Соосогноосоо гараад сархад руу тэмүүлэх хүүхдүүд

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 09

Амнаас уур савссан өвлийн хүйтэн үдэш. Захын дүүрэг анир чимээгүй байхад хотын төвд амьдрал эхэлж байна. Найз нөхөдтэйгөө наргихаар цэнгээний газрыг зүглэсэн залуус ганц хоёроороо ичээнээсээ гарах мэт цувсаар... Нэг, хоёроороо баарнаас гарах охид, залуус “хамтлагынхнаа” муриж байгаа бололтой, ихэд сандран хоёр тийшээ харна. Тийнхүү бултах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж буй тэднийг отож зогссон таксиныхан гэрэл дохин дөхсөөр суулгаад одох аж. Харин халамцуу үлдсэн хэд нь хаана очиж үргэлжлүүлэхээ тохирно. Тэдний олонх нь анги хамт олноороо яваа арван жилийн сурагчид. Ийм үзэгдэл хаа сайгүй л байна. Тэгээд л “Монгол Улс сархдад живлээ. Аавууд нь архины төлөө болчихож. Аавын араас шаналсандаа ээж ч бас архиар элгээ дэвтээж, түүний араас хүүхдүүд чимээгүй бэдэрсээр..” хэмээн ярих.

Нийслэлийн хаа нэгтээ, зөвхөн нийслэлд ч гэлтгүй Монгол орны хаа нэгтээ та ажиллаж, амарч, амьдарч явахдаа дасал болсон нэгэн зүйлийг харсан болов уу. “Тасартлаа” уусан өвөө, эмээ, аав, ээж, ах эгч, магадгүй балчир хүү, охин.

Саяхан урьдын адил ажил руугаа зүглэх замдаа эмгэнэлтэй нэгэн зүйлтэй нүүр тулав. Зам дагуу байрлах шөнийн цэнгээний газраас гаргаад хаясан архи пивоны овоорсон их шилийг халтартсан хувцастай арваад жаал уутлаад сууж байна. Тэд шилийг торлохдоо зүгээр ч аваад хийсэнгүй шил бүрийг сэгсэрч үзнэ. Сэгсэрсэн шилэнд ямар нэгэн шингэн зүйл полхийж сонсогдвол асгахын оронд харин ч ихэд баяртайгаар хөнтрөх юм. Ойролцоогоор тэдний хамгийн том нь 14 хүрсэн үү, үгүй юу. Магадгүй түүнээс ч бага байж болох. Бас болоогүй энд тэнд цөөн цөөнөөр нь торлож хаясан шилүүдийг торноос нь гаргах нэгэн дээрээ яаран гүйж ирнэ. Хэрэв нэгнийхэн гаргаж ирсэн шил нь архиных байвал бөмбөг дамжуулж байгаа мэт бие биерүүгээ  шиднэ. Угаас бааранд үйлчлүүлсэн мөнгө ихтэй шоучид архийг ёроолд нь тултал ууна гэж үгүй. Тиймээс доозлогчтой шилний доозлогчийг нь чулуугаар хагалж байгаад хэлээ оруулаад долоох шахам байж сархдад шунах балчир хүүхдүүдийг хараад энэ Монгол яана даа хэмээн сэтгэл өмрөн тавгүйтнэ. Хүн доройтно доройтно гэхэд хог түүж идэхдээ тулах нь аймшигтай хэрэг. Гэтэл түүнээс аймаар нь 8-14 насны хэдэн хөвгүүн хог ухаж архи ууж байна!


Тэд бидний ярьдаг гудамжны тэнэмэл хүүхдүүд байж болно. Гэвч гэр оронгүй, хараа хяналтгүй хүүхэд гээд өсвөр наснаасаа архи ууж, Нарантуулын үүд орчим, вокзал, Сансарын тунель гээд бүхэл бүтэн архичдын хороолол болсон энэ газруудаар нохойноос дор амьдрах тэдгээрийн тоог нэмэх ёстой гэж үү. Гудамжны тэнэмэл хүүхдүүд архинд хөлчүүрхсэн байхыг харсан анхны тохиолдол минь энэ биш юм. Өнгөрсөн зун Арслантай гүүрний орчимд энэ насны зургаан хөвгүүн архинд согтуурсандаа Сэлбийн усанд яг л үнсэнд хөрвөөх морьд шиг үйлдэл хийж байсныг тодхон санаж байна. Архи аль хэдийнэ залуу үеийг заналхийлээд эхэлчихэж. Тэдэнд тавих бидний анхаарал ч суларчихаж.

Дээхнэ үед архи уусан томчууд хүртэл ах, эгч, ахмад настнаасаа айдаг байсан гэлцдэг. Гэтэл өнөөгийн нийгэмд ахмадууд нь алдрай балчируудаасаа айх шиг. 

Дээхнэ үед архи уусан томчууд хүртэл ах, эгч, ахмад настнаасаа айдаг байсан гэлцдэг. Гэтэл өнөөгийн нийгэмд ахмадууд нь алдрай балчируудаасаа айх шиг. Хэдхэн жилийн өмнө болсон нэгэн хэргийг эргэн сануулая. Тодруулбал, долоон настай хүү архи ууж үзэх хүсэлдээ автан насанд хүрээгүй ах нартайгаа мөнгө нийлүүлэн дэлгүүрээс архи худалдаж аваад ууж байв. Тэднийг Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр “Амгалан цогцолбор” сургуулийн хашаанд архидаж байхад нь нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар очжээ. Өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсон дөрвөн хүүгийн нэг болох С хүү толгойгоо бариад л хамар, амнаас нь цус гоожчихсон “Би үхлээ. Цус гоожоод байна. Дөлгөөн ах аа та намайг яаж байгаа юм бэ” гээд л уйлаад байсан гэх. Түүнтэй хамт байсан 14 настай Д, есөн настай Б, Г нар ч хөл дээрээ тогтож чадахгүй бие биеэ гулдчиж, унаж, босч байсан аж. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар тэднийг авч явах гэтэл “халамцсан” жаалууд “Та нар биднийг бариад байх даа яадаг юм бэ. Би хурандаа хүний хүүхэд шүү. Томроод байвал ажилгүй болгоно гэхчлэн цагдаа нарын өмнөөс пээдэлзэхийг үзүүлж өгсөн гэж байгаа.

Үүнээс өмнө архинаас үүдэлтэй амь насаа алдсан бас нэгэн хэрэг гарсныг хүн бүхэн мартаагүй байх. Эргэн сануулбал, гурван жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд есөн настай Б архинд хөлчүүрхсэн эцэг эхийнхээ захиалгаар 1500 төгрөгийн архи худалдан аваад харих замд нь 13 настай Н түүний архийг булааж аваад Чингэлтэй ууланд гараад тасартлаа уучихаад пянг нь даалгүй өвлийн шөнө хөлдөөд үхсэн эмгэнэлт явдал.

Энэ мэт архидалт залуужиж, ирээдүй хойч үе ганхаж байгааг нотлох олон жишээ сонсогдох боллоо.

Үүнийг талхны үнэ хэд байдгийг мэддэггүй хэрнээ хууль баталдаг 76, тансаг хороололд амьдарч хөл газар тавилгүй хувийн унаанд сууж амьдрах дээдсүүд мэдээж олж харахгүй. Харин агаар муутай, өмхий үнэртэй нийтийн тээврээр үйлчлүүлж, хар захаас хүнсээ татдаг мань мэт нь андахгүй сайн мэднэ.

Архидалт Монголыг сүйрүүлж байгааг улс төрөөс тольдоод харчихсан хүн манай Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос эхлээд цөөн хэдээр төгсгөл болно. Түүний хэлсэн архи биш сүү өргөе гэсэн уриа сүйдтэй үр дүн өгөөгүй ч гэсэн олон хүний имижийг бүрдүүлж чадсан. Яахав зарим нэг нь архигүй Монголын төлөө хэмээн нэг гартаа сүү барьсан ч ширээн доогуур, нөгөө гартаа хундагатай архиа бариад буруу харж байгаад архиа сүүгээр даруулж уух хошин дүр зургийг бүтээгээд л...

Манай орны хувьд архинд хөлөө алдах оргил үе нь 1989 оноос эхэлсэн. Энэ үеэс архичдын нас хязгааргүй болсон гэх. Хэдхэн жилийн өмнө архичдын хамгийн идэвхтэй нас 40 байсан. Гэтэл өнөөдөр хүүхдүүд архи руу хошуурч эхлээд байна. Өнөөдөр арван жилийн хүүхдүүд эрүүлжүүлэх байранд хонох нь юу ч биш болжээ. Хоёр жилд ойролцоогоор 257 сурагч эрүүлжүүлэгдсэн гэх аймшигтай тоог ч албаныхан дуулгаад амжлаа.

Архидалт Монголчуудын үр удмыг сүйтгэх дээрээ тулсныг бас нэгэн судалгааны дүн харуулж байна. 6-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Архийг ямар нэг хэмжээгээр ууж үзсэн үү” гэсэн асуултад хариулт авчээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 45 хувь нь их, бага хэмжээгээр ууж үзсэнээ хүлээсэн байна.

Үүнээс харахад Монголын нийгэмд архины бүхэл бүтэн арми хүмүүжиж байна. Өсвөр насныхан яагаад архинд донтоод байна вэ. Үүнийг мэргэжлийн байгууллагууд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байхгүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Үнэндээ гарын таван хуруунд л багтах хэдэн кино театраас өөр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй байгаатай санал нийлэх хүн олон байгаа байх. Харин тэдэнд зориулагдан хэдэн зуугаараа үүдээ нээсэн газар бол нүхтэй болгонд үүрлэсэн шөнийн цэнгээний газрууд. Ийм л орчин ирээдүй хойч үеийнхнийг баллаж байна. Дээрээс нь Монголын баярын олныг хэлэх үү. Хамгийн гол нь архины үйлдвэрүүд жилээс жилд нэмэгдэж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр, гурав дахин өссөн. Цагийн сайханд 320 төгрөгөөр худалдан авдаг байсан "Атар" талх өнөөдөр 1200 болж өсөөд байхад Монголыг хог шороо, нус нулимстай нь хутгаж буй архины үнэ л хэвээр.

Хүүхдүүд нь угжнаасаа гараад архинд дурласан өнөөгийн энэ нийгмийг залруулж өгөөч эрхэм түшээд минь. Өдөр бүр биш юм аа гэхэд баасан гараг бүр ганц лонх хөмрөх залуу үеийнхэн чинь ганц лонхонд хөмрүүлчих вий дээ...

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
0000(103.10.23.105) 2016 оны 12 сарын 11

АРХИ ЗАРДАГ ДЭЛГҮҮРЭЭ ЦӨӨЛ

0  |  0
mandah(27.123.214.106) 2016 оны 12 сарын 09

ene bol aimshig

0  |  0
sanserbod(202.179.2.118) 2016 оны 12 сарын 09

IRAN ulsiin TURSHLAGAAR TASHUURDAH HEREGTEI HUN BOL heg TORLIIN AMiTAN ALI BOLOH BAGA DEER N TASHUURIIN AMT AMTLUULAH HEREGTEI OVOG DEEDES SURAN TASHUURIIN DOOR HUMUUJSEN BOLOHOOR AIH ICHIH BULCHIRHAIN AJILLADAG BAISIIM

0  |  0
zochin(178.72.71.246) 2016 оны 12 сарын 09

arhi zardag ene olon ambaar savand bgaa delguuruudee haagaach ee.bolomjin amidraltai delguur ajilluulj bgaa humuus ter nairka gedeg horig chin yamarch hyanaltgui zarj bna shuu.5 alhaad larhi zardag delguur.bna

0  |  0
Үнэн(103.57.94.118) 2016 оны 12 сарын 09

АПУ-ийн Батхүү, Батсайхан нар ингэж л хүмүүсийн зовлонгоор ашиг олж баяжиж байгаа хүмүүс. Ийм архи үйлдвэрлэгчидтэй тэмцэж дийлэхгүй бол архидалт буурахгүй шүү дээ.

0  |  0
zochin(202.131.243.190) 2016 оны 12 сарын 09

Huuhduud arhi uuj bgaa ni emgeneltei ch uunii tsaana arhi uildverlegchid arhinii unee nemeh dald sanaa aguulj bna sh de. Ondor unetei arhiig hen avch uuh ve gej bgaa ch, shagiin arhi tsetsegleh nohtsliig burduulj bna.

0  |  0
Зочин(202.126.89.215) 2016 оны 12 сарын 09

сургуулийн багш нар оройн цагаар сургууль дээрээ нил архи. 48-р сургуулийн багш нар баасан ахын өдрийг алгасалгүй сургууль дээрээ тэмдэглэгдэг. хүүхдүүд энэ тухай ярилцдаг гэсэнг

0  |  0
Top