Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэдний эрүүл мэнд, ариун цэвэр, хоол хүнс, хүмүүжил төлөвшлийн асуудал хүндрээд байгаа юм. Тиймээс хүйтний улиралд хараа хяналтгүй хүүхдүүдийг осгох, гэмт хэрэгт холбогдох эрсдлээс сэргийлж, хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан билээ. Хараа хяналтгүй хүүдүүдийн талаар авах арга хэмжээний тухай уг захирамжийн дагуу энэ сарын 8, 9-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, асрамж халамжийн төвүүд болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар хамтран 2 өдрийн турш ажиллав. Энэ хугацаанд нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай нь гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өглөө. Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс 9-ийг нь асрамж, халамжийн төвд, 18 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт шилжүүлэн өглөө.НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа “Ирж байгаа хүүхдүүдийг харахад 4 хүүхэд тутмын нэг нь байнгын хараа хяналтгүй явдаг буюу 2-8 жил хараа хяналтгүй явсан хүүхдүүд байна. Насны хувьд 8-18 насны, 80 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байна. Гэр бүлийн байдлын хувьд авч үзэхэд 100 хувь хамтарч амьдарчдаг хэн нэгнийхээ зүгээс хүчирхийлэл, дарамтанд өртдөг, байнгын түгшүүр дунд амьдардаг байгаа юм. Үүнээс болоод хамгийн тайван байх орчныг сонгож, гэрээсээ дайждаг гэсэн үг.” гэлээ.УБХЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Золжаргал “Нийслэлийн Засаг даргын 12 дугаар сарын 2-ны өдрийн А/847 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас эдгээр өдрүүдэд хүүхэд илрүүлэлтийн чиглэлээр 17 хэлтсийн 20 автомаштинтай 120 гаруй алба хаагч ажиллалаа. Бид ихэвчлэн РС тоглоомын газар, байрны орц хонгил, худалдаа үйлчилгээний төв, захуудаар явж, илрүүлэлт хийсэн” гэв.
Илрүүлсэн хүүхдүүдэд юун түрүүнд ариун цэврийн үйлчилгээ үзүүлж, усанд оруулж, дулаан хувцасаар хангасан байна. Үүний дараа дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийлээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон арьсны өвчлөл их байсныг эмч нар хэлсэн. Баянзүрх эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн клиникийн эмч Д.Одончимэг хэлэхдээ “Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг авч үзвэл ихэнх хүүхдүүд гэрээсээ дайжсан, компьютерын хамааралтай буюу дэлгэцийн донтолттой болсон байна. Мөн арьсны өвчин 7 хувьтай, бөөрний өвчин 5 хувьтай, амьсгалын замын өвчлөл 3 хувьтай байна”. гэсэн юм. Цаашид хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ зайлшгүй шаардлагатайг мөн хэллээ.Гэрт нь буцаах боломжгүй буюу бүтэн өнчин, эцэг эх нь авахаас татгалзсан, 2-оос дээш жилээр хараа хяналтгүй явсан, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэлтэй 18 хүүхдийг тусгай цогцолборт байрлуулсан байна. НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын ахлах нийгмийн ажилтан Н.Цэрэндаваа “Манай цогцолборт ирсэн хүүхдүүдийг 1 сараас 1 жилийн хугацаанд нийгэмшүүлэн төлөвшүүлэх ажлыг зохион байгуулна. Гэр бүлийн асаргаа үйлчилгээний сургалт, мужаан, барилгын өргөн мэргэжлийн сургалт болон биеийн тамир, спорт, хөгжмийн сургалтанд хамруулна. Бичиг үсэг тайлагдаагүй, сургууль завсардсан хүүхдүүдэд зориулж албан бус сургалт яваалдаг” хэмээлээ.Илрүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь РС тоглоомын газар хоноглодог байсан байна. Тиймээс хүүхдүүдийг хараа хяналтгүй явах нөхцлийг бүрдүүлж байгаа РС тоглоомын газруудыг цэгцлэх шаардлага байгаа юм. Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Хүүхдүүдийн ярианаас харж байхад хараа хяналтгүй хүүхдүүд өдрийн цагаар сүм хийдээр явж хооллоод орой нь РС тоглоомын газраар хонодог гэж байна. Тэгэхээр цаашид бид РС тоглоомын газруудад шалгалт хийж, ажиллах цагийн хуваарь зэрэгт онцгой анхаарч ажиллах шаардлага байна гэж үзлээ” гэсэн юм. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн “Бид энэхүү арга хэмжээг ингээд орхигдуулахгүй. Цааш нь үргэлжүүлж, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт үүрэг чиглэл өгч ажиллана.” гэлээ.Хүүхэдтэйгээ харгис хэрцгий харьцдаг, гэрээсээ дайжиж тэнэхэд хүргэсэн эцэг эхчүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Мөн гадуур хараа хяналтгүй явж байгаа хүүхдийн талаар мэдээлэх нь иргэн таны үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалах ажил цаашид ч үргэлжлэхийг хэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )