Баримтат кино хийлцэн Монгол орныг дэлхийд сурталчилсан нь

2016 оны 12 сарын 09

Discovery,”Survival, OLN Canada and the Science Channel US, OUTDOOR телевизүүдийн захирал Les Stroud -тай хамт Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолбор Газарт баримтат кино хийлцэн Монгол орныг дэлхийд сурталчилсан нь

2016 оны 8 сарын 23-аас 9 сарын 2-ыг хүртэлбайгалийн үзэсгэлэнт  Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт дэлхийд Монгол улсыг сурталчлахаар Идэр дээд сургуулийн Бизнес мэдээлэл зөвлөгөөний баг ажилаллаа. Манай багийн бүрэлдэхүүнд Монгол дахь АНУ- Летурне салбар сургуулийн захирал З. Баяраа, Роберт Ритц, Летурне  Их сургуулийн оюутан Д.Санжаажамц, У.Төрболд, Discovery TV-ийн баг багтсан юм.

Миний бие 1998 оноос аялал жуулчлалын салбарт багшлахын зэрэгцээ жуулчны зах зээлд ажиллаж байгаа жирийн нэг иргэн хүн. Аялал жуулчлалын салбарын хүн болохоор Монгол орноо гадаад зах зээлд сурталчлах тухай үргэлж боддог. Намайг Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Аялал жуулчлалын ангид суралцаж“ Монгол орны аялал жуулчлалын салбарын зар сурталчилгаа” сэдэвт төгсөлтийн ажил бичиж, Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн салбарт “Монгол оронд зочид буудлын сүлжээ байгуулах боломж” сэдвээр магистрийн судалгааны ажил бичиж хамгаалахад манай эрдэмтэн багш нар тийм ч таатай хүлээн авч байсангүй. Тэр ч аргагүй биз дээ 1998,2000 онд юун дэлхийн зочид буудлын сүлжээ энэ тэр. Дээрх хоёр сэдвийг судлаад явж байхад Монголоо нэг сайхан сурталчлаад дэлхийд гайхагдсан орон гэдгийг мэдрүүлэх санаа төрж билээ.Тусгай сонирхлын аяллын чиглэлээр долоон ном бичсэн дээ би. Ном бичихэд Ардын багш Ш. Шагдар, Д. Базаргүр, О. Пүрэв,З. Санжмятав  багш нарын маань зааж сургаж байсан тэр их  мэдлэг хэрэг болсон доо.Энэ л эрдэмтэн багш нарын мэдлэгийг өвлөж авсанаа их хувь заяа хэмээн боддог.

Дээд боловсролын байгууллагад арван найман жил ажиллахдаа өөрийгөө хөгжүүлэх суралцахад их анхаарч ажилласан. Багш нарын маань захиас тэр байсан юм.  Өдгөө Идэр Дээд Сургуулийн Бизнесийн салбарыг хариуцан ажиллаж байна. Багш хүний хувьд өөрөө хэрэгжүүлэгч байж оюутан залууст ном эрдэм заана шүү дээ. Өөрөө бүтээл туурвиж, ном бичдэг мэргэжлээрээ ажилладаг байх ёстой хэмээн үздэг. Тэр тусмаа аялал жуулчлалын багш хүн.

Өнөөгийн нийгэмд юм хийж буй хүн шүүмжлүүлдэг. Би бусдаас өөр байхыг хичээдэг. Иймээс л миний хийж буй бүтээлүүд бусдаас өөр байдаг нь бусдын шүүмжлэлийг дагуулдаг сайн талтай.Тэр тусмаа тусгай сонирхлын аялал жуулчлалаар багагүй зүйлийг судлан Засгийн Газрын Төсөлд голлох судлаачаар оролцон өөрийн арав гаруй жилийн хөдөлмөрөө зориулж, аймаг бүрт аялал жуулчлалын бренд бий болгох бүтээлээ өгсөн. Засгийн газарт ямар нэг санаа өгөөд нэмэргүй бололтой. Нам гэдэг зүйлээс өмнөх зүйл үгүй болдог юм шиг байна. Уул нь эрдэмтэн судлаачдын олон жил  хийсэн судалгааны үр дүнг улс орон хэрэгтэй санааг нь авч хэрэгжүүлвэл сайн баймаар. Иймд миний бие АНУ-ын бизнесийн удирдлагын магистр, Летурне Их Сургуулиййн захирал З. Баяраа, Роберт Ритцийн санаачилгаар дэлхийн алдарт Discovery TV  захирлыг багтай нь хамт Монголд авчран нэвтрүүлгийг амжилттай хийсэндээ баяртай байна. З.Баяраа, Роберт Ритц нар үнэхээр Монгол улсыг өөр өнцгөөс харж Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаад маш их баярладаг. Бараг аялал жуулчлал хариуцсан засгийн газрын байгууллагаас илүүтэй  ажилласан. Үгээр хэлэхийн аргагүй тийм сайхан хамтрагч нар гэдэгт хэдэн мянган хувь итгэдэг. Иймд бидний ажил сайхан явж байна. Энэ бол дөнгөж эхлэл.

2016 оны 8 сарын 23 ны өдөр дэлхийн алдартай хүмүүнийг Чингэс Хаан нисэх онгоцны буудлаас тосон авч буудалд байрлуулав. Монголчууд тийм ч их хөл хөөр болсонгүй. Дэлхийн од хүнийг манайхан л ингэж угтаж авдаг бололтой. Манайхан ийм л уужуухан ард түмэн.  Би өмнө нь дэлхийн од хүнийг угтан авч үзээгүй, туршлага тааруу хүн шүү дээ.

Discovery TV багийн кино хийх тоног төхөөрөмж төсөөлөхийн аргаггүй, үнэхээр мэргэжлийнTV гэж юу байдгийг бахдан нүд хужирлав. Би 2015 онд АЖИГНАЙ МОНГОЛ ХХК-ний UPTOWN  сэтгүүлийн багтай Говь-Алтай аймгийн Төгрөг суманд  жин тээх өв соёлын тухай баримтат кино хийсэн. Тэр мэдрэмжээс огт өөр юм аа. Би өөрөө ийм сайхан тоног төхөөрөмжтэй болоосой тэгвэл монгол орноо сурталчилсан сайхан баримтат кино хийнэ дээ гэж боддог боллоо. Миний дотор байгаа тэр гэрлийг асаах шиг мэдрэмж төрсөн. Аяллын явцад цаашид ийм тоног төхөөрөмжтэй болж эх орноо сурталчилсан сайхан баримтат кино хийхийг хүсдэг боллоо.  Миний хувьд аяллын үед нэг зүйлд сэтгэл дундуур байсан. Монгол орны хамгийн үнэтэй зочид буудлын нэг Тэрэлж Hoteld  арав хоног байрлан үйлчлүүлэв. Тийм ч сайхан үйлчилгээ үзүүлсэнгүй. Монголын зочлох үйлчилгээний салбар ийм л байдаг болсон байна. Цаашид бид анхаарах  хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын алба гээд төрийн нүсэр байгуулга хаагуур юу хийж явдаг юм бол доо. Хамгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал ийм үйлчилгээ үзүүлж байгаа юм бусад нь их хэцүү байгаа байх. Аялал жуулчлалын салбарын хамгийн чухал нь үйлчилгээ шүү дээ. Жуулчдыг Монголд зочлуулах гэж бид нэлээдгүй л юм болж авч ирдэг үйлчилгээний байгууллага ийм байвал цаашдын хөгжилд сөрөг нөлөөтэй.  Үүнийг анхаарах байхаа. Энэ ганц миний үг биш манай багийн гишүүдийн сэтгэгдэл юм шүү.

Les Stroud эхний хэдэн өдөр намайг ер тоож харьцахгүй нэг л их зантай хүн яваад л байлаа. За тэгээд дэлхийн од хүн ийм л зантай байдаг юм байх гэж бодлоо. Маргааш нь Discovery TV багтай Тэрэлжийн гол өгсөн зураг авах газраа сонгохоор явлаа. Газарзүйн онцлог шинж, тогтцыг нь ярьж өглөө.  Манай нөхдүүдэд их таалагдаж байна. Discovery TV багийханд очсон газар их таалагдсан байна. Энд зураг авахаар монгол орны байгаль газарзүйг тийм ч сайн төлөөлж чадахгүй болов уу гэж би дотроо бодоостой. Өөр газрыг санал болгов. Тэрэлж буудлын зүг бид эргэн буцлаа. Болсон үйл явцыг алдарт Les Stroud-д ярьж өглөө. Зоог барих үед Les Stroud бас л бусдаас онцгойроод л байх. Хамгийн үнэтэй дарс зооглох жишээтэй. За тэр чяахав. Миний толгойд монгол орноо хэрхэн сурталчлах тухай бодол өдөр шөнөгүй бодогдоостой.


Дараа өдөр Өвөр Горхит явлаа. Миний хувьд монгол орны байгалийн бүс бүслүүр онцлог шинжийг төлөөлөх Улаанбаатарт хамгийн ойрхон газар гэж төлөвлөсөн. Болж өгвөл зураг авалтыг энд л хийлгэх санаатай. Энэ өдөр монгол орны газарзүйн онцлог цөл, говь,  тал хээр, ойт хээр, тайга, таг гээд байгалийн босоо бүслүүрийн тухай ярьж өглөө. Цаад утга нь Өвөр Горхитод зураг авалтыг хийлгэх санаатай. Учир нь энднүүдэлчдийг төлөөлөх монгол гэр, нүүдэлчин зон олон, Туул голын хөндий, тал, ойт хээр, ойн бүсийн дүр зургийг авах тохиромжтой газар. Discovery TV баг миний яриаг хүлээцтэй сонсон зураг авах асуудлыг хэлэлцэн тохирч буй бололтой. Удалгүйзочид буудалруу буцлаа.Магааш өглөө эрт алдарт Les Stroud Өвөр Горхит хамт явлаа. Les надтай тэр өдөр их дотно яриа өрнүүлэн Монгол оронд хэрхэн байгалийн өвс ургамаар хооллох, амьтан агнаж амьд гарах тухай ярилцав. Нөгөө их зантай хэмээн бодож байсан нөхөрт миний яриа таалагдсан бололтой. Бид нэлээд хэдэн цаг уул, голын хөндий, ойд хамт явлаа. Хамт явах тусам улам л найз болоод байх шиг. За тэгээд Тэрэлж буудалруу буцлаа даа.

Оройн зоогонд манай нөхөр гарын билэг өгч байна. Бид бас монгол үндэсний хэт хутгаа бэлэглэв. Учир нь хэт хутгаар хэрхэн гал гаргахыг зааж өгсөн. Юм сурахдаа их шаггүй нөхөр байна лээ.Мөн огтоно урхидах,загасыг байгалийн мод ургамал ашиглан барих аргазааж өглөө. Тэр их олзуурхан сурсан.Түүнээс хойш дэлхийн алдарт Les Stroud –тай их сайхан найз болсон доо. Бидний зорисон ажил амжилттай болсон. Удахгүй Discovery TV – нэвтрүүлэг нь гарах байхаа. Дэлхийд Монгол улсаа сурталчилах үйл хэрэг маань дуусаагүй цаашид бид ихийг хийж аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулна. Les Stroud- ийг Хятад улс ирж нэвтрүүлэг хий гээд очоогүй гэж байсан. Харин бидний урилгыг их таатай хүлээн авч ирсэн шүү. Les Stroud- д ажлын амжилт хүсье. Хамтран ажиллахад таатай байсан. Монгол орны аялал жуулчлал цэцэглэн хөгжих болтугай.


еmail:munkhbayar@ider.edu.mn 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(66.181.188.37) 2016 оны 12 сарын 08

юм үзсэн хүн шиг байлдаа

0  |  0
ШИНЭ ОН(103.57.94.10) 2016 оны 12 сарын 08

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top