Түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулахыг шаарджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 08

Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасаж буйгаас “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 ам метр хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байгаа юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 ам метр талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 хүртэл болгон өөрчлөх шийдвэрийг өнгөрсөн сарын 30-нд Засгийн Газрын хуралдаанаас гаргасан билээ. 

Энэ дагуу Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ-ын захиалгаар баригдсан 360 айлын орон сууц “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжиж байна.

Нийслэлийн тухайд  “Буянт-Ухаа-2” хорооллын ашиглалтанд орсон 68 м.кв талбайтай гурван өрөө орон сууц үүнд багтаж байгаа юм. 

Гэвч "Буянт-Ухаа-2" хороололд орон сууц түрээслэх иргэдийг хэрхэн шалгаруулах журам нь одоогоор батлагдаагүй байна. 

Түүнчлэн  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 7-р хорооллын "Хангай" хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлэхээр болсон бөгөөд эдгээр түрээсийн орон сууцнуудад амьдрах иргэдийг шалгаруулах ажиллагааг өнгөрсөн наймдугаар сард зохих журмын дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас зохион байгуулсан билээ.

Гэвч тус хорооллын байрнуудыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа нь гүйцэтгэгч компаниудийн үйл ажиллагаатай холбогдон удааширч байгаагаас шалтгаалан иргэд өнөөдрийг хүртэл байрандаа орж чадахгүй байдал үүсээд байгаа юм. 

Энэ талаар  ТОСК-ийн ажилтнаас тодруулахад тэрбээр "ТОСК ТӨҮГ-ын удирдлагууд санаачилан Хангай хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компаний ерөнхий инженер, ашиглалтын албаны менежер зэрэг албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж түрээсийн байрнуудыг ашиглалтанд оруулах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн амьдрах нөхцөлийг ханган ажиллахыг шаардсан байгаа" гэлээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.130) 2016 оны 12 сарын 08

haana ochij burtguuleh ym be

0  |  0
Z(202.179.23.146) 2016 оны 12 сарын 08

hezee iim shalgaruulalt bolsiin be bolj bga medeelel yavaagui asuuhad tiim yum bhgui geed bsanshdee

0  |  0
Top