсийн гэр бүл төлөвлөлтийн талаарх таны бодол ямар байдаг вэ. Оюутан байхдаа гэр бүл болцгоох нь хэр зохистой үйлдэл юм бол...? 

-Залуу гэр бүл хүүхэдтэй анхаарал тавих нь маш чухал. Тухайлбал хүүхдийг хөхөөр нь хооллох хамгийн сайн гэх шинжлэх ухааны дүгнэлт байна. Оюутан байхдаа гэр бүлийн харилцаа үүсгэх, холбоо тогтоох зэрэг асуудлууд бол та бүхний өөрсдийн асуудал. Гэхдээ оюутан байхдаа гэр бүлээ төлөвлөх нь сурлагад хортой байж магадгүй ээ. Ер нь оюутан байхдаа эзэмших ёстой хамгийн чухал зүйл бол боловсрол юм шүү дээ. 

-Өрнө, Дорнын анагаах ухааны ялгаа ба хослол, ирээдүйн талаарх бодлоо хуваалцаач?

-Зарим ужиг өвчин барууны анагаах ухааны эм, эмчилгээгээр эдгэрэх нь бий, зарим нь дорнын анагаахын ухаанаар эдгэрэх нь ч бий. Энэтхэг эмч нар заримдаа өрнийн ба дорнын эмчилгээг хослуулан хийдэг тохиолдлыг би мэднэ. 

Эрхэм уншигч та Далай багшийн оюутан, залуучуудад зориулан тавьсан лекц болоод оюутнуудын лекцтэй холбоотой дэлгэрэнгүй ярилцлагыг доорх бичлэгээс үзэх боломжтой. Дашрамд өгүүлэхэд лекцийн төгсгөлд Дээрхийн гэгээнтэнд Монголын оюутны дээд шагнал "Соён гэгээрүүлэгч" одонг гардуулж, хүндэтгэл илэрхийлсэн юм.  

Сэтгүүлч О.Туяа 

Бичлэг: "Будда продакшн" фэйсбүүк хуудас 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
малчин(202.126.91.98) 2016 оны 11 сарын 22

лам нар монголыг хөгжүүлчих юм биш биз дээ ламын шашин монголыг аврана гэж гэнэн тэнэгийн онигоонд орж байна шүү мал нь хэрэгтэй лам бол цаашаа л байсан нь дээр

0  |  0
Top