Эрчим хүчний салбарт бизнес эрхлэгчидтэй сайд П.Ганхүү уулзлаа

2016 оны 12 сарын 08

Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 гаруй аж ахуйн нэгж, компанийн удидлагууд уулзалтад оролцлоо. Монголын эдийн засаг хүндэрч, хувийн хэвшлүүдийн чадавхи суларсан энэ үед салбар яамнаас бодлогоор хэрхэн дэмжиж ажиллах,мөн томоохон төсөл хөтөлбөрүүдэд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр сонгож оролцуулах боломжийн тухайд түлхүү хөндсөн юм.

Эрчим хүчний салбарт өнөөдөр 820 гаруй аж ахуйн нэгж, компани тусгай зөвшөөрөл эзэмшиж, бизнес эрхэлж байна. Тогооноосоо хальсан замбараагүй энэ тоог цэгцэлж, тодорхой шалгуур тавих цаг нь болсныг захирал, удирлагууд хэллээ.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол Улсын Засгийн газраас 2017 онд эрчим хүчний салбарт тодорхой бодлого хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын их ажлууд өрнүүлэхээр төлөвлөөд байна. Стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг хөдөлгөж, үүнд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр татан оролцуулах нь зүйтэй гэсэн чиг барьж байгаа. Энэ хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн санал бодлыг сонсож, цаашид хамтран ажиллах үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Ачааны хүндийг үүрч 20 жил явсан та бүхний чадвар, туршлагаар улсдаа хөрөнгө оруулах цаг нь болсон” гэв.

Уулзалтад оролцсон компани, хувийн хэвшлийн удирдлагуудын санал бодлоос хүргэе. 

   “Хасу мегаватт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш: “Яамны удирдлагууд хувийн хэвшлийнхний үгийг сонсоно гэдэг нь ажил хийх том эрмэлзэл, эхлэл байна гэсэн итгэл төрүүлж байна. Цаг үеэ олсон уулзалт болж байгааг хэлэх хэрэгтэй. Миний хувьд хоёр, гурван санал хэлмээр байгаа юм. Хамгийн эхлээд монголын эрчим хүчний салбарт мөрдлөг болгодог норм норматив өнөөдрийг хүртэл тойм муутай, тодорхой зүйлсийг багтааж чадаагүй. Үүнд сайдын зүгээс онцгой анхаарахыг хүсье. Хоёрт, хувийн хэвшлийнхэн бидэнд асуудал мундахгүй. Инженер, техникийн ажилтнуудын цалин хөлс тааруу, улирлын шинжтэй байдгаас чадварлаг залуусаа уул уурхайн салбар руу алдсаар байна. Жилдээ 50, 60 хүнийг маань цалингийн урсгалаар бусад салбар татаад авчихдаг. Мөн төр өөрөө бизнес эрхлэгчидтэй өрсөж, ажлыг нь булаах болсон нь ТЭЦ-үүд дотроо мини үйлдвэр байгуулж байгаагаас харж болно. Энэ мэт хувийн хэвшлээ боомилсон, хөлийг нь тушсан бодлогууд их байна. Биднийг бараг мартсан энэ салбар харин өнөөдөр хувийн хэвшлийнхнээ дэмжээд үгийг нь сонсож байгаад баярласнаа илэрхийлье”.

   “MCSинтернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү: “Эдийн засаг хүндэрч хумигдсан энэ үед 20 жил бэлдсэн ажилтнуудаа яаж тогтвор суурьшилтай авч үлдэх вэ гэдэг асуудал манай компанийн хувьд хамгийн чухал байна. Гэхдээ бид томоохон бодлого барьж ажилласан учраас харьцангуй амжилттай давж байгаа. Өнөөдрийн уулзалтаар үндэсний компаниудын оролцоог тэргүүнд тавих асуудал давамгайлж байна л даа. Үүний тулд монгол компаниудын оролцоо нэгд байна гэсэн бодлогыг яам барих ёстой. Өөрөөр хэлбэл аливаа төсөлд оролцохмонгол компаниудын оролцооны хувийг тодорхой гаргаж, гадны компаниуд түншлэлийн хэлбэрээр ажиллана гэдэг ч юмуу бодлогоо тодорхой болгоё”.

   “Мон илч” ХХК-ийн зөвлөх инженер Г.Лувсан: “Манай компани 1998 онд байгуулагдаж, 18 дахь жилдээ ажиллаж байна. Дулааны цахилгаан станцын зуух, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон сэлбэг хэрэгсэл эд анги хийдэг. Миний зүгээс бүтээн байгуулалт, төслийн үр дүнгүүд хоцрогдож, хариуцлага гэдэг ойлголт байхгүй болсныг онцолж хэлмээр байна. Засвар, хөрөнгө оруулалт гээд аль ч шатанд ажлын үр дүнг харахаа больсон. 100төгрөг ч бай, тэрбум төгрөг ч зарцуулсан  байюу болсныг хэн ч мэдэхээ больжээ. Үүнд анхаарал хандуулахыг хүсч байна”. Мөн хувийн хэвшлийнхэн цаг үеэ олсон уулзалт зохион байгуулж буй сайд П.Ганхүүд талархаснаа хэлээд хамтран ажиллах итгэлцэл бий болж байгааг онцолсон.Уулзалтын үр дүндхувийн хэвшлийнхний саналыг нэгтгэн, яамны бодлого үйл ажиллагаанд тусгахаар болсон юм.

   Эрчим хүчний сайд П.Ганхүү өмнө нь салбарын эрдэмтэд, зөвлөх инженерүүдтэй уулзсан бол маргааш Гавъяат ажилтнууд болон ахмадуудтай уулзахаар төлөвлөжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top