ТАНИЛЦ: Сайтуудын ЖИНХЭНЭ ЭЗЭД

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 09

Хэвлэлийн Хүрээлэнгээс "Хил хязгааргүй сэтгүүлч" олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Монголын хэвлэл мэдээллийн салбарт буй компаниуд, тэдгээрийн эзэмшигчдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэж, тус тайланг олон нийтэд нээлттэй хэлбэрээр байршуулжээ.

Судалгаанд зах зээлд эзэмших хувь хэмжээ, үр нөлөө, хүртээмжээр тэргүүлж буй 11 телевиз, 10 сайт, зургаан радио, 11 сонин болон "МОНЦАМЭ" агентлагийг хамруулжээ.

Сонирхолтой нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь шууд болон шууд бусаар аль нэг улс төрийн нам, улс төрчтэй хамааралтай байгаа юм. Тодруулбал,  судалгаанд хамрагдсан 39 байгууллагын 29 нь буюу 74.36 хувь нь улс төрийн хамаарал бүхий эзэн, хөрөнгө оруулагчтай болохыг тогтоосон байна.

Сайт эзэмшигчдийн танилцуулга:

IKON.MN

Мэдээ, мэдээллийн ikon.mn сайт үүсгэн байгуулагдаад удаагүй ч маш түргэн хугацаанд тэргүүлэгч болж чадсан. “Бенекрафт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл нь “Монгол Контент” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагадаа тулгуурлан хувийн “Бенекрафт” компанийг үүсгэн байгуулж, улмаар тус компанийн үндсэн үйл ажиллагаа болох ikon.mn сайтыг ажиллуулж эхэлжээ. Тэрээр компанийхаа хувьцааг Ч.Болортуяа, Ч.Сүхбаатар, С.Дэлгэрдалай нартай хамтран хамтран хувь эзэмшдэг аж.

MEDEE.MN

Судалгааны асуулгаар “MPO” ХХК-ийг Д.Эрдэнэтуяа эзэмшдэг гэсэн мэдээлэл ирүүлсэн боловч түүний талаарх мэдээлэл нээлттэй биш аж. Гэвч хараат бус судлаачийн тэмдэглэснээр тус сайтын домайн нэрийг УИХ-ын дарга асан З.Энхболдын дүүгийн” Boldsoft” ХХК эзэмшдэг бөгөөд тус компанийн хаяг З.Энхболдын 100 хувь эзэмшдэг “Интер” ХХК-ийн хаягтай таардаг. Мөн З.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хандивт ашигласан 9191-2343 утасны дугаар MEDEE.MN сайтын домайн бүртгэл дээр байдаг. Иймд тус сайт нь З.Энхболдтой хамааралтай байх үндэслэлтэй. Мөн MPO ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Отгонбаяр нь УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байв.

ITOIM.MN

“Хөх-Ах” ТББ нь itoim.mn мэдээллийн сайтыг эзэмшдэг бөгөөд тус ТББ-ын тэргүүн нь iToim агентлагийн үүсгэн байгуулагч гэснээс өөр мэдээлэл байхгүй. Байгууллагынхаа 40 хувийг эзэмшиж буй Г.Отгонбаяр нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын арвин туршлагатай. Өдөр тутмын томоохон сонинуудад хариуцлагатай алба хашиж ирсэн, өдөр тутмын “Үндэсний Шуудан” сонины эрхлэгчээр ажиллаж байсан. Одоогоор ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа.

Г.Отгонбаяр нь Монголын сэтгүүлзүйн салбарын томоохон тоймчдын нэг бөгөөд нийтлэлчдийн baabar.mn сайтад идэвхтэй бичдэг. 2015 онд тэрээр хувийн бизнесээ эхлүүлэхээр шийдэж, хамтран ажиллагч нөхөдтэйгээ нийлэн iToim агентлагийг үүсгэн байгуулсан. Одоогоор тус агентлагийг хувьцаа эзэмшигчдийн нэг Г.Улсболд удирдаж байна.

NEWS.MN

“NEWS” агентлагийн хувьцааны дийлэнх нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатар эсвэл түүний хүүгийн нэр дээр байдаг гэсэн мэдээлэл бий боловч нотлох баримт байхгүй. Х.Болдбаатар нь “Улаанбаатар такси” компанийн захирал юм. Харин Б.Тэмүүлэн нь гол хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд тус сайтын ерөнхий захирал. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн салбарт тэр дундаа хэвлэмэл сонины салбарт 20 гаруй жил ажиллаж, сүүлийн жилүүдэд цахим мэдээллийн хэрэгслийг удирдаж байгаа. Тэрээр тус агентлагийн хөрөнгө оруулалт болон хувь эзэмшлийн асуудал хэлэлцээрийн шатандаа байгаа бөгөөд олон жил ажилласан сэтгүүлчдэдээ хувьцаа эзэмшүүлнэ. Энэ нь 2017 оноос тодорхой болох тул хэн хэдэн хувь эзэмшиж байгаа тухай мэдээллийг тэр үед өгөх боломжтой гэв.

OLLOO.MN

Компанийн гол хувьцаа эзэмшигч Ц.Энхцэцэг нийт хувьцааны 26, 1 хувийг эзэмшдэг. Тэрээр Оллоо ХК-ийн анхны захирал. Хоёрдахь гол хувьцаа эзэмшигч нь “Asia Pacific” Брокер Диллерийн Компанийн нийт хувьцааны 18, 5 хувийг эзэмшдэг. Тус брокор диллерийн компанийн талаарх мэдээлэл сайтад нээлттэй биш. Гуравдахь гол хувьцаа эзэмшигч нь Ш.Энхбаяр бөгөөд тэрээр нийт хувьцааны 17, 8 хувийг эзэмшдэг. Тэрбээр Номин холдингийн Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд захирал Ш.Баярсайханы төрсөн дүү юм.

GOGO.MN

Мобиком Корпорацийн томоохон хувьцаа эзэмшигч нь Японы Сумитомо Корпораци. Сумитомо Корпораци нь үндэстэн дамнасан том компани бөгөөд Ази, Африк, Европ, Америк гээд бүхий л тивд өөрийн оффистой. Монголд уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи болон харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулсан. GOGO.MN сайтыг эзэмшдэг гэхээс илүү мэдээлэл байхгүй.

EAGLE.MN

Монгол Масс Медиа группийн эзэмшигч Данзандоржийн Баясгалан, 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Геологич, инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. “Голомт” банкны ТУЗ-ийн дарга. Бодь группын ТУЗ-ийн дарга (1993-1996), Голомт банкны Ерөнхий захирал (1996-2007), Бодь группийн ТУЗ-ийн дарга (2007- 2016)-ын албыг хашиж байсан.

Лу.Болд, Д.Баясгалан нар 1990 оны ардчилсан хувьсгалын үед “Оюутны холбоо”-ны найзууд байсан. Нийгмийн тогтолцоог өөрчлөх энэ үйл явцад тэд хамт оролцож байжээ. 1990 оны гуравдугаар сарын 4-нд ардчилсан хүчний нэгдсэн жагсаал, цуглаанаас шаардах бичгийг тухайн үеийн засгийн газарт өгөхөд Д.Баясгалан гардуулж өгч байв.

Д.Баясгалан 2014 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа: Би “Голомт"-ын хувьцаанаас гадна магадгүй Монголын хамгийн том хэвлэл мэдээллийн группыг эзэмшиж байгаа байх. Өнгөрсөн жилийн маргаан, хөрөнгө хуваах явцад хэвлэл, мэдээллийн компани маань надад үлдсэн юм” гэж ярьжээ.

"Монгол Масс Медиа" ХХК-ний Гүйцэтгэх захирал Амартүвшингийн Амундра, 2009 онд "Бодь интернэшнл" ХХК-д медиа групп байгуулах төслийг удирдагчаар ажилласан бөгөөд 2010 оноос "Монгол Масс Медиа" группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

“Монгол Масс Медиа” групп медиа зах зээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бие даасан, тус тусын компанийн нэгдэл. Нийт 400 гаруй ажиллагчидтай, найман үндсэн компаниас бүрдсэн. Үүнд: “Монгол Масс Медиа” ХХК, Үндэсний "Боловсрол суваг" телевиз ХХК, “Ийгл бродкастинг” ХХК, "Boxnetwork" ХХК /Box sport, Box movie, Box music/, "Dream" телевиз ХХК, “Шууд” ТВ ХХК, Ардын эрх сонин, Үндэсний "Тойм" сэтгүүл , FM 91.1 радио, "Монгол комикс" ХХК.

Судалгаанд хамрагдсан 10 сайтаас долоог нь нээлттэй танилцууллаа. Дараагийн удаа сонин болон телевиз эзэмшигчдийг нээлттэй ил тод танилцуулах болно.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(66.181.187.187) 2019 оны 04 сарын 01

M. Enhboldiin zaluu. comiig bicheech

0  |  1
Top